
Victoria’s Secret брэндийн загварын шоу энэ жил дахин зохион байгуулагдана
Америкийн алдарт Victoria’s Secret брэндийн загварын шоу энэ онд дахин зохион байгуулагдах болсныг тэд өөрсдийн Instagram хуудсаар дамжуулан албан ёсоор мэдэгджээ.
Дэлхийн загварын салбарын хамгийн их хүлээлттэй шоуны нэг болох энэхүү арга хэмжээ 2019 оноос хойш таван жилийн турш завсарлаад байсан ч өнгөрсөн жил Нью-Йорк хотод сүр дуулиантайгаар эргэн ирж, амжилттай зохион байгуулагдсан билээ. Шоунд Тайра Бэнкс, Адриана Лима, Жижи Хадид, Палома Элсессер, Иман Хаммам, Кэндис Свэйнпол зэрэг үе үеийн шилдэг загвар өмсөгчид оролцож, BLACKPINK хамтлагийн Лиса, Тайла, Шер нар уран бүтээлээ толилуулсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан юм.

Харин 2025 онд зохион байгуулагдах шинэ шоуны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан зарлагдаагүй байгаа ба моделиудын нэрс, уран бүтээлчид, тайзны үзүүлбэрүүдийн талаарх мэдээллийг тун удахгүй Victoria’s Secret-ийн албан ёсны вэбсайт болон аппликейшнээр дамжуулан зарлах болно хэмээн мэдэгджээ.
