
Миланы эрэгтэй загварын долоо хоног дээрх онцлох 3 цуглуулга
Шилдэг брэндүүдийн онцлох төрхүүд
Жил бүрийн эдгээр өдрүүдэд Милан хот эрэгтэй загвараар амьсгалдаг уламжлалтай. Эрэгтэй загварын ертөнцийн гол тоглогчид нэгэн дор цугларч, ирэх жилийн дүр төрхийг тодорхойлж уран сэтгэмж, ур чадвар, шинэ соргог санаагаа дэлгэдэг долоо хоног билээ. Түүнчлэн эрэгтэй загварт хамгийн нөлөө бүхий брэндүүд болох Prada, Dolce & Gabbana, Giorgio Armani бүгд өөрсдийн өлгий нутагт загварын шоугаа дөнгөж танилцуулаад буй нь энэ. Эрчүүдийн хувцаслалт тэр дундаа Итали орны эрэгтэйчүүдийн хувцаслах урлагийг савхин цүнх, элгэн гуталгүйгээр төсөөлшгүй, зарим талаараа брюк өмд ч жил бүр олон янзаар танилцуулагддаг сонирхолтой сэдэв бас бий. Харин энэ удаад 2026 оныг эдгээр хувцаслалтаас гадна олон шинэлэг санааг тусгасан дээрх гурван брэндүүдийн онцлох төрхүүдийг эл нийтлэлээрээ хүргэж байна.
Prada
Раф Симонс бүтээлч захиралтай Prada загварын ордон өнгөний тоглолтыг чухалчилсан нь илхэн харагдав. Тод өнгийн уламжлалт эрэгтэй цув, оодон брюк өмд танилцуулагдсан хиппи, дэнди хэв маяг хэмээн дүгнэж болох. Нөгөөтээгүүр, цуглуулгад багтсан сийрсэн малгай, тод өнгийн хоолойтой цамц зэргийг тоочвол хэт авцалдаагүй нийлэмж шиг санагдах хэдий ч бүхэлд нь авч үзвэл эдгээр хувцаслалтууд нь энгийн нэг жаал хүү дуртай хувцсаа өмсөөд зуныг зугаатайгаар өнгөрөөх гэсэн томоогүй сонголтууд мэт.



















































Giorgio Armani
Giorgio Armani энэ удаад хэлхгэр хувцаслалтыг нэгт тавилаа, тэр дундаа хэлхгэр сул өмд. Материалын хувьд илүү нимгэн, биеийн хөдөлгөөн хязгаарлахгүйгээс гадна өмдний хуниасыг илүү өргөн нугалаагаар зохион бүтээжээ. Нөгөө талаараа тус брэндийн голлох чиглэл бол хослол юм. Хослол урлалын хүрээнд Armani үргэлж тансаг байдлыг эрхэмлээд зогсохгүй үргэлж өвөрмөц эсгүүрийн хийцлэлтэйгээр ирэх жилийнхээ өнгө аясыг тодорхойлж байдаг. Цуглуулгын өнгөний хувьд завсрын өнгийг давамгай сонгож, хослол бүр хэлхгэр, эрэгтэй хүний биеийн харьцааг дөвийлгөх шулуун силуэттэй, биед хөнгөн суух загварыг онцлон толилууллаа.












































































































Dolce & Gabbana
Италийн хувцас загварын хувьсалд үнэтэй хувь нэмэр оруулсаар буй брэнд бол мэдээж Dolce & Gabbana. Ирэх жилийн эрэгтэй донжийг тодорхойлохдоо дизайнерууд 1990-ээд онд өөрсдийн бүтээж байсан загваруудаасаа санаа авч дахин шинэчлэн төгөлдөржүүлжээ. Хамгийн сонирхолтой нь унтлагын хувцас өөрөөр хэлбэл итали эрчүүдийн унтахдаа өмсдөг нимгэн хослолыг кутюр хийцээр өдөр тутмын гадуур өмсөх хэв маяг руу буулгалаа. Шулуун судал, бөмбөлөг хээтэй даавуун дээр хатгамал, нэмэлт оруулга шигтгэж гар ажиллагааны ураар илүү чамин гүйцэтгэлийг бий болгожээ.



















































































