Хайх

Мөрөөдлөөрөө амьдарсан дизайнер: Жиоржио Арманигийн түүх

Мөрөөдлөөрөө амьдарсан дизайнер: Жиоржио Арманигийн түүх

Text: Ж.Булган


Мөрөөдлөөрөө амьдарсан дизайнер: Жиоржио Арманигийн түүх (фото 1)
Бяцхан Жиоржио Армани, 1942 он

Жиоржио Армани 1934 оны долоодугаар сарын 11-нд Италийн Пиаченца хотод мэндэлжээ. Тэр үед бяцхан хүүг хувцас загварт хамгийн их хувь нэмрээ оруулсан хүн болно гэдгийг түүний эцэг эх харин огт төсөөлөөгүй байсан нь лавтай. Жиоржио гурван хүүхэдтэй айлын дунд хүү бөгөөд нэг ах, нэг эмэгтэй дүүтэй. Италид "Хэрэв гэр бүл хоёр хүүтэй бол том нь хуульч, бага нь эмч болно" гэсэн хошин ерөөл үг байдаг. Үнэхээр л тэр яриа биеллээ олох шахсан. Жиоржио сургуулиа төгсөөд Болоньягийн Их Сургуулийн анагаах ухааны факультетад элсэн орсон боловч хоёр жилийн дараа сургуулиа орхиж цэрэгт алба хашжээ. Дараа нь харин залуу эрхэм өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож анагаах ухаанаар цааш сурахгүй гэдгээ ухамсарласан нь бидний зол гэлтэй. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Би эмчийн мэргэжил эзэмшсэн байлаа ч гэсэн хувцас загварын салбарт орох л байсан” хэмээжээ.

Мөрөөдлөөрөө амьдарсан дизайнер: Жиоржио Арманигийн түүх (фото 2)
Жиоржио Армани өөрийн төрсөн ээж, ахын хамт

Цэргийн албаа хаагаад түүнийг өөрийн мөрөөдөлдөө хэрхэн хүрсэн талаар сийрүүлэн бичвэл, залуу Жиоржио хамгийн жижгээс эхэлсэн гэж хэлж болно. Угтаа Жиоржиогийн замнал дэлгүүрийн булангаас эхэлсэн юм. “La Rinascente” дэлгүүрийн шилэн хоргоны манекен хувцаслаж, манай дэлгүүрээр зочлоорой гэсэн уриаг хувцсаар илэрхийлж, дэлгүүрийн өнгө төрхийг бүрдүүлж байх хугацаандаа тэрээр чамгүй олон зүйлд суралцжээ. Түүний дотнын найз нар “Жиоржио үнэхээр хөдөлмөрч, заримдаа тэр маш олон зүйлийг нэг дор хийдэг байсан. Олон ч дэлгүүрт үнэ хөлс нэхэлгүй ажилласан даа” хэмээн дурджээ. Үнэхээр л хөдөлмөр хүнийг бүтээнэ гэдэгчлэн, тэр цагаас хойш Жиоржио Армани тасралтгүй шаргуу хөдөлмөрлөсөн юм. Түүний дараагийн шилжин ажилласан газар бол Нинно Черутти эрхмийн үүсгэн байгуулсан Hitman хувцас оёдлын газар. Энэ үед Жиоржио даавууны мастер болох гараагаа тавиад зогсохгүй хувцас эсгүүрлэх урлагтай ч нэвт шувт танилцав. Цаашлаад хүний гадаад үзэмжийг хэрхэн цогцлоон бүрдүүлэх тал дээр өөрийгөө хөгжүүлж, Эрмэнэжилдо Зеньягийн нэрийн дэлгүүрт стилистээр чамгүй хугацаанд ажиллаж, Loewe загварын ордонд ч өөрийн хувь нэмрээ оруулсан юм. Энэ бүхний эцэст Жиоржио даавууг хамгаас илүүтэйгээр чухалчлан анхаарах болсон гэдэг. Даавууны төрөл, чанар, өнгө будгийг нарийн судалж, өөрт нь таалагдсан бөс бараа олсон даруйдаа ямар хувцас хийх талаар нухацтай тунгаан боддог болжээ. Дийлэнх дизайнерууд өөрсдийн загвараа цаасан дээр эхэлж зураад түүнийхээ дагуу даавуу материал хайдаг бол Жиоржио сайн чанарын даавуугаар хөглөгдөж түүгээр ямар загвар хийхээ боддог байв.

Мөрөөдлөөрөө амьдарсан дизайнер: Жиоржио Арманигийн түүх (фото 3)
Жиоржио Армани, 1978 он
Мөрөөдлөөрөө амьдарсан дизайнер: Жиоржио Арманигийн түүх (фото 4)
Жиоржио Армани, 1982 он

Түүний бүтээлч сэтгэхүй халгиж өөрийн нэрийн дэлгүүрийг байгуулах чин хүсэлдээ хөтлөгдөн байх үедээ, яг л цагаа олсон уу гэлтэй амьдралын хамтрагч, бизнес түнш Сержиотойгоо нөхөрлөн, улмаар 1975 онд Итали улсын бүртгэлд Giorgio Armani гэх өөрийн нэрээр компаниа бүртгүүлжээ. Уг явдлаас яг нэг жилийн өмнө тэрээр эрэгтэй загварын шоугаа амжилттай хийсэн бөгөөд эрэгтэй загварын домог болсон загваруудаа тэр үед танилцуулсан билээ. "Би хувцас загварт хэзээ ч хувьсгал хийхийг хүсээгүй" гэж тэрээр даруухнаар хэлсэн байдаг ч эсрэгээрээ түүний энгийн, элдэв нэмэлт оруулгагүй биед эвтэйхэн эрэгтэй загварууд тухайн үедээ үнэхээр л хувьсгал болсон юм. Нөгөөтээгүүр бүтээлч эрхмийн хувцас загварт хандах хандлага болох элдэв нэмэлт хачиргүй, биед эвтэйхэн, хамгийн гол нь маш сайн чанарын даавуугаар хослол бүтээх хүсэл нь тухайн үед цагаа олсон гэж дүгнэж болох. 1980-аад оныг Италийн хувцас загвар Америкийн зах зээл рүү дөнгөж гулсан орж байсан үе гэж ихэнх судлаачид дүгнэдэг. Хэт тайзны, хэтрүүлэгтэй, бусдаас илүү дэгжин байх гэсэн бүсгүйчүүдийн хүсэлд дизайнерууд маш ихээр нөлөөлж байсан бөгөөд Францын дизайнерууд болон Английн хувцас загварын довтолгоо өөр хоорондоо огт адилгүйгээр өрнөж байсан энэ үетэй зэрэгцээд Италийн хувцас загварыг олон улсын түвшинд гарах нөлөөллийг Жиоржио Армани өөрийнхөөрөө тавьсан билээ. Түүхийн хэлхээг авч үзвэл Жианни Версачегийн олон улсын тавцанд нэрээ гаргасан он жилүүдийг заавал дурдах шаардлагатай бөгөөд одоо ч гэсэн Итали улсаас гаралтай дэлхийн брэндүүд өөр хоорондоо ихээхэн ялгаатайг тайлбарлах нь зүйтэй. Жианни хамгийн тачаангуй загваруудыг толилуулж байсан бол Жиоржио харин алтан дунджийг баримтлах үзлээ дагасан. Энгийн хувцаслалт ч цаанаа тансаг дүр төрхийг цогцлоож болдог гэдгийг тэр бүтээлээрээ харуулсан бөгөөд түүний энэ санааг төгөлдөржүүлсэн хүн нь түүний ээж Мариа байсан гэдэг.

Мөрөөдлөөрөө амьдарсан дизайнер: Жиоржио Арманигийн түүх (фото 5)
Жиоржио Армани, 1980 он

Миний авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөөг ээж минь өгсөн. "Хэрэв чи гоо зүйг бүтээхийг хүсэж байвал зөвхөн шаардлагатай зүйлийг л хий, хэтрүүлэх хэрэггүй” гэх үг миний өөртөө шингээж авсан сургаал юм. Би хий дэмий тансаглал, хэтрүүлгийг хэзээ ч таашааж байгаагүй. Ийм ухамсар надад суулгасан ээждээ би өртэй.

Түүний үзэл санаа хувцсаар илэрхийлэгдэж дэлхийн загварын чиг хандлагад эргэлт авчраад зогсохгүй тэрээр Кристиан Диорын дараа Time сэтгүүлийн нүүр хуудсанд заларсан түүхэн дэх хоёр дахь хувцас урлаач болж, 1983 онд Америкийн Загварын Дизайнеруудын Зөвлөлийн “Шилдэг олон улсын дизайнер” шагналыг хүртжээ.

Мөрөөдлөөрөө амьдарсан дизайнер: Жиоржио Арманигийн түүх (фото 6)
Giorgio Armani өвлийн цуглуулга, 1978 он
Мөрөөдлөөрөө амьдарсан дизайнер: Жиоржио Арманигийн түүх (фото 7)
Time сэтгүүл, 1982 он

Жиоржио кино урлагтай холбоотой байх нь зөвхөн сурталчилгааны төдийгүй бүтээлч сэдэл олгох чухал харилцаа гэж үздэг байв. 1980 онд тэрээр American Gigolo киноны хувцас дизайн дээр ажилласан бөгөөд дүр хөгжүүлэлтэд зориулж бүтээсэн хослол Giorgio Armani брэндийг улам алдаршуулжээ. Жиоржио компаниа улам тэлж 1980 онд Giorgio Armani USA, Emporio Armani, Armani Jeans гэсэн шинэ брэнд компаниудаа байгуулж 1982 онд L’Oreal-тай хамтран анхны эмэгтэй сүрчиг болох Armani Le Parfum, дараа нь эрэгтэйчүүдэд зориулсан Armani Eau Pour Homme сүрчгийг гаргажээ. Энэ бол түүний хувьд зөвхөн эхлэл байсан ба он жил өнгөрөх тусам Жиоржио өөр бусад олон салбарт хүч үзэж өөрийгөө чамгүй сайн бизнесмен гэдгээ харуулсан юм. Зарим шүүмжлэгчид түүнийг хэт мөнгөнд амташсан гэж дүгнэж байсан ч эсрэгээрээ тавин нас руу дөхөж яваа ноёнтныг алдагдал даахад харамсахгүйгээр төлөвшсөн хүн гэж дүгнэх хүмүүс ч их байв.

Мөрөөдлөөрөө амьдарсан дизайнер: Жиоржио Арманигийн түүх (фото 8)
Жүжигчин Ричард Гир Жиоржио Арманигийн хамт, 1988 он
Мөрөөдлөөрөө амьдарсан дизайнер: Жиоржио Арманигийн түүх (фото 9)
Жүжигчин Ричард Гир American Gigolo кино зураг авалт үеэр Giorgio Armani хослолтой, 1980 он 

1990 он гэхэд түүний гаргасан эрэгтэй эмэгтэй бүх загварууд минимал хэр нь эрхэмсэг байдлын тод жишээ болж байлаа. 1990-ээд оны Америкийн зах зээлд Calvin Klein брэнд энгийн хувцсыг тачаангуй байдлаар сурталчлан танилцуулж байсан үе. Тухайн цаг үед хувцас загварын түүхийг олон талаас тайлбарлаж, олон олон брэндүүдийн амжилтын гараа хоорондоо огтлолцож байсан хэдий ч тэрээр сул тааран брюк, мөрний хатуулаггүй сул хүрэм, ажил хэрэгч атлаа чөлөөт хийцтэй олон зуун загваруудаа толилуулсан юм.

Жиоржиогийн хувьд тэрээр дотнын хүмүүсээ алдсанаас хойш улам л зогсолтгүй хөдөлмөрлөх болжээ. Магад энэ нь түүнийг тайвшруулдаг байсан байж болох. Хамгийн анхны дотно найз, амьдрал хийгээд бизнесийн хамтрагч Сержио 1985 онд насан эцэслэсэн ба Жиоржио дурсамжаа хуваалцахдаа “Сержио надад өртөө итгэх итгэлийг өгөөд зогсохгүй дэлхийг харах өнцгийг минь тэлсэн хэмээн дурсжээ”. Түүний үхэл Жиоржиод хүнд цохилт болж цаашид ямар ч бүтээл урлахгүй мэт сэтгэл гутралд орсон гэдгийг түүний ойрын хүмүүс дурдсан байдаг. Хамгийн ойрын хүн болох ээж нь мөн адил хорвоогийн мөнх бусыг үзэхэд тэрээр их “дотогшоо хүн” болж хувирсан юм. Мөн өөрийгөө хэзээ ч хангалттай сайн дизайнер гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан нь магад түүний шаргуу хөдөлмөрийн үндэс болж байсан ч байж мэдэх. Он цаг хөвөрсөөр 2005 он түүнд бас нэгэн шинэ эргэлтийг авчирсан юм. Чамгүй алдартай болсон түүний брэндийг дэлхийн одууд сонирхож эхэлсэн хэдий ч арай илүү гоёмсог, гар ажиллагаа хийгээд түүний бүтээлч байдлыг харуулсан хувцас түүнээс шаардах болж, үүнээс үндэслэн Жиоржио Armani Prive хэмээх зөвхөн захиалагчдад зориулсан загварын ордноо нээсэн юм. Холивүүдийн одод улаан хивснээ Armani өмсөн алхах эрин ийнхүү эхэлсэн гэж хэлж болох биз ээ. Жиоржиогийн босгосон чиглэлүүд цаашлаад улам нарийн салаалж өргөжин тэлж, 2010 оноос тус брэнд үлэмж их амжилт гарган дэлхийн загварын ертөнцөд томоохон байр суурь эзлэх болж, бүх цаг үеийн суут дизайнеруудын нэгээр түүнийг нэрлэх болсон билээ. Тэрээр өөрийн байгуулсан бүхнийгээ аль нэг томоохон хувцас загварын зах зээлийг атгах гэсэн бизнесменүүдэд өгөөгүй бөгөөд эдүгээ өөрийн бүтээсэн брэндээ худалдаагүй дэлхийн маш цөөхөн алдартай дизайнеруудын нэг юм.

Мөрөөдлөөрөө амьдарсан дизайнер: Жиоржио Арманигийн түүх (фото 10)
Armani Privé, 2025 
Мөрөөдлөөрөө амьдарсан дизайнер: Жиоржио Арманигийн түүх (фото 11)
Giorgio Armani Privé Couture намар-өвөл, 2024
Мөрөөдлөөрөө амьдарсан дизайнер: Жиоржио Арманигийн түүх (фото 12)
Giorgio Armani Privé Couture намар-өвөл, 2024
Мөрөөдлөөрөө амьдарсан дизайнер: Жиоржио Арманигийн түүх (фото 13)
Armani Privé тайзны ард, 2025 он

Харамсалтай нь энэ сарын 4-ний өдөр дэлхийн загварын түүхийн нэгэн домог болсон тэрээр 91 насандаа хорвоогийн мөнх бусыг үзлээ. Гэхдээ энэхүү нийтлэлээрээ бид түүний дараа хэн залгамжлан суух эсэх, эсвэл хэдий хэмжээний хөрөнгө үлдээснийг нь мөнгөөр хэмжих бус, харин түүнийг хүсэл мөрөөдлөөрөө амьдарч, өөрийн итгэл үнэмшлээрээ дэлхий дахинаа тод мөр үлдээсэн нэгэн хүн талаас нь эргэн дурсахыг зорилоо. Түүний хийсэн алхам бүрийг, урсан өнгөрөх он жилүүдээ хэрхэн туулсныг эргэн нэг харахад, Жиоржио Арманигийн амжилт бол зөвхөн аз завшаан бус уйгагүй хөдөлмөр, алсын хараа, мөн өөрийн зорилгодоо тууштай байсан итгэлийн үр дүн гэдэг нь тод харагдана.

Мөрөөдлөөрөө амьдарсан дизайнер: Жиоржио Арманигийн түүх (фото 14)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх