Хайх

Бахархалтайгаар өтлөх буюу “Better aging” гэж юу вэ?

Бахархалтайгаар өтлөх буюу “Better aging” гэж юу вэ?

Сайхан өтлөх концепци гэж юуг хэлэх мөн энэ нь ямар утга учир агуулж байгаа талаар

Text: Бюро 24/7


Зураг:

Гоо сайхны салбарт ажилладаг цөөн бүлэг хүмүүс "anti-age" концепцийн дагуу хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцэх бус харин байгалийн гоо үзэсгэлэнгээ дэмжиж, хүн бүрт хэзээ нэгэн цагт зайлшгүй тулгардаг ахимаг насны өөрчлөлтүүдийг бахархалтайгаар хүлээн авах арга замыг сонгож байна. "Better aging" гэх нэр томьёог хэдэн жилийн өмнө биологийн хөгшрөлт болон урьдчилан сэргийлэх анагаах ухааны мэргэжилтэн, профессор Жак Пруст зохиосон байдаг.

Өнгөрсөн жил Америкийн Allure сэтгүүл тухайн үед 72 настай байсан жүжигчин Хелен Миррений зурагтай "Anti-age эрин үеийн төгсгөл: Энэ салбарт хийж буй бидний уриалга" гэсэн гарчигтай есдүгээр сарын дугаараа хэвлэн гаргасан юм. Тус сэтгүүлийн ерөнхий редактор Мишель Ли Allure дахин "anti-age" гэдэг нэр томьёог ашиглахгүй гэдгийг мэдэгдсэн билээ. "Хөгшрөлтөөс зайлсхийх боломжгүй. Бид хором мөч бүрт нас ахиж байдаг. Үүний эсрэг тэмцэх нь утгагүй. Мөн хөгшрөхөөс айх хэрэггүй бөгөөд ингэх нь ч хор уршигтай. "Better aging" концепци нь арьс арчилгаанаас татгалзахыг огт санал болгодоггүй. Харин хөгшрөлтөд хандах хандлагыг өөрчлөхийг хэлж байгаа бөгөөд энэ тухай зөв ярих хэрэгтэй юм" гэж редакторын зурвастаа Мишель бичжээ.

Бахархалтайгаар өтлөх буюу “Better aging” гэж юу вэ? (фото 1)

Угтаа бол "better aging" концепцид цоо шинэ зүйл байхгүй юм. Харин ч энэхүү концепци нь маш энгийн бөгөөд ойлгомжтой. "Бие организмын зөв хөгжилд хэвийн үйл ажиллагааг алдагдуулах эсвэл өвчин эмгэгт хүргэх эрсдэлийн хүчин зүйлсийг аль болох эртнээс олж тогтоон, арилгах зайлшгүй шаардлагатай. Аз жаргалтай өтлөх нь сэтгэл санааны, нийгмийн ба бие организмын эрүүл байдалтай шууд холбоотой. Нүүрэндээ тарилга тарих гэх мэтээр хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцэх бус учир шалтгааныг нь бие организм дотроос хайж мөн эрсдэл үүсэхэд хүргэсэн хувь хүний хүчин зүйлсийг тодорхойлох нь чухал юм. Илүүдэл жин, стресс, идэвхгүй амьдралын хэв маяг болон бусад олон шалтгаанууд бие организмын төлөв байдал болон гаднах төрхөд шууд нөлөөлдөг болохыг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Тийм ч учраас эрүүл хооллолт, урьдчилан сэргийлэлт, өвчний оношилгоо, өөрийгөө хайрлах хайр ба спорт нь "better aging"-ийн үндэс болдог" гэж Жак Пруст онцолж байна.

"Better aging" хандлагын дэмжигчид хөгшрөлтийн эсрэг тэмцэх нь утгагүй гэж үздэг. Өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, эерэг амьдрах нь хамгийн чухал зүйл юм. Мөн бие организм, эд эрхтний хэвийн үйл ажиллагаа эрүүл мэндийн үндэс гэсэн алтан дүрэм бий. Учир нь хэвийн үйл ажиллагаанд ямар нэг доголдол гарахад л аль нэг эд эрхтэнд асуудал үүсдэг. Хэдийгээр нас ахих тусам биеийн идэвхтэй үйл ажиллагааг дэмжихэд илүү их хүчин чармайлт шаардагдах боловч энэ нь залуу насаа хадгалахад туслах болно" гэж Пруст үзэж байна.

Дашрамд дурдахад Frontiers in Aging Neuroscience сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд өөрийгөө наснаасаа залуу мэдэрдэг буюу зүрх сэтгэлээрээ залуу байдаг хүмүүс ой тогтоолт сайтай ба ерөнхийдөө тархины үйл ажиллагаа нь идэвхтэй байдаг болохыг баталжээ. Өмнөд Солонгос улсын Сөүлийн үндэсний их сургууль ба Йонсейн их сургуулийн эрдэмтдийн хийсэн энэхүү судалгаанд биеийн тамирын дасгал хийдэг мөн оюун ухааны хувьд идэвхтэй байдаг, өөрийгөө илүү залуу мэдэрдэг байх нь уураг тархины эрүүл мэндэд тустай болохыг онцолсон байна.

Тиймээс  бид нас ахиж байгаадаа санаа зовж, хөгшрөлтийн эсрэг тэмцэх бус харин бие организм ба оюун ухаанаа эрүүл байлгахад анхаарч, аз жаргалтай, таашаалтай амьдрах нь зүйтэй юм.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх