Хайх

Урлаг, хувцас загварын тухай энэ намар нээлтээ хийх дэлгэцийн бүтээлүүд

Урлаг, хувцас загварын тухай энэ намар нээлтээ хийх дэлгэцийн бүтээлүүд

Text: Ц. Усанболор


Энэ намар үзэгчдийг дэлгэцийн сонирхолтой, томоохон шинэ нээлтүүд хүлээж байна. Найруулагч Лука Гуаданьиногийн Жулия Робертсийн гол дүрд тоглосон кино, Лоран Годегийн Chien 51 романаас сэдэвлэн бүтээсэн дэлгэцийн бүтээл зэрэг анхаарал татсан нээлтүүд ар араасаа гарахаар товлогдоод буй. Эдгээр кинонууд зөвхөн найруулагчийн ур чадвар, жүжигчдийн тоглолт төдийгүй дүрүүдийн хувцас, стиль, загварын шийдэл нь ч үзэгчдийг татах бас нэгэн том шалтгаан болж, хүлээлт үүсгээд буй. Ингээд энэ улирал нээлтээ хийх зургаан киног танилцуулж байна.


Couture

Урлаг, хувцас загварын тухай энэ намар нээлтээ хийх дэлгэцийн бүтээлүүд (фото 1)

Ирж буй улирлын хамгийн загварлаг кино нээлтүүдийн нэг бол Францын найруулагч, зохиолч Алис Винокурын Couture хэмээх бүтээл юм. Нэрээсээ эхлээд анхаарал татаж буй кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Үйл явдал Парисын загварын долоо хоногийн үеэр огтлолцох гурван эмэгтэйн хувь тавилангийн тухай өгүүлнэ. Хөхний хорт хавдар туссан кино найруулагч Максин Уокер, томоохон загварын ордны шоунуудад оролцож байсан, шинэхэн модель Ада болон тайзны ард үргэлж нуугдах, хэзээ ч үнэлэгддэггүй нүүр хувиргагч бүсгүй нарыг юу хүлээж байгаа бол?

Киноны хувцасны дизайнераар Францын үндэсний кино шагнал болох César-д нэр дэвшиж байсан Паскалин Шаванн ажиллаж, дээд зэрэглэлийн загварын ертөнцийн тансаг байдлыг эгэл амьдралын саарал өдрүүдтэй эсрэгцүүлэн, контраст дээр тоглолт хийж, киноны уур амьсгалд онцгой өнгө төрх нэмсэн байна.

Мөн уг киноны албан ёсны түншээр Chanel загварын ордон ажиллаж, зураг авалтад зориулан архивын ховор бүтээлүүдээ гаргаж, мөн тусгайлан хэд хэдэн онцгой загваруудыг урлажээ.

Урлаг, хувцас загварын тухай энэ намар нээлтээ хийх дэлгэцийн бүтээлүүд (фото 2)

After the Hunt

Урлаг, хувцас загварын тухай энэ намар нээлтээ хийх дэлгэцийн бүтээлүүд (фото 3)

Лука Гуаданьиногийн After the Hunt кино нь их сургуулийн эргэн тойронд өрнөнө. Уран бүтээлийн гол дүрд Жулия Робертс, Эндрю Гарфилд, Айо Эдебири нар тоглосон бөгөөд их сургуулийн нэгэн оюутан бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөр үйл явдал эхэлнэ.

Харин киноны хувцас дизайныг дизайнер Жулия Пьерсанти хариуцан ажилласан байна. Тэрээр Call Me by Your Name, Suspiria, Bones and All зэрэг бүтээлүүд дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн. Харин киноны бүтээлч зөвлөхөөр Жонатан Андерсон ажилласан байна. Тэрээр Dior загварын ордонд шинэ албан тушаалд томилогдоод удаагүй ч өөрийн JW Anderson брэндийн хажуугаар Гуаданьиногийн Bones and All, Challengers, Queer зэрэг кинонуудын хувцасны дүр төрхийг бүтээлцээд амжжээ.

Андерсоны преппи стильтэй хувцаснууд их сургуулийн коридорын орчинд төгс зохицож буй трейлэрээс харж болно. Киноны гол дүрүүд албан хийгээд өдөр тутмын стилийг баримталж, өргөн загвартай хүрэм, сул цагаан цамц, товчтой свитер, шулуун өмд өмсжээ.

Урлаг, хувцас загварын тухай энэ намар нээлтээ хийх дэлгэцийн бүтээлүүд (фото 4)

Nouvelle Vague

Урлаг, хувцас загварын тухай энэ намар нээлтээ хийх дэлгэцийн бүтээлүүд (фото 5)

Ричард Линклейтерын шинэ бүтээл Францын кино урлагийн төлөөлөл Жан-Люк Годарын Breathless киноны зураг авалтын үйл явдлыг харуулсан хар-цагаан инээдмийн кино юм. Гол дүрүүдэд Гийом Марбек, Зои Дойч, Обри Дюллен, Адриан Руяр, Роксана Ривьер нар тогложээ.

Харин киноны хувцасны дизайныг загвар зохион бүтээгч Паскалин Шаванн хариуцсан бөгөөд энэхүү киноны анхны хэв маягийг судалж, хэд хэдэн соёлын дүр төрхийг дахин сэргээжээ. Тухайлбал гол дүрийн жүжигчний өмссөн байсан New York Herald Tribune логотой футболкыг яг 1960-аад оны хэв маягаар нь материал, үсгийн хэв гээд бүх деталийг нарийн судалж бүтээжээ.

Урлаг, хувцас загварын тухай энэ намар нээлтээ хийх дэлгэцийн бүтээлүүд (фото 6)

Nouvelle Vague кино албан ёсоор Chanel загварын ордонтой хамтран ажилласан бөгөөд 1956 оны хавар-зун цуглуулгын силк материалтай бейж даашинзыг зураг авалтад зориулан архиваас гаргажээ. Зои Дойчд энэ даашинз маш их таалагдсан тул тэрээр Каннын наадмын нээлтдээ өмссөн байна. Үүнээс гадна кинонд 1960-аад онд хит болж байсан пикси үсний богино цайвар засалтыг сэргээсэн нь киноны дүр төрхөд онцгой нөлөө үзүүлжээ. Зои Дойчийн үс засалт дээр Трейси Каннингем, стилист Бриджит Брегер нар ажилласан байна.


Marc by Sofia

Урлаг, хувцас загварын тухай энэ намар нээлтээ хийх дэлгэцийн бүтээлүүд (фото 7)

София Коппола, Марк Жейкобс нарын олон жилийн нөхөрлөл энэхүү бүтээлч баримтат кино болон төрөн гарчээ. Энэхүү бүтээлд архивын зургууд, хувийн яриануудын хэсгүүд багтсан нь үзэгчдэд загварын ертөнцийн арын амьдралын бага ч болов харах боломжийг олгох аж. София анх Жейкобсын амьдралыг хүүрнэх хүсэлдээ хөтлөгдөн баримтат кино хийхээр шийддэг. Тэрээр түүний хүнд хүүхэд нас, Louis Vuitton брэндийн загварын шоунуудад оролцсон түүх зэргийг нь онцлох хүсэлдээ хөтлөгдсөн гэдэг.

Тэд анх Марк Жейкобсын Perry Ellis-ийн шуугиан тарьсан гранж цуглуулгын загварын шоуны дараахан 1992 онд танилцсан. “София надад нэгэн онцгой зүйл байгааг анх олж харсан цөөн хүмүүсийн нэг байсан бөгөөд тэрээр миний хийж буй бүхий л уран бүтээлүүдийг хүндэтгэдэг байсан. Тэр надтай танилцахыг хүсэж, бид анх уулзах мөчид би түүнийг хараад л дурласан мөч байсан юм!” хэмээн тэрээр нэгэн ярилцлагадаа ярьжээ.

Урлаг, хувцас загварын тухай энэ намар нээлтээ хийх дэлгэцийн бүтээлүүд (фото 8)

Chien 51

Урлаг, хувцас загварын тухай энэ намар нээлтээ хийх дэлгэцийн бүтээлүүд (фото 9)

Лоран Годегийн ижил нэртэй романаас сэдэвлэсэн Седрик Хименесийн бүтээл нь 2045 оны Парис хотод өрнөнө. Хиймэл оюун ухаан ALMA бүтээгчийн хөнөөсөн хэргийг хоёр цагдаа мөрдөнө.

Хувцас дизайныг комеди, адал явдалт кинонуудын хувцас загвараар нэрд гарсан Стефани Ватриган хариуцан ажилласан байна. Тэрээр How to Survive Without Mum, November, The Stronghold, Selfie зэрэг кинонуудад ажиллаж байсан туршлагатай юм.

Chien 51 кино нь Lacoste брэндийн анхны кино хамтын ажиллагаа болж буй юм. Брэндийн спортлог стиль кинонд давамгайлах хэдий ч хар, готик хэв маяг бүхий хувцаснууд ихээхэн ашиглагдсан байна.


Father Mother Sister Brother

Урлаг, хувцас загварын тухай энэ намар нээлтээ хийх дэлгэцийн бүтээлүүд (фото 10)

Жим Жармушийн Father Mother Sister Brother киноны гол дүрд Кейт Бланшетт, Том Уэйтс, Шарлотт Рэмплинг, Адам Драйвер, Вики Крипс, Индия Мур нар тогложээ. Киноны үйл явдал АНУ, Ирланд, Франц гэх гурван улсад өрнөх бөгөөд гэр бүлийн харилцаа, асуудлыг голцуу хөндөх болно. Уг кино Saint Laurent Production-ы Венецийн кино наадамд толилуулж буй анхны кино болж буйгаар онцлог. Хувцас дизайныг хэн хариуцсан нь одоогоор нууц хэвээр байгаа ч Saint Laurent-ийн бүтээлч захирал Энтони Ваккарелло гар бие оролцжээ. Тэрээр киноны түүх, зураг авалтын байрлал бүрд зориулан өөр өөр өнгийн шийдэл гаргасан. Тухайлбал АНУ-г пастель, нам гүм өнгө, Дублиныг винтэж өнгөөр тус тус дүрсэлсэн байна.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх