Хайх

80/20 дүрэм: Дахин дэглэм барих шаардлагагүй

80/20 дүрэм: Дахин дэглэм барих шаардлагагүй

Алтан дүрэм

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Эрүүл, сайхан биетэй байхын тулд ихэнх бүсгүйчүүд бүхий л амьдралынхаа турш хатуу хоолны дэглэм барих сонголтыг хийдэг. Гэхдээ хамгийн гол нь тэд дундаас нь шантарч, хүссэн зорилгодоо хүрэхгүй байх тохиолдол элбэг бий.Тэгвэл илүү удаан хугацаанд хэрэгжүүлэх боломжтой эрүүл хооллолтын шийдлийг Бюро 24/7 танд санал болгож байна

"Аткинс", "цавуулаггүй", "цагаан хоол" гэх мэт асар олон хоолны дэглэм сүүлийн үед тренд болж, эрүүл хооллолтын ертөнцөд ноёрхсоор байгаа. Тэгвэл та эдгээр дэглэмүүдийг бүхий л амьдралынхаа турш баримталж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Хааяа ч болов уу хүссэн бялуугаа амталж, шарсан гахайн мах идмээр санагдах үед яах вэ? Мэдээж хэрэг та хүссэн биеийн галбиртаа хүрсний дараагаар хаясан бүх илүүдэл жингээ эргүүлэн нэмэхийг хүсэхгүй шүү дээ. Тиймээс анхнаасаа удаан хугацааны турш баримтлах боломжгүй, хатуу дэглэм барих хэрэгтэй гэж үү? Үүний оронд бид танд насан туршдаа хэрэгжүүлэх боломжтой 80/20 гэх эрүүл хооллолтын алтан дүрмийг санал болгож байна.

80/20 дүрэм гэж юу вэ?

Shape сэтгүүлийн мэдээлснээр таны нэг өдөрт авах нийт илчлэгийн 80%-ийг дахин боловсруулаагүй, химийн орцгүй бүтээгдэхүүн эзлэх ёстой гэнэ. Ийм шаардлагыг жишээлбэл бүхэл үрийн хүнс, ногоо, жимс, шинэхэн мах гэх зэрэг бүтээгдэхүүнүүд хангадаг байна. Харин үлдсэн 20%-д нь та өөрийн дуртай, хүссэн зүйлээ идэх боломжтой юм. Эрүүл хооллолтын энэхүү зарчмыг хэрэгжүүлснээр та жингээ хадгалахын зэрэгцээ идэх дуртай зүйлсээсээ бүр мөсөн татгалзах шаардлагагүй болж байна.

80/20 дүрэм: Дахин дэглэм барих шаардлагагүй (фото 1)

Давуу ба сул талууд

Энэхүү дүрмийн хамгийн гол давуу тал нь насан туршдаа баримталж болоход оршино. Өөрөөр хэлбэл гэмшихгүйгээр дуртай зүйлээ идэхийн зэрэгцээ, эрүүл амьдралын хэв маягаа баримталж болно гэсэн үг юм шүү дээ.

Тэгэхдээ 80/20 дүрэм нь жин хасах зорилготой хүмүүс хэрэгжүүлэхэд тийм ч тохиромжтой арга биш. Учир нь илүүдэл жин хасахад авч буй илчлэгээс илүү их энерги зарцуулах нь хамгийн чухал байдаг. Харин энэхүү дүрэм нь жин хасахаас илүүтэй тэнцвэртэй хооллож, жингээ барих зориулалттай арга юм.

Юуг анхаарах вэ?

80/20 дүрмийг хэрэгжүүлэх гэж буй хүмүүс юуны түрүүнд хоолны порцыг чухалчлах хэрэгтэй гэж Shape сэтгүүл зөвлөж байна. Мөн хэдийгээр өдөрт авч буй илчлэгийнхээ 20%-ийг хүссэн хүнсний зүйлээр бүрдүүлж болох ч чипс идэж, хийжүүлсэн ундаа уух нь тохиромжгүй шийдэл юм. Тэгэхээр өөрийгөө урамшуулах (зүсэм бялуу эсвэл улаан дарс байж болно) боломжоо ямар ч тэжээлгүй, хортой хүнсний бүтээгдэхүүнээр орлох хэрэггүй. Түүнчлэн өөрт байгаа 20%-ийн боломжоо бүгдийг нь ашиглахгүй байж болохыг анхаараарай.

цааш үзэх