Хайх

Намар-өвөл 2022 улирлын 10 гол загварын чиг хандлага

Намар-өвөл 2022 улирлын 10 гол загварын чиг хандлага

Text: Buro.Mongolia


Зураг: Buro.Mongolia

Энэ жилийн намар-өвлийн чиг хандлагыг товчхондоо эргэн дурсахуй хэмээн тодорхойлох боломжтой. Өнгөрсөн улирлын хувьд загвар зохион бүтээгчид түлхүү 1990, 2000-аад он дээр төвлөрч, хамгийн тод, галзуу, секси загваруудыг эргүүлэн авчирсан. Харин одоо тухайн үеийг илэрхийлдэг бас нэгэн гоо зүй буюу минимал хэв маяг зонхилох төлөвтэй байна. Түүнчлэн дизайнерууд макси загварыг улам урт, мөн oversize хувцсыг илүү том болгож, гутлын түрийг гуя хүртэл нь өндөр урлаж, загварт хил хязгаар байхгүй гэдгийг баталсаар байна.


90-ЭЭД ОНЫ ЭНГИЙН ТӨРХ

Намар-өвөл 2022 улирлын 10 гол загварын чиг хандлага (фото 1)

Энэ бол намар-өвлийн хамгийн минимал трендүүдийн нэг бөгөөд чиг хандлага болтлоо өргөн цар хүрээг хамарна гэж хэний ч санаанд ороогүй юм. Тус хэв маягт шопахолик нэгнээс эхлэн капсул хувцасны шүүгээтэй хүмүүст хүртэл байдаг цагаан майк, цэнхэр жийнс, нарийн мөртэй даашинз зэрэг энгийн хувцаснууд багтдаг билээ. 


НҮСЭР ТОМ ХАНЦУЙ

Намар-өвөл 2022 улирлын 10 гол загварын чиг хандлага (фото 2)

Хэзээд эрэлттэй байдаг бомбер хүрэм энэ удаа нүсэр том ханцуйтайгаар эргэн ирлээ. Prada, Elie Saab, LaQuan Smith брэндүүд том ханцуйтай, төрөл бүрийн хатгамлаар чимсэн үдшийн өнгө аястай загварыг харуулсан бол Loewe арьсан оруулга бүхий винтэж уур амьсгалтай бомбер, харин Isabel Marant, Raf Simons, Sacai загварын орднууд өвдөг давсан oversize силуэттэй хувилбарыг цуглуулгадаа багтаажээ.


ГАЗАР ШҮРГЭМ УРТ

Намар-өвөл 2022 улирлын 10 гол загварын чиг хандлага (фото 3)

Хэрвээ хавар-зуны улирлын гол дүр микро юбка байсан бол намрын улиралд газар шүргэсэн урттай загварууд голлох хандлагатай байна. Энэ жил дизайнерууд ихэвчлэн макси юбкан дээр төвлөрөн ажиллаж тус бүр өөрсдийн гэсэн онцлогтой хувилбаруудыг толилуулжээ. Хамгийн өв тэгш тейлор хийцтэй юбкаг The Row брэндээс, гранж өнгө аястай доор суудалтай макси загварыг Altuzarra-гаас олох боломжтой. Үүнээс гадна Saint Laurent, Bottega Veneta, David Koma болон бусад брэндүүд уг чиг хандлагын эгнээнд нэгдсэн байна.


СПОРТЛОГ ГОО ЗҮЙ

Намар-өвөл 2022 улирлын 10 гол загварын чиг хандлага (фото 4)

Спорт өмсгөлийг өөр төрлийн загварын урсгалтай хослуулан өдөр тутамдаа өмсөхийг хэд, хэдэн брэндүүд уриаллаа. Тухайлбал, Off-White хөл бөмбөгийн ороолтыг дан ганц дуртай багаа дэмжихээр стадион дотор зүүх биш, харин хүссэн үедээ зүүж, төрхдөө өнгө нэмэхийг зөвлөсөн билээ. Харин Dior загварын ордон корсетны хэлбэрээр урласан хийлдэг хантаазыг готик хар даашинзтай хослуулж тэс өөр уур амьсгалыг бүрдүүлжээ. Үүний сацуу теннисчины юбка, моточдын арьсан бээлий, пүүзэн загвартай өсгийтүүд мөн адил эрэлттэй байх болно.


МОТО СТИЛИЙН АРЬСАН ЗАГВАРУУД

Намар-өвөл 2022 улирлын 10 гол загварын чиг хандлага (фото 5)

Цайрч, өнгө алдсан ч улам биед дасал болж, дотно мэдрэмж төрүүлдэг хувцаснуудын нэг бол яахын аргагүй савхин хүрэм билээ. Тэгвэл Miu Miu, Acne Studios, Diesel брэндүүдийн бүтээлч захирлууд яг л олон жил эдэлсэн мэт харагдах савхин хүрмийг урлаж, намрын трендийг тогтоогоод байна. Энэхүү хувцсыг мото спортын байкерчдын хэв маягаар загварчлахад тохиромжтой.


НООСОН ХУВЦАСНЫ ШИНЭ ЭРИН ҮЕ

Намар-өвөл 2022 улирлын 10 гол загварын чиг хандлага (фото 6)

Хүйтний улиралд ноосон материалтай зузаан хувцас тренд гэхээсээ илүү зайлшгүй хэрэгцээ байдаг ч дизайнерууд хэд хэдэн шинэлэг хийц, сонирхолтой стилистик аргачлалуудыг танилцуулснаар тус загвар нь трендүүдийн нэгээр тодроод байна. Тухайлбал, Chanel загварын ордон 1990 оны өнгө аястай, цэцгэн хээ зонхилсон юбка, кардиганы ноосон хослолыг сэргээн авчирч, Louis Vuitton брэнд ноосон цамцыг макси юбка, эсвэл даашинзны дээгүүр бүсэлхийгээрээ уяж загварчлахыг зөвлөж, харин Molly Goddard классик кардиганыг өөрсдийн нэрийн хуудас болсон хөвсгөр торон даашинзтай хослуулжээ.


ПОП-ПАНК БОЛОН ГРАНЖ

Намар-өвөл 2022 улирлын 10 гол загварын чиг хандлага (фото 7)

1980-аад онд хүнд метал, панк, рок-н-роллыг нэгтгэсэн The Melvins, Green River, Soundgarden хамтлагууд байгуулагдаж, гранж хөгжмийн урсгал олонд танигдаж байсан. Энэхүү соёлыг дагаад гранж урсгал загварын бие даасан нэг хэсэг болж, 90-ээд онд эрэлтийнхээ хамгийн дээд цэгтээ хүрч байжээ. Тэгвэл 2022 онд гранж хэв маягийн дараагийн давлагаа үүсэх магадлалтайг мэргэжилтнүүд хэлж байна. 


НАМГИЙН ГУТАЛ

Намар-өвөл 2022 улирлын 10 гол загварын чиг хандлага (фото 8)

Дизайнеруудын хувьд өвдөг давсан гутлын түрий хангалттай урт байгаагүй бололтой. Тэд зүгээр ч нэг урт биш, бүр экстра урт буюу гуя хүрсэн түрийтэй гутлыг санал болгож байна. Зарим хүмүүс энэхүү загварыг загасчдын, эсвэл газар тариалан эрхлэгчдийн намагт өмсдөг гуталтай жишсэн бөгөөд сүүлд л гэхэд BLACKPINK хамтлагийн Женнигийн “Pink Venom” дууны клипэн дээрээ өмссөн Chanel-ын гутал багахан тохуурхалд өртөөд байгаа юм. Харин уг трендийн талаарх таны бодол ямар байна вэ?


OVERSIZE СИЛУЭТ

Намар-өвөл 2022 улирлын 10 гол загварын чиг хандлага (фото 9)

Peter Do болон Louis Vuitton-ы цуглуулгад багтсан маш өргөн, том мөртэй, хүйсгүй загварын пиджак, аль эсвэл Bottega Veneta, Brandon Maxwell, Simone Rocha загварын орднуудын толилуулсан хэдэн арван давхар хормойтой, хөвсгөр юбка болон даашинзнууд оversize хэмжээнд хязгаар байхгүй гэдгийг харууллаа.


ҮЛГЭР БИЕЛЛЭЭ ОЛСОН НЬ

Намар-өвөл 2022 улирлын 10 гол загварын чиг хандлага (фото 10)

Торон даашинз, ягаан өнгө, цэцгэн хээ, А силуэт, хөвсгөр ханцуй зэрэг Диснейн гүнжүүдийг санагдуулам элемент орсон хувцаснууд энэ намрын хамгийн өхөөрдөм чиг хандлагаар тодроод байна. Энэхүү загваруудыг Cecilie Bahnsen, Simone Rocha, Paco Rabanne брэндүүдийн шинэ цуглуулгаас сонирхох боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх