Хайх

Дайн болон загвар: Дайны үеэр ямар хувцас, аксесуар хэрэгцээтэй байсан бэ?

Дайн болон загвар: Дайны үеэр ямар хувцас, аксесуар хэрэгцээтэй байсан бэ?

Цаг үетэйгээ тохирсон бүтээлч санаанууд

Text: Buro.Mongolia


Хүн төрөлхтөн хүнд хэцүү үетэй тулгарахад загварын салбар хувьсан өөрчлөгдөх шаардлагад хүрдэг. Тухайлбал, дайны үеэр бидний өдөр тутамдаа өмсөж зүүж хэвшсэн хувцас, аксесуар зэрэг нь өөрийгөө хамгаалах, аюулаас аврах чухал хэрэгсэл болон хувирч байсан түүхтэй. Жишээ нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр Их Британийн загварын салбарынхан хорт утааны баг хийх зориулалттай гар цүнх, нууц газрын зурагтай торгон алчуур гээд хамаг бүтээлч сэтгэлгээгээ ашиглан цэргийн хүчнийхэн болон жирийн иргэдэд өгөөжтэй эдлэлүүд урлаж эхэлсэн юм. 


ТОРГОН ГАЗРЫН ЗУРАГ

Дайн болон загвар: Дайны үеэр ямар хувцас, аксесуар хэрэгцээтэй байсан бэ? (фото 1)

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Их Британийн тагнуулын албаны гишүүд торгон материалтай алчуур дээр нууц мэдээлэлтэй газрын зураг хэвлэдэг байв. Тэдгээр газрын зургуудыг нисгэгчдэд зориулан хэвлэдэг байсан бөгөөд алчуурууд тодорхой бүсүүдийн дэлгэрэнгүй тайлбар болон хүнсний нөөцийн байршлуудын мэдээллийг агуулдаг байжээ. Дайсны цэргүүдэд мэдэгдэхгүйн тулд торгон газрын зургийг хүзүүний ороолт эсвэл толгойн алчуур болгон хэрэглэдэг байсан гэнэ. Харин өнөө үед брэндүүд энэхүү аргаас санаа аван шинэ цуглуулгууддаа газрын зургийн дүрстэй хувцас болон аксесуарууд оруулж буй нь мэр сэр харагддаг билээ. Жишээ нь Raeburn брэнд Их Британийн нисэх хүчнийхний хэрэглэж байсан торгон эдлэлүүдийг санагдуулах шинэ цуглуулга урласан бол Céline брэнд 2017 оны цуглуулгадаа мөн газрын зургийн дүрстэй шуба болон цувнууд багтааж байсан удаатай.

ГЭРЭЛ ЦАЦРУУЛАХ АКСЕСУАРУУД

Дайн болон загвар: Дайны үеэр ямар хувцас, аксесуар хэрэгцээтэй байсан бэ? (фото 2)

Аливаа дайны үер байшин болон гудамж гэрэлтэй байвал энэ нь агаараас цохилт өгч буй дайсны талд давуу тал болдог. Тиймээс оршин суугчид бүхий л гэрэлтүүлгийг унтрааж, харанхуйд нуугддаг байсан билээ. Ийм үед ямар ч гэрэлтүүлэггүй, анир харанхуй гудамжаар явахад хүндрэлтэй байсан тул Их Британийн үйлдвэрлэгчид гэрэлтдэг жижиг хэсгүүдээс бүрдэх хувцасны товч, бугуйн зүүлт, жижиг гар цүнх, таяг, цэцэгсийн хэлбэртэй энгэрийн зүүлтүүдийг зохион бүтээсэн байна. Эдгээр нь харанхуй орчныг бага ч болтугай гэрэлтүүлж, дайны үеэр жирийн иргэдэд багагүй тус дэмээ хүргэсэн гэдэг.

АЮУЛЫН КОМБИНЗОН

Дайн болон загвар: Дайны үеэр ямар хувцас, аксесуар хэрэгцээтэй байсан бэ? (фото 3)

Дэлхийн хоёрдугаар дайн ид дундаа өрнөж байх үед Их Британид "siren suit" хэмээх нэртэй цахилгаантай ажлын комбинзон алдаршиж байжээ. Агаараас бөмбөгдөж, агаарын довтолгооны дохиолол дуугарсан тохиолдолд уг комбинзоныг хэдхэн хормын дотор өмсөж болдог байсан нь том давуу тал байв. Тиймээс дайны үеэр Их Британийн оршин суугчид тусгай зориулалттай уг комбинзоныг тогтмол өмсдөг байжээ. Siren suits комбинзоныг Их Британийн удирдагч Уинстон Черчилль хүртэл тогтмол өмсдөг байсан нь дуранд хэд хэдэн удаа өртсөн байдаг. Turnbull & Asser брэнд түүнд зориулж урт судалтай, үслэг эсвэл хамба хилэн материалтай гээд төрөл бүрийн хийцтэй комбинзонуудыг урладаг байжээ. Мөн түүний комбинзон заавал тамхины сав хийх зориулалттай халаастай хийгддэг байсан талаар хэвлэлүүдэд дурдагдаж байсан юм.

ХОРТ УТААНЫ БАГ БАГТААХ ГАР ЦҮНХ

Дайн болон загвар: Дайны үеэр ямар хувцас, аксесуар хэрэгцээтэй байсан бэ? (фото 4)

1939-1945 оны хооронд Их Британийн иргэн бүр биедээ хорт утааны багтай явах шаардлагатай байв. Тиймээс хувцас болон аксесуар урладаг компаниуд уг багийг багтаах авсаархан, классик загварын, дунд хэмжээтэй гар цүнхнүүд бүтээж байсан бөгөөд тэдгээр нь баг хийх зориулалттай тусгай тасалгаатай байсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх