Хайх

Бюрогийн уншигчид Michel & Amazonka-г 2018 оны шилдэг дизайнераар нэрлэлээ

Бюрогийн уншигчид Michel & Amazonka-г 2018 оны шилдэг дизайнераар нэрлэлээ

Санал асуулгын үр дүн

Text: Buro.Mongolia


"Таны бодлоор 2018 оны шилдэг дизайнер хэн бэ?" гэх санал асуулгад оролцсон нийт есөн дизайнераас Michel & Amazonka брэндийн үүсгэн байгуулагчид Ч. Нямханд, Ч.Мишээл нар уншигчдын саналаар тэргүүллээ. Тэд уншигчдаас 48% санал авч, 2016 оноос хойш ийнхүү хоёр дах удаагаа шилдэг дизайнераар тодроод байгаа юм. 2018 он Michel & Amazonka брэндийн хувьд маш завгүй бөгөөд амжилт бүтээлээр дүүрэн жил болсон гэж дүгнэж болно. Тодруулбал дизайнер эгч дүүс өнгөрсөн жил сар бүр шинэ цуглуулга гаргах зорилт тавин ажиллаж, нийт 12 өөр өнгө аяс, утга агуулгатай цуглуулга танилцуулан, тэдний авьяас чадвар, бүтээлч чанар дундаршгүй гэдгийг дахин батлаад авсан юм.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн монгол үндэсний хувцасны хэв маягийг орчин үеийн элементтэй хослуулан, өдөр тутам өмсөж болох давтагдашгүй загваруудыг урлаж ирсэн эгч дүүс өнгөрсөн онд ч энэхүү уламжлалаа хадгалахын зэрэгцээ шинэ цуглуулгууддаа ерөнхийдөө эмэгтэйлэг, орчин үеийн хэв маяг, нарийн деталиудыг шингээж өгсөн байгаа. Үргэлж шинэлэг зүйлийг эрэлхийлж, бүтээлч байхыг эрмэлздэг дизайнер бүсгүйчүүд хүч хөдөлмөрийнхөө үр дүнг ийнхүү зүй ёсоор хүртэж байна. 

Бюрогийн уншигчид Michel & Amazonka-г 2018 оны шилдэг дизайнераар нэрлэлээ (фото 1)

Тэдний араас хоёрдугаар байранд 93// Kidult брэнд жагссан нь дизайнер М.Нямсүрэнгийн бүтээлч ажлуудыг Бюрогийн уншигчид өндрөөр үнэлдэг болох нь харагдсан юм. Өөрсдийн гэсэн үнэнч шүтэн бишрэгчидтэй залуусын чөлөөт хувцасны 93// Kidult брэндэд уншигчдын 29% нь саналаа өгчээ. Хүйс харгалзалгүй өмсөж болдог, гудамжны стильтэй загваруудаараа алдартай 93//Kidult өнгөрсөн жил улирлын үндсэн цуглуулгуудаас гадна өдөр тутам өмсөж болох, энгийн загвартай "93//Basic" цувралыг танилцуулсан байгаа.

Бюрогийн уншигчид Michel & Amazonka-г 2018 оны шилдэг дизайнераар нэрлэлээ (фото 2)

Лондонд үйл ажиллагаа явуулдаг Mandkai брэндийн дизайнер Ж.Мандхай санал асуулгын гуравдугаарт 7% саналтайгаар бичигдлээ. Контемпорари стилийн ноолууран загварууд урладаг дизайнер бүсгүй өнгөрсөн жил Жижи ба Белла Хадид, Оливия Манн зэрэг алдартнуудын анхаарлыг татаж, дэлхийн зах зээлд нэрээ таниулж эхэлсэн билээ.

Бюрогийн уншигчид Michel & Amazonka-г 2018 оны шилдэг дизайнераар нэрлэлээ (фото 3)

Дашрамд дурдахад энэхүү санал асуулга нь уншигчиддаа дизайнеруудын ажлыг дахин нэг сануулж буй нийтлэлийн нэг хэлбэр бөгөөд ямар нэгэн албан ёсны шалгаруулалт биш юм. Санал асуулгад оролцсон бүх дизайнерууд тогтвортой үйл ажиллагаа явуулж, Монголын загварын ертөнцийн хөгжилд өөрсдийн гэсэн үнэтэй хувь нэмрийг оруулж байгааг онцлох нь зүйтэй болов уу. Харин энэ онд тэд бүр ч олон сонирхолтой загварууд, шинэ бүтээлүүдээр бидний оюун ухаан ба сэтгэл зүрхийг баясгаж, амжилтаар дүүрэн байна гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх