Хайх

Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр

Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр

Домогт даашинз урлаач Валентиног эргэн дурсахуй

Text: Ж.Булган


Валентино Гаравани 2007 онд өөрийн сүүлчийн загвараа танилцуулсан билээ. Хувцас загварт багагүй шуугиан дэгдэж, Валентиног цаашид юу хийх талаар ёстой бурхан л мэдэх байх гэцгээж байв. Гэвч тэрээр загварын салбараас огт холдоогүй ба үргэлж энэхүү салбартаа дурлаж, хувцас загварын түүхийг бичилцсэн домог болсон эрхэм билээ. Харин яаж яваад тэрээр энэ салбарт орсныг судалбал Валентино бүр багаасаа л хувцас загварт дурлаж эхэлсэн гэдэг. “Ээж намайг үргэлж хачин зүйлс толгойдоо ургуулдаг, сонин мөрөөдлүүдтэй” хэмээн ёжилдог байсан гэж дурсжээ. Түүний энэ хачин олон мөрөөдлийг бодит байдал руу аваачсан хүн бол авга эгч Роза нь байв. Тухайн үед хотынхоо хувцас урлалын газарт оёдолчин хийдэг байсан Роза бяцхан хүү Валентинод хувцас тэр дундаа даашинзны гайхамшгийг анх мэдрүүлсэн нь хувь тавилангийн зураг байсан уу гэлтэй. Тэр үеэс жаал хүү эргэлт буцалтгүй даашинзны гоо сайханд автжээ. Түүний эцэг эх хүүгийнхээ мөрөөдөл зорилгыг хүндэлж ердөө 17 настай байхад нь Парис руу урлагийн сургуульд эрдэм сургахаар явуулжээ. Нэг талаараа 17 настай хүүхдээ гэрээсээ хол Парис руу явуулах энэ алхам нь ямар ч эцэг эхийн хувьд үл ялиг зоригтой шийдвэр байсан биз. Учир нь Европ тэр дундаа итали гэр бүлийн соёлд эрэгтэй хүүхэд насанд хүрч эхнэртэй болсон ч ээжтэйгээ хамт амьдарсаар байх дотно уламжлал бий. Гэсэн ч Валентино насанд хүрээгүй байхдаа аавын гэрийг орхиж, өөрийн мөрөөдлөө дагаснаар түүний амжилтын замнал эхэлсэн. Парист тэрээр Жан Дессе хувцас урлаачийн туслахаар ажилласан нь түүнд хамгийн том туршлага болсон бөгөөд Жан Дессегийн хамгийн нимгэн материалаар даашинз урлах арга барилыг дагалдан сурчээ.

Валентино харин Францаас төрөлх Итали руугаа буцахдаа яагаад Милан хотыг сонгоогүй нь гайхалтай. Жиоржио Армани Миланаас амжилтын гараагаа эхлүүлж, Маурицио Гуччи ч Флоренцоос Милан руу өртөөчилсөн. Гэвч Валентино Ром хотыг сонгосон юм. Магад тэр үед Италийн кино урлаг Ром хотод хөгжиж байсантай холбоотой болов уу. La Dolce Vita гэдэг үг угтаа Ром хотынхны хэлц үг бөгөөд Ром хот хар цагаан киногоороо алдаршиж байсан үеийг дурдахгүй байж үл болно. Үүнтэй зэрэгцэн 1959 онд өөрийн загварын ордныг нээсэн тэр цагаас Валентино Италийн хувцас загварт хүчтэй байр суурь эзэлж эхэлсэн юм.

Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 1)
Valentino Garavani, Rome 1959

Хожмоо маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Элизабет Тайлор, Диана гүнжийг хувцасласан хэмээн тодотгон бичсэн ч түүний амжилтын эхлэл бол La Notte киноний гол дүрийн бүсгүй Моника Виттигийн өмссөн цулгуй хар даашинз байлаа, тэр цаг мөчөөс л түүний загварын ордон эхний захиалгуудаа авч эхэлсэн гэж хэлж болно. Түүний даашинз урлах хүсэл зоригийг эцэг эх нь дэмжиж байсан гэдэг хөдлөшгүй үнэн бөгөөд Валентиногийн авьяас билэгт итгэж өөрийн сургуулиа хаяж хувцас загварын салбарт түүнтэй хамт хүч үзхээр шийдсэн эрхэм бол Жанкарло Жаметти. Тэдний нөхөрлөл, хувийн харилцаа олон жил үргэлжилсэн ба Валентиногийн гаргасан амжилт Жанкарлотой салшгүй холбоотой билээ.

Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 2)
Valentino Garavani at Fairchild offices in New York City on August 30, 1962.

УЛААН ӨНГӨ ТҮҮНИЙ АЗЫН ӨНГӨ


1959 оноос эхлэн түүний нэрийн хуудас болсон улаан өнгийн үдшийн даашинз онцгой байр суурь эзэлж эхэлсэн. Улаан өнгө нь түүний бараг бүх улирлын цуглуулгад танилцуулагддаг байв. Загварын замналынхаа эхэн үед итали эрхэм Барселон хотод “Кармен” дууриас улаан даашинзтай бүсгүйчүүдийг тогтон харсан нь түүнд урам өгчээ. Тэр мөчид Валентино час улаан өнгө олны дундаас хүнийг хэрхэн тодруулж, онцгойруулж буйд гүнээ биширсэн гэдэг. Үүнээс хойш тэрээр “Улаан бол миний азын өнгө” хэмээн өөртөө хэлсэн тухайгаа дурссан байдаг. Харин хожим нь улаан өнгө бол “Валентино брэндийн бэлгэ тэмдэг” болсон юм.

Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 3)
A scene from Valentino: The Last Emperor, a documentary directed by Matt Tyrnauer
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 4)
Valentino, fall 1992 couture
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 5)
Valentino, fall 1992 ready-to-wear
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 6)
Valentino, spring 1998 ready-to-wear
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 7)
Valentino, fall 1996 couture
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 8)
Valentino, fall 1991 ready-to-wear
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 9)
Valentino, fall 1992 couture
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 10)
Women Under the Stars show in Rome, fall 1996
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 11)
Valentino, spring 1996 ready-to-wear

ЦАГААН ӨНГӨӨР АЛДАРШСАН НЬ 


1968 онд Валентино бүхэлдээ цагаан өнгөөр дагнасан домогт цуглуулгаа танилцуулсан нь загварын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. V хэмээх түүний нэрний эхний үсэг дан ганц шошго маягаар хувцасны дотор хадагдах бус тэрээр V хэлбэртэй дүрслэлийг хувцаснууддаа шингээсэн нь тухайн үед шуугиан тарьжээ. Тэр үеийн хувцас загвар нэгэн талаараа чөлөөт хувцаслалт руу хэлбийж байсан үе. Хүүхнүүдийн хувцаслалт илүү өдөр тутмын, биед амар байхыг чухалчилж, америк эмэгтэйчүүдийн дунд гэхэд л жийнсний хэрэглээ нэмэгдэж байсан бол, Францад Ив Сен Лоран өөрийн этник хэв маягтай Африк үндэстний хувцаснаас санаа авсан цуглуулгаа танилцуулж, эмэгтэйчүүдэд эрэгтэй хүрмийг өөрийнхөөрөө загварчилсан галзуу алхмуудаа хийж байв. Харин 1968 онд Ром хотод Валентино өөр зүйлийг бүтээсэн нь энэ байлаа. Сүүн цагаан өнгийн материал, дэндүү гэмээр эмэгтэйлэг хувцаслалтууд нь тухайн үеийн бүсгүйчүүдэд чи бол эмэгтэй хүн гэж хэлэх дохио болсон гэлтэй. Ажиглавал Валентино хүйс харгалзахгүй өмсдөг хувцаслалтын эсрэг зогсдог байсан гэж дүгнэж болно. Эмэгтэй хүн гагцхүү даашинз л өмсөх ёстой гэж тэрээр хатуу боддог байсан ч байж болох. Хэд хэдэн эх сурвалжаас үзэхэд тэрээр эмэгтэй хүн гагцхүү даашинзаар гоёх ёстой хэмээн удаа дараа дурдсан байдаг билээ.

Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 12)
Vogue USA 1968
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 13)
Valentino ‘White Collection’ 1968
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 14)
Valentino’s 1968 ‘White Collection’ 
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 15)
Couture. Spring/Summer 1969. Ample white organdy tunic embellished with five volants. Audrey Hepburn.

АЛДАРТНУУДЫГ ХУВЦАСЛАСАН НЬ


Жэки Кеннеди Валентиног гүнээ биширч өөрийн биеэр танилцахыг илүүд үзсэн гэдэг. Эхлээд талийгаач нөхрийнхөө хойноос гашуудлаа илэрхийлэх бүтэн нэг жилийн хугацаанд өмсөх хар цагаан хувцасны иж бүрдлийг захиалсан бол дараачаар нь саятан Аристотель Онассистай хийх хуримынхаа цагаан даашинзыг ч мөн Валентиногоор урлуулжээ. Valentino брэндийн байнгын үйлчлүүлэгчдийн тоонд тухайн үеийн хамгийн баян, нөлөө бүхий хатагтай нар нэмэгдэж, тэдний дунд Британийн гүнж Маргарет онцгой байр суурийг эзэлж байв. Үүнээс гадна дэлхийн хэмжээний одууд брэндийг алдаршуулж, Валентино Гараванийг тухайн цаг үеийн Италийн хамгийн нэр хүндтэй дизайнер болгосон юм. АНУ-ын Vogue сэтгүүлийн эрхлэгч Диана Врийланд Валентиног гүнээ биширдэг байсан ба бүх цаг үеийн хамгийн шилдэг зураг авалтуудыг түүний урласан даашинзаар амилуулж байсан нь тус сэтгүүлийн архивын сор зураг авалтуудын тоонд зүй ёсоор багтдаг билээ.

Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 16)
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 17)
Princess Diana in 1992
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 18)
Sharon Stone in 1995
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 19)
Jacqueline Kennedy wearing a Valentino suit
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 20)
Jackie Onassis in 1979
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 21)
Kate Winslet in 2007
Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 22)
Jennifer Garner in 2007 

1998 БОЛОН 2007 ОН


Өөрийн босгосон вант улсыг 1998 онд 300 сая ам.доллароор худалдах тухай гэрээнд гарын үсэг зурахдаа тэрээр айж түгшсэн байсан хэмээн ойр дотных нь ярьсан байдаг. Үүний дараачаар тус брэндийг олон групп компаниуд хоорондоо гэрээ хийн худалдаж байсан ч Валентино 2007 он хүртэл өрөөл бусдын эзэмшилд буй брэндийнхээ бүтээлч захирлаар ажилласан билээ. 2007 онд тэрээр сүүлийн загваруудаа танилцуулахад, хэвлэлүүдээр түүнийг загварын тайзаа орхих болсон тухай цуурхал гарсан юм. Компани эзэмшигчдийн зүгээс ч Мария Грация Кьюри болон Пьерпаоло Пиччоли нарыг эхлээд гоёл чимэглэл хариуцсан бүтээлч захирлаар томилсон тухайгаа мэдэгдэж байлаа. Валентино сүүлийн загварууддаа урьдын адил нэрийн хуудас болсон улаан өнгийн даашинзуудыг танилцуулсан нь эцэстээ бодоход тэрээр орчин цагийн тренд хувцаслалтаас татгалзаж даашинз хэмээх өөрийн мөнхийн сэдэв дээрээ бат зогсож байсан мэт. 2008 он гэхэд дэлхийн хувцас загвар Валентиногийн мэдлээс хэтэрч хөгжсөн мэт түүнд санагдсан ч байж болох. Үүгээр даашинз урлалын хаан тайзнаас бууна хэмээн зарлахдаа “Яг одоо би хувцас загварыг орхих хамгийн зөв үе” хэмээн хэлсэн билээ. Гэвч түүний дотор даашинз хэмээх агуу сэдэв оршсоор байсан нь гарцаагүй.

Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 23)
Valentino Garavani's 90th birthday at the historic Teatro Sociale in Voghera, Italy.

2026 оны нэгдүгээр сарын 19-нд Валентино Гаравани таалал төгсөж, загварын салбарт маш том гарз тохиосныг гэрчилж түүний дурсгалыг хүндэтгэн, загварын хамгийн нөлөө бүхий хүмүүс гашуудаж буйгаа зарласан юм. Энэхүү нийтлэлээ бичиж дуусгахдаа сэтгүүлч би өөрийгөө азтай хүн гэдгээ ойлгож бүр цаашлаад   загварт хайртай хүн та өөрийгөө ч бас азтай нэгэн хэмээн бодох нь зүйтэй. Бидний амьдарч буй энэ эринд хүнд хэцүү зүйл олон бий ч, бид загварын домогт эрхмүүдтэй нэгэн цаг үед хамт амьдарсан гэрч нар билээ. Карл Лагерфельд, Жиоржио Армани, Ив Сен Лоран, Вивьен Вествүүд, Александр МакКуин зэрэг суутнуудын бүтээлийг бид тэдний амьд ахуй цагт нүдээрээ харж, худалдан авч, гараар мэдэрч, биширч явсан нь аз юм. Нөгөөтээгүүр тэдний урласан бүх бүтээлүүд зөвхөн тэдний цэвэр оюуны бүтээл байсан билээ. Загварын сувгийг эргүүлэхэд тэд инээмсэглэн гар даллаж, энгийн нэгэн сэтгүүл худалдан авахад л тэдний ярилцлага хуудас дүүргэн ярайж байлаа. Энэ сард биднийг Валентино орхиж 1940-2000 онуудыг байлдан дагуулж байсан домогт эрхмүүд өдгөө нэг хоёроор л тоологдохоор үлдэж байгаа нь харамсалтай.

Валентино Гаравани гэж хэн бэ? Түүний хувцас загварт оруулсан хувь нэмэр (фото 24)
Valentino, fall 1999 couture

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх