Хайх

Үе үеийн загварын трендүүдтэй он цагийн дарааллаар танилцъя

Үе үеийн загварын трендүүдтэй он цагийн дарааллаар танилцъя

Text: Buro.Mongolia


Загварын тренд үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Тухайн үеийн эдийн засгийн байдал, кино, дуу хөгжмийн салбарын хөгжил, нийгмийн ухамсар гэх мэт хүчин зүйлүүд чиг хандлагыг тогтоодог. Тэгвэл XX зуунаас одоог хүртэл хамгийн их эрэлттэй байгаа загваруудыг он цагийн дарааллаар уншигчдадаа танилцуулж байна.

1900 он: Турнюр, бээлий

1900-аад онд турнюрыг юбканы дотуур өмсдөг байсан бөгөөд олон төрлийн ач холбогдолтой байв. Загварын хувьд илүү дүүрэн, нүсэр төрхийг илэрхийлдэг байсан бол ашиг тусын хувьд даашинзын хормойг газар чирэгдэхээс хамгаалж өндөрлөж өгдөг байжээ.

Тухайн үеийн дараагийн чиг хандлагыг илэрхийлэх зүйл бол яалт ч үгүй бээлий. Бүсгүйчүүд бээлийг өдөр тутамд, үдэшлэг, найр гээд бүхий л нөхцөл байдалд хувцасныхаа гол аксесуар болгон өмсдөг байжээ.

1910 он: “jupe-culotte” буюу өргөн өмд

Поль Пуаре бол дэлхийн нэгдүгээр дайны өмнө үед хамгийн нэр хүндтэй кутюр загварын ордныг үүсгэн байгуулсан Францын алдарт дизайнеруудын нэг. Тэрбээр Эдвардын эрин үеийн загварын чиг хандлагыг халж илүү тав тухтай хувцаслалтыг нэвтрүүлсэн тус салбарын гоц ухаантнуудын нэг юм. Дизайнер Поль Пуаре Ойрх Дорнодын гарем өмднөөс санаа аван тренд болсон энэхүү загварыг бүтээж байжээ.

Үе үеийн загварын трендүүдтэй он цагийн дарааллаар танилцъя (фото 8)

1920 он: «Флаппер» даашинз, «клош» малгай

Дэлхийн нэгдүгээр дайны дараах томоохон нийгмийн өөрчлөлтүүдийн нэг нь эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болсон явдал юм. Тус даашинз нь эмэгтэй хүний хүчирхэг байдал, тухайн үеийн баян тансаг амьдралыг илэрхийлж байв. Загварын хувьд бэлхүүсээрээ сул байх бөгөөд шүрэн эдлэлээр төрхөө гоёдог байжээ.

1920 онд хонхон хэлбэртэй «клош» малгай эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд байсан гэж хэлж болно. Тус малгайг ихэвчлэн цэцгэн хэлбэртэй зангилаагаар чимэглэдэг байжээ.

1930 он: Үдшийн даашинз, үслэг эдлэл

1930 оныг "Холливудын алтан үе" гэж тодорхойлдог. Тухайн үеийн хар цагаан киног нуруу нь задгай, урт, хар өнгийн, торгон үдшийн даашинзгүйгээр төсөөлшгүй бөгөөд телевиз үзэгчдийн дунд оддын бүтээсэн загвар болгоныг даган дуурайх хүсэл дэлгэрсэн байлаа.

Эмэгтэйчүүдийн дунд хамгийн эрэлттэй байсан дараагийн загвар бол үслэг эдлэл. 1930 онд үслэг эдлэлийн үнэ хөөрөгдөж эхэлсний хэрээр эрэлт хэрэгцээ нь нэмэгдсээр байжээ.

Үе үеийн загварын трендүүдтэй он цагийн дарааллаар танилцъя (фото 13)

1940 он: Комбинзон, Christian Dior брэндийн “New look” цуглуулга

1940-өөд онд Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж эрчүүд эх орныхоо манаанд дайнд явж байсан ид үе билээ. Тухайн үед үйлдвэрээс эхлэн офиссын ажилд хүн хүч дутагдаж эмэгтэйчүүдийг ажилд татаж байлаа. Иймд тусгайлан эмэгтэй ажилчдад зориулан жийнсэн материалаар ажлын комбинзон урлаж эхэлсэн байна. Үр дүнд нь эмэгтэйчүүд эрчүүдийн адил хөдөлмөрлөж чаддаг гэдгээ батлаад зогсохгүй тэдний хувцасны шүүгээ зөвхөн даашинзаар хязгаарлагдахгүй гэдгийг ойлгож байжээ.

1947 онд танилцуулсан Christian Dior брэндийн “New look” цуглуулга загварын салбарын хөгжлийн эхлэлийг тавьсан гэхэд хилсдэхгүй. Бэлхүүс барьсан, дугуй мөртэй пиджак болон олон давхар урт юбка тухайн үеийн онцлох загвараар тодорч байжээ.

1950 он: Сувдан гоёл чимэглэл, «Питер Пэн» зах

1950-аад онд эмэгтэйчүүд гэртээ ахуйн ажилдаа анхаарч амьдрахын сацуу өөгүй төгс харагдах ёстой гэсэн нийгмийн хандлага дэлгэрсэн байлаа. Харин тэднийг чамин тансаг харагдуулахад тусалдаг байсан гоёл нь сувд байжээ.

“Питер Пэн” хүүхэлдэйн кинонд гардаг дугуй захтай хослол энэхүү трендийн үндсэн суурь болж байсан ба тус чиг хандлагын зорилго нь эмэгтэйчүүдийн дэгжин төрхийг бүрдүүлэхэд оршиж байсан юм.

1960 он: “Pillbox” малгай, “Хүүхэлдэй” даашинз

АНУ-ийн тэргүүн хатагтай асан Жаклин Кеннеди 1960-аад оны чамин тансаг байдлын бэлгэ тэмдэгт тооцогдож байжээ. Түүний төрхийг “Pillbox” малгайгүйгээр төсөөлшгүй бөгөөд маш олон эмэгтэйчүүд тэргүүн хатагтайгаас санаа аван хувцаслаж байсан юм.

1960 онд феминист хөдөлгөөний хоёрдугаар давлагаа эхэлж улмаар эмэгтэйчүүд баригдмал, хаалттай хувцаснаас зайлсхийж байжээ. Энэ үед кино урлагийн оддоос эхлэн гудамжаар өнгөрөх бүсгүй бүр тус даашинзаар гоёж байв. Богино, мини загварыг тод өнгөтэй хослуулдаг нь даашинзын ялгарах шинж юм.

1970: “Трапец” өмд, Платформ өндөр өсгийт

“Трапец” өмдийг анх 1812 оны дайнд далайчид өмсөж байсан бол тус загвар нь 1970 он гэхэд онцлох тренд болон эргэн ирсэн юм.

Диско соёлтой зэрэгцэн гарч ирсэн платформ өндөр өсгийт 1970 оны онцлох загварын нэг гарцаагүй мөн.

Үе үеийн загварын трендүүдтэй он цагийн дарааллаар танилцъя (фото 20)

1980 он: Арьсан хүрэм, Өргөн мөр

Диско соёл намдаж металл урсгал хүчээ авахын хэрээр хувцас, загварын салбарт ч мөн өөрчлөлтүүд гарч байлаа. Хар арьсан хүрмийг футболкатай хослуулан өмсөх нь 1980 оны хамгийн “cool” төрхөд тооцогдоно. 1986 онд дуучин Мадонна «Papa Don't Preach» видео клип гаргаснаар арьсан хүрмийн эрэлт эрс өсөж байжээ.

Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн эрин үеийг 1980 оноос эхлэлтэй гэж хэлж болно. Хувцаслалтаараа зоримог, хүчтэй дүр төрхийг илэрхийлэхийн тулд пиджак, цамц, даашинз зэргийн мөрийг нь зөөлөвчөөр өндөрлөж өгдөг байжээ.

1990 он: V хэлбэрийн усны хувцас, Шоотой хослол

«Friends» ситком-цувралыг үзсэн хүмүүс Чендлер, Жоуи хоёрын үзэх дуртай «Baywatch» шоуг маш сайн мэдэх ёстой. Тус нэвтрүүлэг дээр V хэлбэрийн усны хувцас өмссөн аврагч эмэгтэйчүүд гардаг бөгөөд тэд энэ трендийн эхлэлийг тавьж байжээ.

Шоотой хослолын төгс зохилдлогыг «Clueless» кино болон Вивьен Вествуд дизайнерын 1994 оны намар-өвлийн загвараас харах боломжтой. Тухайн үед эрчээ авсан энэхүү загвараар одоог хүртэл эмэгтэйчүүд гоёх дуртай.

2000 он: Биеийн тамирын хослол, бейсболын малгай

2000-аад оны дийлэнх алдартнуудын “go-to” хувцсыг санаж байна уу? Урлаг соёлын салбараас эхлэн улс төр нийгмийн алдартнууд хүртэл «Juicy» гэх принттэй намхан суудалтай биеийн тамирын хослолоор гоёдог байсан.

Тухайн үеийн бас нэгэн голлох трендээр бейсболын малгай буюу бидний хэлж заншсанаар саравчтай малгай тодорч байна. Энэхүү малгай нь Von Dutch брэндийн Кеннет Ховардаар “овоглодог” гэхэд хилсдэхгүй бөгөөд тэрбээр “пинстрайпинг урлагийн загалмайлсан эцэг” гэх цолтой. Анх Пэрис Хилтон, жүжигчин Николь Ричи нар “The Simple Life” реалити шоундаа зориулан тус малгайг өмссөн нь олонхын өргөн хэрэглээ болох эхлэлийг тавьсан юм. Хэдий энэ малгай нь нийгмийн ажилчин ангийг илтгэдэг байсан ч 2000-аад онд бүхий л тансаг зэрэглэлийн брэндүүд мөр зэрэгцэн үүнийг худалдаалж байжээ.

2010 он: Нарийхан загварын нарны шил, “Аавын пүүз” буюу зузаан ултай пүүз

Загварт хайртай хүн болгон, тэр дундаа инста-блогерууд төрхөө бүрдүүлэхдээ нарийхан загварын нарны шилийг өргөнөөр сонгодог байсан нь саяхан. “The Matrix” кинонд гардаг шиг “сool” төрх бүрдүүлэхийг хүссэн хүн бүрийн заавал сонгох гоёл юм.

1980-аад онд бүх аавуудын шүүгээнд байдаг байсан гутал 30 жилийн дараа загварын хорхойтнуудын гутлын тавиурыг дүүргэнэ гэж та төсөөлж байсан уу? Хүмүүсийн сонирхол болон трендийг урьдчилан таамаглан тус гутлыг өргөнөөр худалдаалсан нь Fila, Balenciaga, Nike, Louis Vuitton брэндүүд юм.

2021 оны загварын чиг хандлагын талаар энд дарж үзээрэй.

цааш үзэх