
Isaia хослол урлалын ордон намар-өвөл 2025 улирлын цуглуулгаа танилцууллаа
Эр хүн бусдын эрхшээлд бус, өөрийн хүч чадал, итгэл зоригт түшиглэн хүссэндээ хүрэхийн төлөө тэмцдэг нэгэн. Тэдний ертөнцийг харах өнцөг эмэгтэйчүүдийнхээс ч илүү нарийн бөгөөд дотоод мэдрэмж нь олон янзаар илэрч гардаг. Энэ мэдрэмж дуу хөгжим, уран зохиол, хоолны урлаг гээд хүний сэтгэлийг хөдөлгөх бүхий л бүтээлд тодхон харагддаг. Иймдээ ч дэлхийд алдартай олон бүтээлүүдийн цаана эр хүний дотоод дуу хоолой, өөрийгөө илэрхийлэх хүсэл эрмэлзэл байсаар ирсэн гэвэл хэн ч маргахгүй байх. Эрэгтэйчүүд нийгэм дэх өөрсдийн байр суурийг янз бүрийн байдлаар илэрхийлдэг. Үүний хамгийн тод илэрхийлэл нь хувцаслалт, тэр дундаа хослол юм. Италийн Неаполь хотоос гаралтай Isaia брэндийн хослол нь эрчүүдэд хэн болохыг нь илүү тод харуулахад тусалдаг. Өвөрмөц хийц, төгс суулттай загваруудаараа Isaia нь амжилттай яваа эрчүүдийн амьдралын хэв маягийг илэрхийлж, дэлхийн өнцөг булан бүрийн хэрэглэгчдийн үнэлэмж, сайшаалыг хүртсээр ирсэн билээ.

Итали хослол урлалын нэрийн хуудас болсон Isaia брэнд энэ жилийн намар, өвлийн цуглуулгаа албан ёсоор танилцууллаа. Эрэгтэй болон эмэгтэйчүүдэд зориулсан энэхүү цуглуулгад уламжлалт хослол болон түүнтэй хослуулан өмсөх бусад хүрэм, пальто зэрэг онцгойлон багтжээ. Энэ удаагийн намар өвлийн коллекцийн онцлог нь цаг хугацаагаар үл хэмжигдэх эрэгтэй загваруудаас гадна хүчирхэг хийгээд дур булаам "classic feminine" хэв маягийг бүрдүүлсэн эмэгтэй загваруудыг онцолж романтизмыг мөн даашинзнуудаараа илэрхийллээ. Юуны түрүүнд шинэ загваруудтай танилцахаас өмнө тэдгээрийн цаана орших урам зоригийн эх сурвалжийг мэдэх нь илүү утга төгөлдөр. Учир нь энэ удаагийн цуглуулга бүрийн ард нэгэн уран бүтээлчийн ертөнц, түүний амьдралын тухай үзэл бодол гүн гүнзгий шингэсэн юм. Тэр хүн бол уран бүтээлч, олон салбарт өөрийн нэрийг цуурайтуулсан Лучано Де Крешенцо билээ. Isaia энэ жилийн загваруудаа тодорхойлоход тус эрхмийн амьдрал уран бүтээл, туурвисан ном зохиол, жүжигчний замналыг нь мөн нарийн судалжээ. Неаполь хотын уугуул иргэн байсан тэрээр өөрийн бүтээлдээ төрсөн хотынхоо өнгө төрх аж байдлыг олонтоо бичиж үлдээснийг харвал Неаполь хот түүнийг хөглөсөн хэмээн тайлбарлаж болох. Тэрээр энгийн нэг зохиолч байгаагүй юм дэлхий олон хэлээр хэвлэгдсэн түүний ном хошигнол хэлбэрийн ёгт үг, егөөдөл болон инээдмийн өнгө аястай аливааг дүгнэн бичсэн нь цаанаа гүн гүнзгий утга агуулдаг. Түүний хувьд эргэлзээ гэдэг нь сул дорой байгаагийн шинж биш, харин нинжин сэтгэл хэмээн үздэг байсан байж. Хамгийн хүнлэг, ухаалаг хүн бол аливаа бодролд эргэлзээтэй хандаж олон талаас нь бодохыг хэлдэг хэмээжээ. Харин бие биеэ хүндлэх хамгийн энгийн хүндэтгэл бол “Би эндүүрч ч байж магадгүй” гэсэн энгийн өгүүлбэрээс эхэлдэг. Энэ бүхний цаана тэрээр өөрийн үндэс язгуур, уламжлал соёлоо дээдэлдэг хүн байлаа. Isaia өдөр бүр өөрчлөгдөж буй хувцаслалтаас зайлсхийж энгийн атлаа хээнцэр байдлыг чухалчилж Лучано Де Крешенцогийн хэлээр энэ жилийн загварыг дүрслэхээр зорьжээ. Загварын ертөнц нэгэн үеийн түр зуурын чиг хандлагыг хөөж, дараагийн давалгаанд автан арчигддаг тал бий. Энэ цаг үед бидний өмнө сонголт бий гэдгийг Isaia уламжлалт хэв шинжийг хадгалж орчин цагт ийн буулгаж байна.
ISAIA, Намар-Өвөл 2025
Үндсэндээ энэ жилийн загварууд завсрын өнгөнүүдээр голчлон бүтээгджээ. Хул бор, хар шүрэн улаан, саарал, усан цэнхэр, сүүн цагаан, цайвар шаргал цаашлаад номин ногоон өнгөнүүд түлхүү танилцуулагдлаа. Голлох материалын хувьд савхи, ноолуур, нэхий, ноос, цэвэр даавуу, ноолуурыг торгон ширхэгтэй хольж түүнчлэн загварт интариа хэмжээст сүлжмэлийг мөн оруулжээ. Энэ жил дахин тренд болоод буй дөрвөлжин хээг ч мөн Isaia өөрсдийнхөөрөө үлгэрлэлээ.
















Эрэгтэй загвар
Isaia энэ жил пальто болон гадуур хүрэм, пальтоны загваруудаа улам өргөн сонголттойгоор танилцууллаа. Өвлийн улирлыг мэдээж гадуур хувцасгүйгээр төсөөлшгүй. Уламжлалт маягийн урт пальтоны хувьд энгэрийн бартааг үл ялиг томсгож, бүсэлхийн танаасыг шулуун эсгүүртэйгээр бүтээв. Пальтогоор дуусалгүй богино нэхий хүрэм, савхин бомбер, өдөр тутам өмсөхөд зориулагдсан парк маягийн куртикийг танилцууллаа. Эрэгтэй пиджакийг энэ удаад түлхүү давхар зөрлөгөөр товчлох загварыг танилцуулж дотуур нь свитер буюу битүү захтай ноосон цамцыг эрчүүдэд санал болголоо. Isaia-гийн үе үеийн загваруудыг сайтар ажвал тэд хамба хилэн даавууг цуглуулгынхаа аль нэг хэсэгт шингээдэг. Зарим талаараа тус брэнд яг ямар дүр төрхийг ямар материалаар урлах вэ гэдгээ маш нарийн тооцоолдогтой холбоотой.
















Эмэгтэй загвар
Isaia эмэгтэй загваруудаараа хэрэглэгчдийнхээ сонирхлыг улам татсаар байна. Гурвалжин энгэртэй ноосон цамцыг тэд энэ удаад дахин загварын тайзнаа буцаан авчирлаа. Энгийн атлаа хээнцэр харагдах тус цамцыг хүрмийн дотуур өмсөж болох хамгийн дэгжин шийдлийг өнгөний төгс хоршлоор танилцууллаа. Бүхэлдээ энэ жилийн тэдний гаргасан эмэгтэй загварууд ажил хэрэгч хувцаслалттай холбон тайлбарлаж болно. Ингэхдээ зарим хэсгийг илүү нарийн зохион бүтээснээрээ өвөрмөц болжээ. Өмдийг шулуун загвараар дүүжин хэлбэртэйгээр загварчилж хагас хуниаст юбкийг тус тус танилцууллаа. Isaia брэндийн нэрийн хуудас болсон биеийн галбирт яг таарсан хослол хийх зорилго ч мөн эмэгтэй хослолд тод ажиглагдав. Өөртөө итгэлтэй ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулсан гил хар хослолыг тэд тэргүүн загваруудынхаа нэгээр онцолжээ.
















Дүгнэн хэлэхэд, Isaia энэ удаад зөвхөн тейлор хийцлэлдээ төвлөрсөнгүй. Харин олон төрлийн материал, сүлжмэлийн нарийн хийц, гар оёмол бүтээлүүдээрээ өөрсдийгөө дахин шинэ өнцгөөс харууллаа. Учир нь сонгодог хэв маяг улирдаггүй. Тэр зөвхөн цаг хугацаатай хамт улам баяжиж, он цагийн хэлхээ бүрд цуурайтсаар байдаг. Наполи шиг, Лучано шиг, Isaia шиг.
ISAIA Mongolia
Утас: 7711 0050
Хаяг: Шангри-Ла, 1-р давхар, ISAIA дэлгүүр
Facebook: ISAIA Mongolia
Instagram: @isaia_mongolia