Хайх

Байгальд ээлтэй иргэн байх хамгийн энгийн 7 дадал

Байгальд ээлтэй иргэн байх хамгийн энгийн 7 дадал

Хойч үедээ ногоон дэлхийг үлдээхэд хүн бүрийн оролцоо чухал!

Text: Buro.Mongolia


Хэдийгээр бид хог хаягдал, хуванцар хэрэглээ, ухаалаг худалдан авалтын талаар нэлээдгүй ярьж, бичиж эхэлсэн ч судалгаа, бодит тоон статистик дээр тэдгээрийн зохисгүй хэрэглээ огтхон ч өөрчлөгдсөн зүйлгүй, харин ч улам нэмэгдсээр байгаа нь тун харамсалтай. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн форумын хийсэн судалгаагаар хүн төрөлхтөн одоогийн хуванцар хэрэглээндээ өөрчлөлт оруулж чадахгүй бол 2050 он гэхэд далайн бүх загасыг нийлүүлснээс ч их хуванцар хог хаягдал далайд хуримтлагдана гэлээ.

Сүүлийн хэдэн зуун жилийн турш хүний хүчин зүйлийн нөлөөгөөр агаар мандал, хөрс, ус улам бүр бохирдсоор байна. Гэтэл бидний өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх боломжтой маш жижиг өөрчлөлтүүд байгаль дэлхийд ямар том тус хүргэж чадахыг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Тэгвэл бид уншигч танд байгальд ээлтэй амьдрахад туслах энгийн ч хамгийн үр дүнтэй 7 аргыг хуваалцахаар шийдлээ. Эдгээр өөрчлөлтийг өөрөөсөө эхлэн, бусдадаа нөлөөлж, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгохыг уриалж байна.

1. Нэг удаагийн хэрэглээнээс татгалзах

Байгальд ээлтэй иргэн байх хамгийн энгийн 7 дадал (фото 1)

2021 онд нийт 583 тэрбум хуванцар сав үйлдвэрлэгдсэн нь таван жилийн өмнөхтэй харьцуулахад 100 тэрбумаар их тоо юм. Үүгээр ч зогсохгүй 2022 онд нийт 5 их наяд буюу секунд тутамд 160,000 ширхэг гялгар уут хэрэглэгдэнэ гэсэн урьдчилсан судалгаа ч гарчээ. Бидний ердөө нэг удаа л ашиглаад хаядаг эдгээр уут, нэг удаагийн аяга, халбага сэрээ, амны хаалт зэрэг нь зүгээр ч нэг хог хаягдал болоод зогсохгүй олон гэмгүй амьтдын аминд хүрсээр байна. Жил бүр нэг сая гаруй амьтад хуванцар эд зүйлсийг хоолтой андууран идэх, түүнд ороогдох, боогдох зэргээр амь үрэгддэг. Тэгвэл энэ тоог нэгээр ч гэсэн багасгахад хүн бүрийн оролцоо маш чухал. Тухайлбал, нэг удаагийн хэрэглээнээс татгалзах, хүнсний даавуун тор ашиглах, хүүхэддээ даавуун живх сонгох, гадуур явахдаа өөрийн аяга халбага, сэрээ, соруул, даавуун алчуур зэргийг биедээ үргэлж авч явах нь хамгийн зөв сонголт юм.

2. Тооноос илүү чанар дээр анхаарах

Байгальд ээлтэй иргэн байх хамгийн энгийн 7 дадал (фото 2)

Хувцас, хүнс, цахилгаан бараа, гэрийн тавилга, хүүхдийн хэрэгсэл зэрэг дээр аль болох зөвхөн хэрэгтэй зүйлсийг, олон жилийн эдэлгээг нь бодолцож үзэн худалдан авалт хийж эхлээрэй. Жил бүр ойролцоогоор 92 сая тонн хог зөвхөн бидний хэрэглэхээ болиод хаясан хувцаснаас гарч байдаг бөгөөд энэ тоо 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдэх магадлалтай гэсэн судалгаа гарчээ. Тийм учраас чанартай, цөөн хувцастай байхыг эрмэлзэх нь эрүүл мэнд, хог хаягдал зэрэгт нэлээд ач холбогдолтой зүйл юм. Чанар муутай, хэрэглээ багатай, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг худалдан авалтаас татгалзаж, "vintage shopping" хийж, цөөхөн зүйлдээ сэтгэл хангалуун амьдрахад суралцаарай.

3. Цахилгааны хэрэглээг багасгах

Байгальд ээлтэй иргэн байх хамгийн энгийн 7 дадал (фото 3)

Ахуйн цахилгаан хэрэгсэл гэдэг эрчим хүч хамгийн их зарцуулдаг зүйлсийн нэг билээ. Хэрэв та шинээр компьютер худалдан авахаар төлөвлөж байвал “energy star” тэмдэглэл бүхий эрчим хүч хамгийн бага зарцуулдаг сонголтыг хийгээрэй. Мөн үнэхээр шаардлагатай бус л бол автомат аяга угаагч, хувцас хатаагч зэргийг худалдан авахгүй байхыг хичээх нь зүйтэй. Эдгээрийг хэрэглэдэг зөвхөн нэг айл л гэхэд хэдэн тонноор хэмжигдэх нүүрсхүчлийн хийг ялгаруулж байдаг. Түүнчлэн, ашиглаагүй үедээ өрөөнүүдийн гэрлийг унтрааж, залгууруудаа салгаж байхыг зөвлөж байна.

4. Усны зөв хэрэглээ

Байгальд ээлтэй иргэн байх хамгийн энгийн 7 дадал (фото 4)

Хэдийгээр дэлхийн гадаргын 70 гаруй хувь усаар бүрхэгдсэн байдаг ч түүний ердөө 2.5% нь л цэвэр ус байдаг. Үүгээр ч зогсохгүй нийт цэвэр усны нөөцийн ихэнх нь мөсөн гол, цасан нурангид дарагдсан байдаг бөгөөд ердөө ганцхан хувийг нь л 7.9 тэрбум хүн хуваан хэрэглэгдэг байна. Тиймээс бид үр хойчдоо хангалттай цэвэр усны нөөц үлдээхийн тулд өнөөдрөөс усыг зөв зохистойгоор хэрэглэж сурах шаардлагатай. Шүршүүрт орох минутаа багасгах, ямар ч үед усыг бага даралтаар гоожуулах, хэрэглэхгүй үедээ усаа хаах зэрэг нь тун энгийн хэр нь мэдэгдэхүйц хэмжээний цэвэр усыг хэмнэж өгдөг. Үүгээр ч зогсохгүй нэг ширхэг футболк үйлдвэрлэхийн тулд л 2700 литр ус зарцуулагддаг учраас таны зөв зохистой худалдан авалт ч мөн усны хэрэглээнд томоохон нөлөөтэй юм.

5. Дахин ашиглах

Байгальд ээлтэй иргэн байх хамгийн энгийн 7 дадал (фото 5)

Хэрэггүй болсон зүйлсийг шууд хог хаягдал болгохоос илүүтэй хэрэгтэй хүнд нь хандивлах, эсвэл өөр зориулалтаар дахин ашиглах арга замыг эрэлхийлээрэй. Технологийн эрин зуунд амьдарч байгаа бидний хувьд нэг товч дараад хайхад л хаягдал материал, эвдэрхий тавилгыг хэрхэн шинэчлэх боломжтой талаар олон сонголтууд гарч ирэх болно. Жишээлбэл, хуванцраар цэцгийн сав хийх, дарсны бөглөөгөөр угаалгын өрөөний дэвсгэр хийх гэхчлэн зардал багатай, хялбар аргууд цөөнгүй бий. Ингэж хуучин зүйлсдээ шинэ амьдрал бэлэглэснээр та эрчим хүч хэмнэж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм.

6. Хүнсний зохистой хэрэглээ

Байгальд ээлтэй иргэн байх хамгийн энгийн 7 дадал (фото 6)

2030 он гэхэд хүнсний хог хаягдлыг хоёр дахин бууруулах нь НҮБ-ын тэргүүлэх зорилтуудын нэг болоод байна. Нийт үйлдвэрлэгдэж буй хүнсний бүтээгдэхүүний гуравны нэг нь шууд хог хаягдал болдог ба энэ нь нэг жилд ойролцоогоор нэг тэрбум тонн хүнсний хог хаягдал бий болдог гэсэн үг юм. Сүүлийн үед өөрсдийн гараар тарьж ургуулсан ногоо, жимс хэрэглэх нь тренд болж буй бөгөөд ингэснээр эрчим хүч, тээврийн зардал хэмнэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хог хаягдал багасгах, баталгаатай хүнс хэрэглэх гэх мэт маш олон давуу талтай билээ. Мөн хэт их биш зөвхөн гэр бүлийнхээ бодит хэрэгцээнд тохирсон худалдан авалт хийх нь хүнсний хог хаягдлын хэмжээг багасгахад нэн тустай.

7. Автомашинаас татгалзах

Байгальд ээлтэй иргэн байх хамгийн энгийн 7 дадал (фото 7)

Дэлхийн томоохон хотууд ард иргэдээ явган алхахыг уриалж, өдөр тутмын ажлуудаа алхаад, эсвэл унадаг дугуйгаар хялбархан яваад амжуулах боломжтой хот төлөвлөлт хийхээр хичээн ажиллаж эхэлжээ. Мөн томоохон автомашин үйлдвэрлэгчид ч хэдэн жилийн дараа бүрэн цахилгаан машин руу шилжинэ гэдгээ зарлаж байгаад ч гайхах зүйл үгүй. Учир нь автомашины утаа их хэмжээний азотын исэл, нүүрсхүчлийн хий, тоосонцор үүсгэн агаар мандлыг бохирдуулж байдаг хамгийн том хүчин зүйлсийн нэг. Ийм учраас ойр зайнд автомашинаас татгалзах, боломжтой бүх үедээ алхах, дугуй унах, нийтийн тээвэр ашиглахыг эрмэлзэх, нэг чиглэлд явдаг хүмүүс дундаа нэг машинаа хэрэглэх, аль болох бензин бага зарцуулдаг, эсвэл цахилгаан машин сонгох нь шууд авч хэрэгжүүлэх боломжтой үр дүнтэй аргууд юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх