Хайх

Яг одоо \"Йог\" хийж эхлэх шалтгаанууд

Яг одоо "Йог" хийж эхлэх шалтгаанууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Тусгаарлалтын үед гэртээ хийх хамгийн боломжтой, бидний эрүүл мэнд болон бие бялдарт гайхалтай сайнаар нөлөөлөх дасгалуудын нэг бол йог юм. Йог нь бидэнд амьдралыг илүү эерэгээр харахад тусалж, анхаарал төвлөрүүлэх чадварыг сайжруулахын хажуугаар тайвшрал, амарлингуй байдлыг мэдрүүлэх зориулалттай дасгал юм. Үүнээс гадна биеийн сунгалтыг сайжруулж, булчинг чангалж, биеийг илүү хүчирхэг болгох зэрэг олон талын ач тустай. Йог нь эртний Энэтхэгээс гаралтай ба “Union” буюу нэгдэл гэсэн үгнээс үүссэн байна. Энэ нь оюун санаа болон бие махбодын нэгдлийг илэрхийлж байгаа юм.

Хүмүүс йогийг толгой болон гаран дээрээ тогтдог, эсвэл сунгалт шаардсан дасгалууд хийдэг гэдгээр нь ихэвчлэн мэддэг учир зөвхөн сунгалт сайтай хүмүүст зориулсан дасгал хэмээн туршиж үзэхээс цааргалах нь бий. Гэвч яг үнэндээ йог нь ямар ч насны, ямар ч бие галбиртай хүмүүс өөрсдийнхөө сонирхол болон чадварт тааруулан хийх боломжтой хамгийн уян хатан дасгалуудын нэг юм. Тиймээс танд яг одоо йог хийж эхлэх хэрэгтэй шалтгаануудыг танилцуулж байна.

Яг одоо "Йог" хийж эхлэх шалтгаанууд (фото 1)

1. Үр дүнтэй дасгал болдог

Йог нь маш үр дүнтэй биеийг чийрэгжүүлэх дасгалуудын нэг юм. Бусад дасгалтай харьцуулбал өөрийнхөө хурд болон ур чадварт тааруулан хийж болдгоороо онцлогтой. Ямар ч төрлийн йогийн дасгалыг тогтмол хийж заншвал суларсан булчингуудаа чангалж, биеэ галбиржуулах боломжтой.

2. Биеэ мэдрэх боломж олгодог

Йогийн сунгалт болон олон төрлийн дасгалууд нь уян хатан байдлыг сайжруулж, биеийг илүү хүчтэй, бас тэсвэртэй болгодог. Тиймээс ч йогийн дасгалыг өдөр болгон тогмол хийснээр өөрийн биеийг сонсож мэдрэн, биеийнхээ аль хэсгүүдийг эрүүл байгаа, мөн аль хэсэгт асуудал байгааг мэдэхэд тусалдаг. Тогтмол йог хийснээр хүний эрүүл мэнд, бие бялдар мэдэгдэхүйц сайжирдаг.

3. Амьсгалын техник сайжруулдаг

Йогийн дасгалын нэгэн том хэсэг нь амьсгалын дасгал буюу “pranayama” байдаг. Амьсгал дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлж уг дасгалыг хийдэг бөгөөд үүнийг хийснээр хүн тайвширч, стрессээс ангижрахад нөлөөлдөг байна. Түүнчлэн уушгины багтраа өвчтэй хүмүүст зөв амьсгалахад нь ихээхэн тусалдаг гэнэ.

4. Илүү сайн унтаж амрахад тусалдаг

Уг дасгалын бас нэгэн чухал ач тус нь хүнийг илүү сайн унтаж амрахад нөлөөлдөгт оршино. Унтахынхаа өмнө хийхэд зориулагдсан хэд хэдэн йогийн дасгалууд байдаг. Үүнийг хийснээр амархан нойр хүрч, нойрны чанар ч илүү сайжирдаг байна. Түүнчлэн йог хийснээр биеийн асуудалтай хэсгүүдийн өвчин нь намддаг учир илүү тайван, зовиургүй унтахад тусалдаг.

5. Биеийг зөв байрлалтай болгоно

Йог хийхэд цэх суух шаардлагатай байдаг учир үүнээс шалтгаалан биеийн байрлал их засагддаг. Дэлгэцийн ард байнга сууснаас болж бид нуруу далийх, суулт өгөх зэрэг олон асуудлуудтай тулгардаг. Харин йог хийснээр эргээд зөв байрлалтай сууж мөн цэх явж сурдаг байна.

6. Биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд

Йог нь зөвхөн бие бялдарт нөлөөлөөд зогсохгүй сэтгэл санааны хувьд ч эерэг нөлөөтэй. Йогийн гол зорилго нь биеийн хүч болон сунгалт шаардсан позуудыг барьж, үүнд төвлөрсөн дасгалуудыг хийснээр биеийг илүү хүчтэй, тэсвэртэй болгох юм. Үүнээс гадна амьсгалын дасгалууд нь уушгины багтаамжийг сайжруулан, сунгалт нь хэвлийн булчингийн хүчийг нэмэгдүүлдэг. Эдгээр дасгалуудыг хийхдээ хүмүүс зөвхөн тухайн үедээ төвлөрч хийдэг учраас оюун санаа нь амарч, элдэв бодлоос ангижран, стрессдэх нь багасдаг байна.

7. Бясалгалтай хослуулбал амьдралыг тань өөрчилнө

Бясалгал бол йогийн маш чухал хэсэг юм. Хичнээн олон хэцүү поз, дасгалуудыг хийсэн ч өөрийн бодол, оюун санаан дээрээ төвлөрч хийхгүй бол төдийлөн үр дүнтэй байж чадахгүй. Бясалгалыг өдөр бүр богино хугацаагаар ч хамаагүй хийж амьдралынхаа нэг хэсэг болгох хэрэгтэй. Тавхан минутыг өөртөө гаргаад чимээгүй тайван орчинд хийхэд л хангалттай. Бясалгал хийснээр оюун санаа амарч, амьдралд тохиолдож байгаа бүхнийг хүлээн авч тархиндаа боловсруулах цаг хугацаа, боломжийг гаргаж өгдөг байна. Ингэснээр хүмүүс илүү аз жаргалтай болж амьдралын чанар нь илүү сайжирдаг.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх