Хайх

Бид яагаад тарвасыг хальстай нь идэх ёстой вэ?

Бид яагаад тарвасыг хальстай нь идэх ёстой вэ?

Text: Buro.Mongolia


Усархаг, хүйтэн бас чихэрлэг тарвас бол халуун зуны өдрийн аврагч билээ. Тарвас нь А, С амин дэмүүд, фитонутриентүүдээр баялаг бөгөөд 92% нь уснаас бүрддэг тул амны цангааг тайлахын сацуу биеийн шингэний хэмжээг тэнцвэржүүлдэг тустай. Эдгээрээс гадна өндөр шим тэжээл болон чихрийн бага агууламжийн зохицол нь тарвасыг халууны улиралд идэхэд хамгийн тохиромжтой жимс болгодог юм.

Гэвч дийлэнх хүмүүс тарвасын хальсан хэсэгт ашигтай шим тэжээлүүд агуулагддагийг мэддэггүй байна. Тодруулбал, ОХУ-ын хоол тэжээлийн мэргэжилтэн Анна Ивашкевич "Тарвасын ногоон хэсэгт органик хүчил, кальци, натри, фосфор, магни, хлорофилл, эслэг, B, C, PP, A, E бүлгийн витаминууд агуулагддаг" хэмээн хэлсэн ба уг хэсгийг дөрвөлжилж хэрчин салатандаа нэмэхийг зөвлөжээ. Түүнчлэн энэ нь толгойн хүчтэй, давтамжтай өвдөлтийг буюу мигрень өвчнийг намдаадаг байна. Үүнээс гадна эрүүл мэндийн Healthline вебсайтын нийтлэлд тарвасын хальс нь ислэгээр баялаг талаар бичжээ. Ислэг нь маш олон эерэг үр нөлөөтэй ба цусан дахь сахарын хэмжээг бууруулан холестеролын хэмжээг багасгаж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг билээ. Мөн зарим судалгаагаар энэхүү бүтээгдэхүүн нь илүүдэл жинтэй насанд хүрэгсдийн цусны даралтыг тэнцвэржүүлдэг ашиг тустай болох нь батлагджээ. Анхааруулахад, уг жимсийг ургуулахад олон төрлийн шавж болон хогийн ургамлын эсрэг химийн бодисыг хэрэглэдэг тул химийн бодисын оролцоогүйгээр гэрийн нөхцөлд ургуулсан баталгаатай жимс сонгохыг хоол, тэжээлийн мэргэжилтнүүд хэлж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх