Хайх

2026 оны нэгдүгээр сарын зурхай: Шинэ эхлэл, шинэ адал явдал

2026 оны нэгдүгээр сарын зурхай: Шинэ эхлэл, шинэ адал явдал

Text: Buro.Mongolia


Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2026 оны нэгдүгээр сарын дэлгэрэнгүй зурхайтай танилцана уу.


Хонь

Энэ сар таны ажил, карьерын хувьд чухал боломжууд нээгдэнэ. Ажлын талбарт шинээр гэрээ хэлэлцээр хийх, хамтын ажиллагаа эхлүүлэхэд тун таатай үе. Буд гараг матрын орд руу шилжсэнээр карьертаа төвлөрч, зорилгоо тодорхой болгох хэрэгцээ мэдрэгдэнэ. Харин сарын 3-нд мэлхийн ордод гарах бүтэн сар гэр бүл, ажил хөдөлмөрийн хоорондын тэнцвэрийг ойлгуулж, өмнө нь эхлүүлсэн ч дуусгаж амжаагүй ажлууд бодит үр дүнгээ өгөх дохио болно. Гэр орноо тохижуулах, нүүх тухай бодож байгаа бол энэ сар танд ээлтэй байх болно. Сарын 11-нд Сугар гараг бумбын орд руу шилжих нөлөөгөөр найз нөхөдтэйгөө илүү ойр байж, хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэх өдрүүд ирнэ. Мөн шинэ хүнтэй танилцах, сонирхолтой харилцаа эхлэх боломж таныг хүлээж байна. Ажлаа солих, эсвэл цоо шинэ салбарт хүч үзэх гэж байгаа бол энэ сар тун тохиромжтой. Сарын сүүлээр нар бумбын ордод шилжсэнээр олон нийтийн ажил санаачлах сэдэл танд төрнө. Энэ сард гаргах таны шийдвэрүүд оновчтой, зөв сонголт байх тул өөртөө итгэлтэй байгаарай. Зорилгоо ажил хэрэг болгоход яг тохирсон үе иржээ.


Үхэр

Энэ сар үхрийн ордныхны хувьд ажлын талбарт шинийг суралцах, мэдлэг чадвараа тэлэхэд чиглэсэн үе байх болно. Гараг эрхсийн байрлалаас харахад өөрийгөө илүү гүнзгий ойлгож, дотоод ертөнцөө таньж мэдэх өдрүүд ирж байна. Мөн гадаад улс руу аялах, шинэ орчинд туршлага хуримтлуулах боломжууд ч гарч ирнэ. Сэтгэлзүйн айдсаа даван туулах зориг, дотоод хүч энэ сард танд илүү мэдрэгдэнэ. Гэр бүлийн харилцаа тогтвортой, тайван байна. Гэсэн хэдий ч амьдралд тань гэнэтийн шийдвэр гаргах шаардлагатай мөчүүд ирж болзошгүй тул аливаа зүйлийг яаран бус, олон талаас нь нягтлан бодохыг гараг эрхэс анхааруулж байна. Хэрэв та өөрийн хийж буй ажилдаа шинэ төсөл, шинэлэг санаа дэвшүүлэн хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа бол сарын 17 хамгийн ээлтэй өдөр байх болно. Харин сарын 19-нд нар бумбын ордод шилжсэнээр ажил мэргэжлийн хүрээнд нөлөө бүхий хүмүүс, удирдах албан тушаалтнуудтай харилцах боломж нээгдэнэ. Сарын сүүлээр Буд гараг бумбын орд руу шилжих тул бичиг баримт, гэрээ хэлцэл, албан ажлуудаа цэгцэлж дуусгахад тохиромжтой. Энэ үед хууль, хүчний байгууллага, цэрэг цагдаатай холбоотой аливаа маргаан, үл ойлголцлоос зайлсхийхийг зөвлөе. Мөн энэ сарын 26-нд Далай ван гараг хонины орд руу шилжихэд таны сүнслэг оршихуй хүчтэй мэдрэгдэнэ. Зүүдээ манах, дотоод зөн совингоо сонсохыг хичээгээрэй энэ нь танд чухал ойлголт, хариултуудыг өгч мэднэ.


Ихэр

Ихрийн ордныхны хувьд энэ сарын эхний арав хоног бүхэлдээ дотоод ертөнц рүүгээ өнгийж, өөрийгөө ойлгох, эрэл хайгуул хийх үе байх болно. 2026 онд өөртөө ямар амьдралыг хүсэж байна вэ, юуг бүтээхийг зорьж байна вэ гэдгээ нухацтай эргэцүүлэн бодож, дотоод дуу хоолойгоо сонсох нь чухал. Гараг эрхэс таны өмнө тулгарсан гацаа, саадыг хэрхэн даван туулах талаар төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлнэ. Гарцыг нь олж харах, шинэ өнцгөөс бодох боломж нээгдэнэ. Энэ сард санхүүгийн асуудлаа цэгцэлж, хяналттай хандах шаардлага тулгарна. Сарын 11-нд өөртөө тавьсан зорилгууд тань илүү тодорхой болж эхэлнэ. Харин 17-нд Сугар гараг бумбын орд руу шилжихэд эерэг үйл явдлууд дараалан тохиож, сэтгэл санаа өөдрөг болно. Сарын дундуур та илүү их эрх чөлөөг мэдэрч, өмнө нь хийсэн сонголтууд тань зөв байсныг ухамсарлах мөч ирнэ. 20-нд Буд гараг бумбын ордод шилжсэнээр боловсролоо дээшлүүлэх, мэдлэг чадвараа тэлэх зорилгоор гадаад улсыг зорих магадлалтай. Эрч хүч тань аажмаар сэргэж, урам зориг нэмэгдэнэ. Мөн 26-нд Далай ван гараг байршлаа солиход таны мөрөөдөлдөө хүрэх зам илүү тодорч, зорилгын үүд хаалга нээгдэнэ. Итгэлээ алдалгүй, зөн совиндоо итгэж урагшлахад яг тохирсон сар айсуй.


Мэлхий

Энэ сар харилцаа холбоондоо онцгой анхаарах шаардлагатай. Шинэ танилтай болох, гэрээ хэлэлцээр байгуулах, чухал яриа хэлэлцээ хийх боломжууд нээгдэнэ. Буд гараг энэ чиглэлд таныг дэмжих тул үг яриа, харилцаа тань илүү оновчтой, нөлөөтэй байх болно. Өмнө нь үл ойлголцол үүсээд байсан харилцаанд цэг тавих, эсвэл тодорхой шийдэлд хүрэхэд та дотроосоо бэлэн болж эхэлнэ. Энэ үед зөвхөн өөрийгөө илэрхийлэхээс гадна бусдыг анхааралтай сонсох нь чухал. Мэлхийн ордод гарах бүтэн сар нь өөрийн бие махбод, эрүүл мэнддээ анхаарах дохио өгнө. Өөртөө хэрэгтэй дадал зуршлыг бий болгох, амьдралын хэв маягаа эргэн харах боломж бүрдэнэ. Бүтэн сар таны зөн совинг хүчтэй болгож, хэн нь найз, хэн нь дайсан бэ гэдгийг илүү тод ялгаж салгах чадвар өгнө. Гэвч сарны нөлөөгөөр сэтгэл санаа, эрүүл мэнд тогтворгүй болох эрсдэлтэй тул сэтгэлзүйдээ онцгой анхаараарай. Санхүүгийн хувьд эерэг хандлага ажиглагдаж, хэн нэгнээс бодит дэмжлэг авах боломж ч гарч мэднэ. Гэр бүлийн санхүүдээ анхаарч, өв хөрөнгө, хуримтлалтайгаа илүү гамтай, хариуцлагатай харьцах хэрэгтэй. 20-нд Буд гараг бумбын орд руу шилжсэнээр өр зээл, санхүүгийн харьцаатай холбоотой асуудал түр зуур тулгамдаж магадгүй ч та үүнийг зөв чиглэлд оруулах боломжтой. Энэ үед хов жив, цуурхалд татагдахгүй байх, худал мэдээллийг үл тоомсорлоорой.


Арслан

Арслангийн ордныхны хувьд энэ сар эрүүл мэнд, ажил хэрэгтээ онцгой анхаарах шаардлагатай. Ажлын талбарт өрсөлдөгчдөө судалж, ижил чиглэлээр ажилладаг байгууллагуудынхаа давуу сул талыг шинжлэх нь илүүдэхгүй. Үүний зэрэгцээ өөрийн хэтийн төлөвлөгөөг нямбай боловсруулж, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт, ямар хугацаа шаардлагатайг бодитоор тооцоолох хэрэгтэй. Эрүүл мэнддээ цаг гаргахаа бүү март. Ялангуяа ходоод гэдэсний асуудал үүсэх магадлалтай тул эмнэлэгт үзүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахад тохиромжтой үе. Сарын эхний 20 хоногт та ажилдаа илүү төвлөрч, дутуу хийсэн ажлуудаа дуусгах шаардлага гарна. Нэгдүгээр сарын 3-нд Мэлхийн ордод сар битүүрэх тул энэ үед өөрийн дотоод асуудлуудаа олж харах, зөн совингоо дагаж, мэдрэмжээ сонсох нь чухал. Сарын хоёр дахь долоо хоногоос эхлэн хамтын ажиллагаа, багийн ажил илүү чухал болж эхэлнэ. Харин сарын дунд үеэс та аажмаар эрүүл, тэнцвэртэй амьдралын хэв маяг руу шилжих болно. Сарын сүүлээр Ангараг гараг бумбын орд руу шилжихэд таны амьдралд гэнэтийн аялал, эсвэл шинэ адал явдал ирж магадгүй. Шинэ орчин, шинэ туршлага таны эрч хүчийг дахин асаах болно.


Охин

Энэ сар бол өөрийгөө илэрхийлэх, дотоод боломжоо нээх онцгой үе. Дуртай хоббигоо бодитоор хэрэгжүүлэх, үр хүүхдүүдтэйгээ илүү ойр байж, хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэхэд тун тохиромжтой. Мөн өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн таатай сар эхэлж байгаа бөгөөд аливаад суралцах, чадвараа ахиулах, өөр дээрээ ажиллахад од эрхэс таныг бүрэн дэмжинэ. Хэрэв өнгөрсөн хугацаанд болсон харилцаанд тань үл ойлголцол, зөрчил байсан бол энэ сард хосын харилцаа илүү романтик, дулаан уур амьсгалтай болж эхэлнэ. Сарын 3-нд гарах бүтэн сар нь таны хүсэл мөрөөдлийн үүд хаалгыг нээж, зорилго тань улам тодорхой болж эхэлнэ. Сарын дунд үеэр эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Харин 17-нд Сугар гараг Бумбын орд руу шилжихэд аз жаргал, сэтгэл ханамж нэмэгдэж, гэр бүл, хувийн амьдралд эерэг өөрчлөлт авчирна. Хэрэв гэрийнхээ аль нэг хэсгийг засаж янзлахаар төлөвлөж байсан бол энэ сар хамгийн тохиромжтой. 23-нд Ангараг гараг байршлаа солиход удаан хугацаанд тулгарсан асуудлуудаа шийдвэрлэх эрч хүч, зориг танд бий болно. Нэдүгээр сарын сүүлийн өдрүүд бүхэлдээ танд ээлтэй байх бөгөөд хэрэв хууль, албан байгууллагатай холбоотой асуудал шийдэх гэж байгаа бол эерэг хариу, нааштай шийдвэр гарах магадлал өндөр байна.


Жинлүүр

Нэгдүгээр сард Буд гараг матрын орд руу шилжсэнээр ажил олгогчтойгоо харилцаагаа гүнзгийрүүлж, удирдлагатайгаа ойлголцсоноор албан тушаал, хариуцлагын хувьд ахиц дэвшил гаргах боломж бүрдэнэ. Энэ сард гэрийн дотоод засалдаа засвар хийх, гэртээ шинэ зүйл худалдаж авахад тохиромжтой. Орчноо сайжруулах нь таны сэтгэл санаанд ч эерэг нөлөө үзүүлнэ. 17-нд Сугар гараг бумбын орд руу шилжихэд та өөртөө илүү их хөрөнгө оруулж эхэлнэ. Шинэ стиль турших, гадаад төрхөө өөрчлөх, өөрийгөө илүү чөлөөтэй илэрхийлэх хүсэл нэмэгдэнэ. Дуртай, сонирхдог зүйлдээ цаг гаргах нь танд жинхэнэ аз жаргалыг авчирна. Харин 20-нд Буд гараг бумбын ордод шилжсэнээр үр хүүхдүүдтэйгээ илүү их цагийг хамт өнгөрүүлэх хэрэгтэйг сануулж байна. Сарын сүүлээр өөрийгөө илэрхийлэх чадвар тань мэдэгдэхүйц нэмэгдэж, бүтээлч санаа төрнө. 26-нд Далай ван хонины орд руу шилжихэд бусадтай танилцах, хамтарч ажиллах боломж, зөн совин хүчтэй төрөх ба мэдээж шинэ хамтрагч, түншүүдээ сонгохдоо яаралгүй, нягт нямбай судлахыг гараг эрхсийн байршил хэлж байна.


Хилэнц

Шинэ оны эхний сар хилэнцийн ордныхны хувьд бодол санаа идэвхтэй, төлөвлөлт хийхэд тохиромжтойгоор эхэлнэ. Ажлын талбарт уян хатан байж, хамт олонтойгоо ойлголцох, найз нөхөдтэйгөө эв найрамдлыг чухалчлах нь амжилтын үндэс болно. Нухацтай бодож, урт хугацааны шийдвэр гаргахад ээлтэй өдрүүд ирж байна. Хэрэв та гадаад хэл сурахаар төлөвлөж байсан бол энэ сар эхлэхэд хамгийн тохиромжтой. Оюун санаа тань хурдан хүлээж авч, шинэ мэдлэгийг амархан шингээнэ. Сарын дунд үеэс гэр бүлдээ илүү анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд орон байр, сууцтай холбоотой асуудал байгаа бол эергээр шийдэгдэх хандлагатай. Матрын ордод гарах шинэ сар нь урт хугацаанд хэрэгжих бизнес, төсөл эхлүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ. Хэрэв эцэг эхтэйгээ харилцаа тань таагүй байгаа бол эвлэрэх, ойлголцолд хүрэхэд энэ сар тохиромжтой. Ерөнхийдөө энэ сар таны хувьд хөнгөн, дарамт багатай уур амьсгалтайгаар үргэлжилнэ. Сарын сүүлээр аялах, орчноо солиход таатай бөгөөд хэрэв сүүлийн үед завгүй, тасралтгүй ажилласан бол өөртөө чөлөө гаргаж, амрахыг гараг эрхэс сануулж байна.


Нум

Энэ сар санхүүгийн байдалдаа онцгой анхаарах шаардлагатай. Орлого, зарлагаа нягтлан тооцоолж, мөнгөө хэрхэн зарцуулж байгаагаа ажиглах нь чухал. Зарлагуудаа тэмдэглэж хэвших дадал суулгавал санхүүгийн сахилга бат тань сайжирна. Ажил хэрэг дээр санхүүгийн эрсдэл үүсэх магадлалтай тул яаран шийдвэр гаргахаас зайлсхийж, гэр бүлийнхээ зардлыг ч хяналттай байлгахыг зөвлөе. Энэ үед ойр дотнын хүмүүсээсээ сэтгэл санааны дэмжлэг авах нь танд хүч өгнө. Бүх ачааллыг ганцаараа үүрэх гэж бүү хичээгээрэй.17-нд Сугар гараг бумбын орд руу шилжсэнээр аялалд гарахад таатай нөхцөл бүрдэнэ. Орчноо солих, богино хугацааны аялал хийх нь таны сэтгэл санааг сэргээнэ. Харин 19-нд Нар бумбын ордод шилжихэд бизнесийн төлөвлөгөө боловсруулж эхлэх, шинэ арга барил, шинэлэг санаа гаргахад хамгийн тохиромжтой үе эхэлнэ. Энэ сард цахим орчинд таны нөлөө нэмэгдэж, үзэл бодол, санаачилга тань бусдад хүрэх магадлал өндөр. Сарын сүүлээр гадаад хэл сурах, мэдлэгээ тэлэх сонирхол хүчтэй төрнө. 23-нд Ангараг гараг байршлаа солиход оюуны ачаалал нэмэгдэх хандлагатай тул хэт ядрахаас зайлсхийж, амралт, ажлын тэнцвэрийг барих нь чухал. Мөн 26-нд Далай ван хонины орд руу шилжсэнээр таны бүтээлч байдал нэмэгдэж, уран сэтгэмж, шинэ санаа илүү тодорно.


Матар

Энэ сар бол эрч хүч, урам зориг дүүрэн үе байх болно. Бүх зүйл таныг ивээж байгаа мэт мэдрэмж төрнө. Нар, Буд, Сугар, Ангараг зэрэг чухал дөрвөн гараг зэрэгцэн таныг дэмжиж буй нь идэвхтэй үйлдэл хийх, зоригтой алхам хийхэд төгс цаг болсныг илтгэнэ. Хүмүүстэй хамтарч ажиллахад тун тохиромжтой бөгөөд цаашид хэнтэй хамт явах, хэнтэй зам салах ёстой вэ гэдгээ зөн совингоороо тодорхой ухамсарлана. Ойр тойрныхоо хүмүүсийг илүү сайн таньж мэдэх бөгөөд зарим харилцаанд зоригтойгоор цэг тавина. Бизнесийн шинэ саналууд гарч ирж, амжилтын эхлэлийг тавих боломж бүрдэнэ. Үүний тулд зоригтой, бодлоготой шийдлүүдийг боловсруулж, өөртөө итгэх хэрэгтэй. Энэ сард өөрийгөө хамгаалах чадамж, бусдад нөлөөлөх чадвар мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Матрын ордод гарах шинэ сар нь шинэ зорилтуудаа тодорхойлж, урт хугацааны төлөвлөгөө боловсруулахад таатай нөлөө үзүүлнэ. Сарын 18-нд та илүү мэдрэг болж, дотоод ертөнц рүүгээ өнгийж, ирээдүйгээ нухацтай төлөвлөж эхэлнэ. Харин 20-нд Буд гараг бумбын орд руу шилжихэд санхүүгээ нягталж, гэр бүлийн хувийн төсвөө сайтар тооцоолох шаардлагатайг сануулж байна. Энэ сар нийтдээ эерэг, хүчтэй энергитэй боловч бусадтай муудалцах, маргаан үүсгэхээс зайлсхийж, харилцаандаа ухаалгаар хандах нь таны амжилтыг улам бататгана.


Хумх

Энэ сар бумбын ордныхны хувьд өөрийн хэрэгцээ, шаардлагыг ухамсарлах, бие махбод, оюун санаандаа анхаарах сар юм. Сарын эхний өдрүүдийг тайван, төвлөрсөн байдлаар эхлүүлж, энэ жил хийх ажил, зорилгоо сайтар төлөвлөх нь чухал. Нэгдүгээр сарын 3-нд бүтэн сар мэлхийн ордод гарснаар эрүүл мэнд, биеийн байдалдаа анхаарах шаардлагатайг сануулж байна. Ажлын талбарт тулгарч буй асуудлуудыг сайтар хянаж, анхааралтай шийдвэр гаргаарай. Сарын дунд буюу 13-нд жижиг астройд бумбын орд руу шилжих нь өөртөө хөрөнгө оруулах, гоо сайхан, дотоод үзэмждээ анхаарах таатай үеийг авчирна. 19-нд нар бумбын орд руу шилжихэд өөрийгөө чөлөөлөх, шинэ санаа, шинэ алхам хийхэд таатай цаг ирнэ. 23-нд Ангараг гараг бумбын ордод шилжиж, оюуны хэт их ачаалал авхаас зайлсхийж ажил амралтаа зохицуулах нь чухал. Сарын сүүлээр та бодол санаандаа төвлөрч, аливаа эргэлзээ, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг ухамсартайгаар тунгаан, зөв алхам хийх боломж бүрдэнэ. Бүхэлдээ энэ сар таны хувийн өсөлт, эрүүл мэнд, оюуны тэнцвэрийг дэмжих сар байна.


Загас

Энэ сар загасны ордныхны хувьд зорилгоо тодорхойлох, өөрийгөө олны өмнө илэрхийлэхэд таатай үе. Олон нийтийг хамарсан ажил, төсөл, санаачилга хэрэгжүүлэхэд тохиромжтой. Сарын 3-нд бүтэн сар мэлхийн ордод гарснаар та өөртөө итгэх итгэлтэй болж, олны өмнө зоригтой дуугарах зориг нэмэгдэнэ. Таны дуу хоолой, санаа бодол олон хүнд хүрч, нөлөөлөл үзүүлэх боломжтой. Санхүүгийн байдалдаа анхаарал хандуулж, хэт их зарлага гаргахаас болгоомжил. Сарын 18-нд шинэ сар матрын ордод гарснаар эргэн тойрныхоо хүмүүсийг илүү сайн таних, нэгдэж ажиллах, шинэ хүмүүстэй танилцах боломж нээгдэнэ. 19-нд нар бумбын орд руу шилжихэд өөрийн алдаа, дутагдлыг илүү тодорхой олж харах боломж бүрдэнэ. Энэ нь ирээдүйд илүү ухаалаг шийдвэр гаргахад тань тусална. 23-нд эрч хүч суларч магадгүй ч санаа зовох хэрэггүй. Энэ үе удаан үргэлжлэхгүй бөгөөд зөн совиндоо итгэж, дотоод мэдрэмжээ дагах нь хамгийн зөв сонголт болно. Сарын сүүлээр та санхүүгийн сахилга баттай байхад суралцаж дараачийн сард ч мөн хэрэггүй зүйлд мөнгө үрэхгүй байхдаа анхаарах хэрэгтэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх