
Хөгжмийн фестивалийн чиг хандлага: Бид юу өмсөх вэ?
Улаанбаатарын зун дуу хөгжимтэй хамт ирдэг. Эгшиглэх гитарын хөг аялгуу, олон мянган залуусын хамт дуулсан дууны дахилт гээд жил бүр дуу хөгжмийн хур чөлөө завгүй асгарсаар их хотын зүрх олон хэмнэлээр нэгэнт цохилж эхэлжээ. Жил бүрийн зун нийслэл гэлтгүй хотын эргэн тойрон бүхэлдээ хөгжимд дурлагсдын нутаг болон хувирч дуучид, хамтлагууд, шинэхэн артистууд бие даасан тоглолтоо зарлаж, энэ зуныг бид уйдахгүй өнгөрөөх өдрүүд нэгэнт иржээ.
Харин амьд хөгжмөөр амьсгалах эл өдрүүдэд бидний дунд тулгардаг ганц асуулт бол “юу өмсөх вэ?”. Энэ мэдээж чухал асуулт. Тайзан дээр гарч микрофон барьж дуулахгүй ч гэлээ өөрийн стиль, өөрийн дуу хоолойгоо хувцсаараа илэрхийлэх та бидний тайз үүгээр эхэлдэг. Юу өмсөхөө толгойдоо төсөөлсөөр бидний доторх бүтээлч загварын сэтгэлгээ улам сэргэж зөвхөн өөрт л зохих хэв маягаа бий болгох эрмэлзэл оргилдог билээ.
Ийнхүү тус нийтлэлээр “юу өмсөх вэ?” гэдэг асуултад хариулт эрж буй хөгжимд дурлагч нартаа зориулж, сэдэл авч болох хэд хэдэн трендүүдийг бэлтгэн хүргэж байна.
Нэхмэл цамц
Том сүвэрхэг нэхээстэй, шулуун силуэттэй, хээтэй болон хээгүй хэлхгэр нэхмэл цамц бол үе үеийн хөгжим сонирхогчдын үнэнч найз. Энэ нь зүгээр л дулаан байлгах зориулалттай хувцас биш гэдгийг бид бүгд үгээр бичүүлэлтгүй мэдэх биз ээ.






Шоорт
Хэт хуучинсаг загвар гэж зарим хүмүүс дүгнэдэг ч үнэн хэрэг дээрээ энэ бол хамгийн дэгжин сонголтуудын нэг яах аргагүй мөн. Зарим талаараа шоортыг маш энгийн сонголт ч гэж харж болох ч загварын сэтгүүлүүдээс та шоортыг хэрхэн загварчилж болох талаар мянга мянган сэдлийг авах боломжтой.






Зөөлөн ягаан өнгө
Энэ зуны голлох тренд өнгө бол зөөлөн ягаан өнгө юм. Олон жилийн өмнө Vogue сэтгүүлийн ерөнхий редактор асан Диана Врийланд нэгэн өглөө ажилчид руугаа залгаад “Гахайн тооройны арьс шиг ягаавтар цагаан өнгөтэй оймс байдаг бол мөн сайхан аа, яг ягаан ч биш, яг цагаан ч бас биш” гэж хэлээд утсаа тасалжээ. Та магад төсөөлж чадсан байх, тийм үү? Тэгвэл гагцхүү тус өнгө энэ жилийн голлох өнгөөр эргэн тодорлоо.






Бээлий
Энэ жил бидний мартаж болохгүй нэгэн сонголт бол бээлий. Олон зууны тэртээгээс тансаг хэрэглээнд багтаж байсан ч өнөөдөр бол үгүй. Торон бээлий ялдам, эмзэг байдлыг илэрхийлээд зогсоохгүй дур булаам харагдуулахад ч бас нөлөөлдөг. Жазз үдшийн таны гангараа тод өнгийн бээлий байж болох юм.




1960 аад оны футуристик загварыг 2025 онд авчрах эрх танд бий
1960 аад оны дундуур сансрын нисгэгч мэт загварууд шуугиан тарьж байсан. Металл мэт харагдах гялгар юбка, хуванцар материалаар хийгдсэн нүүрний баг зэргийг Пьер Кардин анх 1964 онд танилцуулснаар энэ давлагаа эрчээ авчээ. Электроник хөгжимтэй амьдралаа холбосон охид залуус магад энэхүү загварыг илүү ихээр онцолж харах нь гарцаагүй.






Хөхний даруулга, цээживч
Хоёр жилийн өмнөх Velin сэтгүүлийн хавар-зуны дугаар "Хөхний даруулга, цээживчийг яг л гадуур хувцас мэт өөртэй итгэлтэйгээр ил гарган өмс" гэж зөвлөсөн байдаг. Амьд хөгжмийн тоглолтуудад хамгийн секси сонголт эрж хайж байгаа бол энэ хуучирдаггүй трендийг дагаарай.






Шөнийн хатан хаан
Яагаад ч юм аль ч орны хатад оройн цагт орондоо орохдоо нимгэн даавуун урт хормойтой өмсгөл өмсдөг гэсэн төсөөлөл хэн бүгдэд бий. Харин танд ор луугаа бус ямар нэгэн хамтлагийн тоглолт руу ингэж очих боломж бий. Намирсан хормой, урт ханцуй, торон материал энэ бүгд эмэгтэй хүн бүрийн гоо сайхныг дөвийлгөх шидтэй билээ.






Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт