Хайх

Парисын 2026/27 намар-өвлийн эрэгтэй хувцас загварын долоо хоног

Парисын 2026/27 намар-өвлийн эрэгтэй хувцас загварын долоо хоног

Дэлхийн брэндүүд болох Hermes, Yohji Yamamoto, Jacquemus, Louis Vuitton болон Rick Owens

Text: Ж.Булган


HERMES

Hermes брэндийн эрэгтэй загварыг хариуцан ажиллаж буй Вероник Нишаньян сүүлийн загваруудаа танилцууллаа. 37 жилийн турш тус албыг хашсан тэрээр Карл Лагерфельдийн Fendi-д ажилласан он жилүүдийг хүртэл давжээ. Бүтээлч бүсгүй энэ удаад Hermes брэндэд ажиллах хугацаандаа хийж бүтээсэн бүтээлүүдээ дахин сэргээсэн гэж хэлж болно. Эцэстээ түүний загваруудаас эрэгтэй хувцасны бараг бүх загварыг харж болохуйц байлаа. 1965 оноос эрэгтэй загварт орж ирсэн бариу суулттай брюк, нисгэгч хүрэм, комбинезон гээд олон олон баялаг загваруудыг танилцууллаа. Хамгийн чухал нь тус брэндийн бусдаас ялгардаг зүйл бол хамгийн чанартай арьсан материалын сонголт байдаг билээ. Нэхий доторлогоо, арьс шир, савхи, хамгийн анхаарал татсан загвар болох бараг толь мэт өнгөлсөн матрын арьсан цувыг загвартаа мөн шингээжээ.


YOHJI YAMAMOTO

Хувцас эсгүүрээр Ёожи үргэлж шинийг сэддэг нэгэн бөгөөд тренд загварын эсрэг байр сууриа зогсолтгүй илэрхийлж, голдуу хар өнгийг барьж авдаг тэрээр энэ удаад дайны үеийн цэргийн хувцаснуудаас санаа авсан гэлтэй. Элэгдэж ноорсон мэт харагдах хүрэм, дулаан байхын тулд давхар давхар хувцас өмссөн мэт харагдах эрчүүдийг ажвал хүйтэн дайны дараах гашуун түүхийг эргэн нэг сануулсан мэт. Магадгүй тэрээр бүтээлээрээ энх тайвны төлөө хашхирсан нь энэ байлаа. Камуфляж буюу цэргийн хувцсанд зориулан ашиглагддаг хээ нь тухайн хүнийг байгалийн орчинтой нь ижилсүүлж дайсандаа хараа зүйн сарнил үүсгэх үндсэн үүрэгтэй байдаг. Харин Ёожи өөдөс даавууг хооронд нь залгаж камуфляж хээг танилцуулсан нь онцлог болж, загваруудаараа дайны эсрэг зогслоо.


JACQUEMUS

“Le Palmier” нэртэй тус цуглуулга эрэгтэй эмэгтэй загваруудыг тэнцүү танилцуулсан ба хоржоонтой, хэтрүүлэгтэй загваруудынхаа санааг гаргахдаа бүтээлч багынхан өнгөрсөн рүү аялжээ. 1980 оны хэтрүүлэгтэй загварууд, ретро хэв маяг дээр нэмдэг нь баримал мэт харагдах биед төдийлөн бүрэн суухааргүй хүүхдийн тоглоом мэт харандаа даашинз зэрэг багтсан нь тус брэнд загваруудаараа хэрхэн егөөдөж чаддагийн илрэл буй за. Пикассогийн музейд загвар өмсөгч нар яг л нэгэн үдэшлэгт хүрэлцэн ирж байгаа мэтээр алхах ба загвар болгон ямарваа нэг хэтрүүлэгтэй байх нь сонирхол татна. Саймон Порт Жакмус загваруудаа дүгнэж "Би зүгээр л хөгжилтэй зүйл хийе гэж бодсон" хэмээжээ.


LOUIS VUITTON

Хувцас загварт хамгийн болгоомжтой тоглогч гэвэл магад Фаррелл Уильямс биз ээ. Louis Vuitton-ийн ерөнхий дизайнер тэрээр ирэх оны өвлийн загваруудаа үл ялиг дэнди атлаа өнөө цагийн эрчүүдийн тансаглал хувцсаар яаж илэрхийлэгдэх ёстой вэ гэдгийг тэр харуулахыг зорьсон гэлтэй. Тус брэнд энэ удаад олон тооны загварыг танилцуулж баялаг сонголтуудыг эрчүүдэд харуулав. Жаккард хээтэй даавуу, LV шошготой арьсан материал, эрэгтэй загваруудад түлхүү ажиглагдах болсон сул өмд, Арманигийн хувцас загварт шинэчлэл хийсэн мөрний хатуулаггүй биед эвтэйхэн пиджакны загварууд ч мөн тус брэнд өөрсдийнхөөрөө үлгэрлэлээ.


RICK OWENS

Аль ч групп компанид харьяалагддаггүй брэнд болох Rick Owens энэ удаад бас л гайхалтай “underground” загваруудаа танилцууллаа. Өрнө дорнын хувцас урлагийг зоригтой хослуулж ирээдүйг зөгнөсөн, тэр ч бүү хэл зарим загварын салбарын мэргэжилтнүүд түүнийг хар гарагийнханд зориулж хувцас хийдэг хэмээн ярьдаг. Тус цуглуулгаараа Рик макрамэ толгойн гоёл, зузаан савхин материал, эсгий зэргийг ашигласан ч биед огт саад учруулахгүй бүтээгдсэнээрээ онцлог байв. Түүний загваруудад хүйсийн зааг гэж байдаггүй. Хүрэм, гадуур хувцаснууд нь сул уналттай, тодорхой эсгүүрийн дүрэмд захирагдаагүй мэт харагдах ч яг энэ “дүрэмгүй байдал” нь Рикийн гарын үсэг болдог. Биеийн хэлбэрийг тодруулах бус, харин оршихуйг тодотгох нь түүний загварын гол зорилго мэт.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх