Хайх

Бидний уншихаар төлөвлөсөн загварын тухай 4 шинэ ном

Бидний уншихаар төлөвлөсөн загварын тухай 4 шинэ ном

Text: Buro.Mongolia


Саяхан худалдаанд гарсан, мөн тун удалгүй худалдаанд гарахаар товлогдсон байгаа загварын талаарх цоо шинэ номуудыг танилцуулж байна. Ингээд эдгээр карантины өдрүүдийг Их Британийн Vogue сэтгүүлийг дайны үед удирдаж байсан ерөнхий редактор Одри Уизерсийн түүх, бас нэгэн домогт ерөнхий редактор Александра Шульманы дурсамжууд, музейн куратор Мария Луиза Фризагийн бичсэн загварын талаарх эргэцүүллүүдийг уншиж өнгөрүүлцгээе.

«Dressed For War»
Жули Саммерс

Бидний уншихаар төлөвлөсөн загварын тухай 4 шинэ ном (фото 1)

Фашистуудын бөмбөгдөж нураасан барилгын урд өөгүй цэмцгэр хослол өмсөж, шляп малгайгаар гоёсон үзэсгэлэнт бүсгүй зогсоно. Харин тэрхүү зургийн тайлбарт "загвар хэзээ ч сөнөхгүй" хэмээн бичигдсэн байна. Энэ бол Их Британийн Vogue сэтгүүлийн 1941 оны дугаарт нийтлэгдсэн, Сесил Битоны дарсан алдарт зураг юм. Уг зураг нь тухайн үеийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Одри Уизерсийн санаа бөгөөд тэрээр зургийг сонирхолтой өгүүллийн хамт сэтгүүлдээ нийтэлж байсан билээ. Одри Уизерс сэтгүүлийг дайны үеэр удирдахдаа алдарт зурагчид Ли Миллер ба Битон нарын дарсан дайны талбар дээрх зургууд, бөмбөгнөөс хорогдох байрнаас хийсэн сурвалжилгууд, дизайнеруудын хамт хуучин хувцсыг шинэ загварт оруулан оёх заавруудыг нийтэлдэг байсан билээ. Уизерсийн удирдлага доорх Vogue сэтгүүл бол хүнд үед загвар хэрхэн дэм болдгийг харуулсан түүхэн зүйл юм.


«The World at Your Feet: Bata Shoe Museum»
Элизабет Семмельхак

2020 оны тавдугаар сард худалдаанд гарна

Бидний уншихаар төлөвлөсөн загварын тухай 4 шинэ ном (фото 2)

Торонтогийн гутлын музейн ахлах куратор загварын түүхэн дэх хамгийн чухал 100 гутлыг ном болгон нэгтгэжээ. Номд египет сандаал болон хятад шаахайнуудын зэрэгцээ Элтон Жоны платформ ултай ботинк, Жон Ленноны челси гутал, Manolo Blahnik-ийн шуугиан тарьсан загвар байршсан байгаа. Ном энэ оны тавдугаар сард худалдаанд гарахаар төлөвлөгдсөн тул тэр хүртэл музейн алдарт Instagram хуудсаар зочлон дэлхийн гутлын түүхтэй танилцаарай.


«Clothes... and other things that matter»
Александра Шульман

2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд худалдаанд гарна

Бидний уншихаар төлөвлөсөн загварын тухай 4 шинэ ном (фото 3)

Александра Шульман Их Британийн Vogue сэтгүүлийг 1992 оноос эхлэн удирдаж нийт 25 жил ерөнхий редактороор ажилласан байдаг. Харин «Clothes... and other things that matter» бол түүний дурсамжуудаас бүрдсэн ном юм. Сонирхолтой нь тэрээр амьдрал ба ажлынхаа чухал мөчүүдийг тухайн үед өмсдөг байсан хувцаснуудаар дамжуулан хүүрнэх болно.


«Memos: On Fashion in This Millennium»
Мария Луиза Фриза

2020 оны тавдугаар сарын 12-нд худалдаанд гарна

Бидний уншихаар төлөвлөсөн загварын тухай 4 шинэ ном (фото 4)

Миланы Польди-Пеццоли музейд хоёрдугаар сарын 21-нээс тавдугаар сарын 4 хүртэл тавигдаж буй «Memos: On Fashion in This Millennium» үзэсгэлэнг коронавирусын улмаас очиж үзэх боломж гарахгүй бололтой. Тиймээс үзэсгэлэнгийн куратор Мария Луиза Фризагийн үзэсгэлэнд тусгайлан зориулж бичсэн энэхүү ном нь сэтгэлээ тайтгаруулах ганц боломж юм. Загварыг хэрхэн музейн үзүүлэн болгох вэ? Загварыг хэрхэн өнгөрсөн, одоо ба ирээдүйтэй холбож харах вэ? Мария Луиза Фриза эдгээр асуултуудад хариулахын зэрэгцээ Gucci ба Dior-ын эртний цуглуулгууд, Valentino-гийн кутюр бүтээлүүд болон домогт үнэт эдлэлүүдийг дурсах болно.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх