Хайх

Нойрны тухай түгээмэл тархсан 10 өрөөсгөл ойлголт

Нойрны тухай түгээмэл тархсан 10 өрөөсгөл ойлголт

Text: Buro.Mongolia


Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн чухал хэсэг нь яах аргагүй нойр байдаг билээ. Нойр хангалттай авснаар хүний бие болон оюун ухаан амарч, нөхөн сэргээгдэж, энергиэр цэнэглэгддэг учир үндсэндээ бидний эрүүл мэнд, сэтгэл зүй, болон амьдралын чанарт хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлүүдийг нэг юм.

Саяхан бясалгал болон амралтын зориулалтаар ашигладаг “Calm” аппликейшнээс нойртой холбоотой нэгэн сонирхолтой судалгааг явуулжээ. Судалгаанд нийт 4,337 хүн оролцсон бөгөөд Америк, Англи Франц зэрэг орнуудыг хамруулсан байна. Уг судалгааны үр дүнгээс олж мэдсэн нойрны талаарх хамгийн түгээмэл тархсан өрөөсгөл ойлголтууд болон тэдгээрийн залруулгыг хүргэж байна.

#1

Машин удаан жолоодох үед нойрмоглох явдал олон хүнд бишгүй тохиолддог. Судалгаанаас үзэхэд хүмүүсийн 56% машиныхаа цонхыг буулгах эсвэл агааржуулагчаа хүчтэй үлээлгэх нь нойр сэргээдэг гэж үздэг ч яг үнэндээ энэ нь худлаа гэнэ. Харин ч ийм нойрмог байдалтай үргэлжлүүлж машинаа барих нь аюултай бөгөөд замаас гарч түр зогсоод 15 минут дуг хийх нь хамаагүй илүү үр дүнтэй байдаг байна.

#2

Судалгаанд оролцогчдын 48% нь унтах үед хүний тархи амардаг гэж боддог. Гэтэл үнэндээ унтах үед хүний бие амардаг ч тархи ажилласаар байдаг ба биеийн үйлдлийг удирдсан хэвээр байдаг гэнэ.

#3

Зүүдэндээ явдаг хүмүүс маш олон байдаг. Тэгвэл тэднийг сэрээх ёстой юу гэсэн асуулт гарч ирдэг. Ихэнх хүмүүс тэднийг сэрээх ёсгүй гэж боддог нь маш буруу гэнэ. Тэд өөрийн мэдэлгүй нойрондоо өөрсдийгөө болон бусдыг аюулд оруулж болзошгүй тул тэднийг сэрээж ор луу нь буцааж хүргэж өгөх нь зүйтэй юм.

#4

Хүмүүс өөрсдийгөө зөвхөн гүн нойрсохдоо л зүүдэлдэг гэж боддог. Гэтэл нойрны бүх үе шатанд зүүдэлж болдог гэнэ. Ялангуяа РЕМ нойрны үед буюу хөнгөн нойрсох үедээ хамгийн тодоор зүүдэлдэг байна.

#5

Судалгаанаас үзэхэд хүмүүсийн 31% нойр хүрэхгүй байсан ч хэвтээд л байвал удахгүй унтчихна гэж боддог. Хэрвээ 20 минут хэвтээд нойр тань хүрэхгүй хөрвөөсөөр л байвал босоод ном унших, эсвэл хөгжим сонсох гэх зэргээр өөрийгөө амрааж тайвшруулах зүйл олж хийх хэрэгтэй. Унтаж чадахгүй мөртлөө удаан хугацааны турш орондоо хэвтээд байвал цаашид таны хувьд унтлагын өрөө, ор  зэрэг нь таагүй сөрөг мэдрэмж төрүүлж эхэлнэ.

#6

Ихэнх хүмүүс унтаж байхдаа өөрсдөө мэдэхгүйгээр жилдээ л гэхэд нэлээд  хэдэн аалз залгидаг гэдэгт итгэдэг. Гэхдээ аалз таны ам хамар руу орохгүйгээр барахгүй харин ч унтаж буй хүнээс айж зугтаадаг гэнэ.

#7

Амралтын өдрөөр их унтаж нойроо нөхнө гэдэг хүмүүсийн бодол хамгийн том өрөөсгөл ойлголт юм. Хэдийгээр энэ нь логиктой сонсогдож болох ч ажлын өдрөөр сайн нойр авч чадаагүйгээс болж үүссэн ямар нэгэн сөрөг үр нөлөөг амралтын өдрийн нойр шийдэж чадахгүй нь судалгаагаар тогтоогджээ. Харин өдөр бүр тогтмол цагт унтаж сурах нь биед эрүүл дадал болж өгдөг байна.

#8

Олон хүмүүс унтахын өмнө согтууруулах ундааг багахан хэмжээгээр хэрэглэх нь гүн нойрсоход тусалдаг гэж боддог. Үнэн хэрэгтээ согтууруулах ундаа ууснаар шөнө энгийн үеэс илүү ойр ойрхон сэрдэг тул эсрэгээрээ сайн амарч чаддаггүй байна.

#9

Хурхирах аюултай юу? Ихэнх хүмүүс хурхирахыг ямар нэгэн асуудал гэж хүлээж авдаггүй. Гэвч зарим тохиолдолд хурхирах нь “apnea” гэх амьсгал тасалддаг нойрны өвчний шинж тэмдэг байдаг. Ялангуяа шөнө унтахдаа их хурхирдаг бөгөөд өдрийн цагаар үргэлж зүүрмэглэдэг бол нойрны өвчин байж болзошгүй тул анхаарахгүй орхиж болохгүй.

#10

Зарим хүмүүс унтахын өмнө бяслаг идэх нь хар дарж зүүдлэхэд нөлөөтэй гэж боддог. Үүнийг батлах ямар нэгэн шинжлэх ухааны нотлох баримт байхгүй бөгөөд харин ч бяслаг нь триптофан гэх амин хүчлийг агуулдаг учир нойронд сайнаар нөлөөлдөг байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх