Хайх

Бид яагаад олон нийтийн сүлжээнд эксүүдээ тагнадаг вэ? Мөн үүнийг хэрхэн зогсоох вэ?

Бид яагаад олон нийтийн сүлжээнд эксүүдээ тагнадаг вэ? Мөн үүнийг хэрхэн зогсоох вэ?

BURO.-д зориулан сэтгэл зүйч зөвлөж байна

Text: Buro.Mongolia


Эксээ тагнах зорилгоор олон нийтийн сүлжээнүүдэд хуурамч хуудаснууд үүсгэн түүнийг дагах, найзынхаа хуудсаар дамжуулан тандах, “Тэр хэрхэн амьдарч байгааг нэг удаа хараад л болоо” хэмээн өөрийгөө хуурах зэрэг үйлдлүүд танд танил байна уу? Сэтгэл зүйчид олон нийтийн сүлжээгээр эксээ байнга тагнах нь хар тамхины адил донтуулдаг нөлөөтэй төдийгүй таны сэтгэлзүйн байдалд хор хөнөөл учруулдаг болохыг тайлбарласан байдаг. Тэгвэл бид яг ямар шалтгаанаар ийм үйлдэл хийдэг мөн хэрхэн үүнийг зогсоох талаар мэргэжилтэн ярьж байна.


Бид яагаад эксүүдээ олон нийтийн сүлжээнд тагнадаг вэ?


Тодорхой хэдэн удаа давтагдсан үйлдэл улмаар зуршил болдог. Үүний адил эксийнхээ Facebook, Instagram хуудаснуудыг тогтмол тагнах нь муу зуршил болон хувирдаг. Бидний тархи маш хурдтай ердийн үйлдлүүдийг цээжилдэг бөгөөд бид үүнийг ухаарч ч амждаггүй билээ. Тэдгээр хор хөнөөлтэй тогтмол үйлдлүүд дараа нь бүр донтолт болж хувирах ч эрсдэлтэй. Тэгвэл эксийнхээ хуудаснуудыг дагах зуршил яагаад үүсдэг юм бол?

1. Өөрийгөө орлуулшгүй мэт мэдрэхийг хүсдэг

Хүнд өөрийнхөө үнэ цэнэ, өвөрмөц шинж чанарыг мэдэрч байх нь маш чухал тул яг л энэ мэдрэмжийг авах гэж эксийнхээ хуудсаар дахин дахин зочилдог байна. Тодруулбал, та эксийнхээ хуудас руу орж өөр нэгэн таныг “орлуулах” хүнтэй хамт авахуулсан зураг нийтлэгдээгүй байгааг харан өөрийнхөө ач холбогдлыг мэдэрдэг юм. Ийнхүү та өөрийгөө түүний амьдралд тохиосон хамгийн сайхан зүйл хэмээн бодож орлуулшгүй байх хэрэгцээгээ хангаж байгаа гэсэн үг билээ.

2. Түүнийг тавьж явуулахыг хүсдэггүй

Та өөрт ямар ч хамааралгүй болсон хүнийхээ амьдралыг тагнаж байна шүү дээ. Гэсэн хэдий ч өмнө нь түүний амьдралын нэг хэсэг байсан тул одоо тэрээр тангүйгээр хэрхэн амьдарч байгааг мэдэх нь чухал юм шиг санагдаж магадгүй. Аль эсвэл та эксээ сэтгэл дотроо үзэн яддаг учраас тэр хүнд илүү их ач холбогдол өгөн мартаж чаддаггүй байж болох юм. Учир нь хүний тархи хайр болон үзэн ядалтын дохиог ялгаж салгадаггүй байна.

3. Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун биш 

Эксийнхээ хуудсыг нууцаар дагадаг зуршлаа тавьж чаддаггүйн нэгэн тааламжгүй шалтгаан бол таны өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун бус байдал юм. Мэдээж та аз жаргалтай байсан бол болоод дууссан зүйлсийг дахин сөхөж сэтгэлийн тайван байдлаа алдагдуулахгүй л болов уу. Тийм учраас танд ямар нэг зүйл дутагдаад байж болзошгүй бөгөөд бөгөөд эксийнхээ хуудсыг үзсэнээр тэр одоо ч таны амьдралд байгаа мэт хуурамч төсөөлөл бий болгодог байх. Таны амьдрал танд бүрэн дүүрэн мэдрэмжийг өгөх хүртэл та ийнхүү хуурамч төсөөллөөр амьдралаа дүүргэж байгаа нь энэ юм. 

4. Сайхан амьдрах боломжоо алдсан байх вий гэж айдаг

Заримдаа эксийнхээ хуудсыг тагнахдаа бид буцаад түүнтэй нийлэх талаар боддог. "Өмнө нь хамтдаа сайхан байсан шүү дээ" хэмээн бодогдож эхэлдэг. Энэ бол үнэн хэрэгтээ боломжоо алдсан байх вий гэсэн айдас юм. Энгийн үгсээр тайлбарлавал, таны оролцоогүйгээр сайхан үйл явдлууд өрнөх вий, сайхан амьдрах боломжоо алдсан байх вий хэмээн айж байж болзошгүй. Сэтгэл санааны ийм байдалд орсон үедээ та салалтын гол шалтгаан болон таарч тохирохгүй байсан дурсамжуудаа мартах нь элбэг байдаг. Үр дүнд нь өмнөх харилцаагаа санаж эхэлдэг байна.


Хүмүүс хуучин амрагуудаа мартаж, олон нийтийн сүлжээн дэх хуудсыг нь дагахаа больсны дараа тэдний сэтгэл санааны байдал дээрддэг болох нь судалгаагаар батлагдсан байдаг. Энэ нь яг л цэврүү үсрэхтэй адил юм. Оролдохгүй байвал илүү хурдан эдгэнэ. Хамгийн гол нь та яг юу хүсэж байгаагаа ойлгох хэрэгтэй. үргэлж ийм хамааралтай баймаар байна уу, эсвэл мартаад цаашаагаа алхмаар байна уу? 

Мэдээж салсны дараа зүрх шархалж, түүнийг санах нь хэвийн үзэгдэл юм. Гаргасан шийдвэртээ эргэлзэх нь ч мөн байдаг л зүйл. Гэсэн хэдий ч энэ тогтворгүй байдлаасаа аль болох эрт ангижирсан нь дээр юм шүү. Учир нь таны сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж бүр ч илүү хор хөнөөлтэй үр дагаврууд дагуулж болзошгүй юм.


Тэгвэл хэрхэн энэ муу зуршлаас салах вэ?


Та эксээ мартах оролдлого хэд хэдэн удаа хийгээд бүтэлгүйтсэн бол арга барилаа шинэчлэх цаг иржээ. Жишээ нь хэрэв та нийтийн тээврээр зорчих үедээ эксийнхээ хуудсаар аялаад хэвшсэн бол үүний оронд явган алхахыг илүүд үзээрэй. Мөн унтахынхаа өмнө Instagram эсвэл Facebook хуудсаа нээх бүртээ хамгийн түрүүнд түүний хуудсыг зорьдог бол утас болон бусад дэлгэцээ унтраагаад оронд нь ном уншиж хэвшсэнээр анхаарал тань өөр зүйл рүү зүглэх болно.

Бас нэгэн ухаалаг арга бол эксийнхээ хуудсыг тагнаагүй өдрүүдээ календарь дээр улаан балаар тэмдэглэх юм. Улмаар ийм өдрүүд улам бүр нэмэгдэхийг та өөрөө ч анзаарахгүй. Харин улаан тэмдэгтэй өдрүүд хангалттай болсон үед та эксээ тагнах ёстойгоо ч мартсан, улаанаар тэмдэглэгээгээ ч хийхээ мартсан байна. Ингээд л та энэ бүгдийг мартсан байх болно. 

Эцэст нь хэлэхэд, өмнөх харилцаагаа орхих хүртэл та одоогийн болон ирээдүйн харилцаандаа 100 хувь аз жаргалтай байж чадахгүй гэдгийг санаарай. Байнгын харьцуулалт хийж, хэрэггүй дурсамжууд таны бодлыг эзлэх болно. Та үүнийг хүсээгүй биз дээ?

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх