Хайх

2026 он таныг хааш нь хөтлөх вэ: 12 ордын ерөнхий зурхай

2026 он таныг хааш нь хөтлөх вэ: 12 ордын ерөнхий зурхай

Text: Э.Цовоо


Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2026 оны ерөнхий зурхайтай танилцана уу.


Хонь

2026 он таныг хааш нь хөтлөх вэ: 12 ордын ерөнхий зурхай (фото 1)

2026 он хонины ордныхны хувьд амьдралын хэмнэл, зорилго, хариуцлагыг бүхэлд нь шинэчлэх чухал эргэлтийн жил байх болно. 30 жилийн дараа Санчир гараг хонины ордод байршихын зэрэгцээ Далайн ван гараг мөн энэ ордод орж ирж буй нь дотоод өөрчлөлтийг бодит үйлдэл, бодлоготой алхмуудад шилжүүлэх хүчтэй нөлөөг авчирна. Сүүлийн хоёр жилд сэтгэлзүй, гэр бүл, дотоод ертөнцдөө анхаарч ирсэн хонинуудын хувьд энэ үеэс эхлэн эрч хүчээ дахин төвлөрүүлж, ажил хэрэг, ирээдүйн зорилгоо тодорхойлох шаардлага тулгарна.

2026 онд цаг төлөвлөлт, сахилга бат хамгийн чухал сэдэв болж, хойш тавьдаг, замбараагүй зуршлаасаа салах хэрэгцээ тод мэдрэгдэнэ. Санчир гараг тэвчээр, хариуцлагыг танд сургаж, урт хугацааны зорилгын төлөө тууштай ажиллавал дараагийн жилүүдэд бодит үр дүн өгнө. Харин Далайн ван гараг таны орд руу чиглэсэн хатуу энергийг зөөлрүүлж, зорилготойгоор урагшлах боломжийг нээж өгнө. Ийнхүү 2026 он хонины ордныхны хувьд өнгөрснийг цэгцэлж, ирээдүй рүү илүү ухамсартай, зорилготой алхах эхлэл болж өгнө.


Үхэр

2026 он таныг хааш нь хөтлөх вэ: 12 ордын ерөнхий зурхай (фото 2)

2026 он үхрийн ордныхны хувьд дотоод эдгэрэл, өөртэйгөө ажиллах, амьдралаа дахин эргэцүүлэх чухал жил болж ирнэ. Санчир гараг 2026-2028 оны хооронд үхрийн ордонд нөлөөлснөөр амьдралд тань зогсонги мэт санагдах үеүд үүсэх ч энэ нь ухралт бус, харин өөрийгөө сонсож, сэтгэлзүй, эрүүл мэнд, дотоод тэнцвэрээ сэргээх боломж юм. Өнгөрсөн долоон жил Тэнгэрийн ван гарагийн нөлөөлсөн гэнэтийн өөрчлөлтүүд үхрүүдийг ихэд ядраасан бол 2026 оноос эхлэн амьсгаа авах, тайвширч, ирээдүйн зорилгодоо бэлтгэх үе эхэлнэ. Энэ жил ганцаардал, дотоод зөрчил мэдрэгдэх магадлалтай ч тэдгээр нь таныг саатуулж буй зан араншин, харилцаа, сэтгэлийн шархыг эдгээх дохио болно.

2026 оны хоёрдугаар хагаст гэр бүл, орон байр, үл хөдлөх хөрөнгө, ойр дотнын харилцаанд эерэг өөрчлөлтүүд идэвхжиж, нүүх, засвар хийх боломж нээгдэнэ. Мөн санхүү, ажил карьерт өмнө хийсэн зүйлсийн үр шим аажмаар мэдрэгдэж, шинэ санаа бодит өгөөж болж эхэлнэ. Ийнхүү 2026 он үхрийн ордныхны хувьд амьдралынхаа суурийг дотоодоос нь эмчилж, 2027 оноос эхлэх шинэ шатанд бэлтгэх чимээгүй боловч маш үнэ цэнтэй жил байх болно.


Ихэр

2026 он таныг хааш нь хөтлөх вэ: 12 ордын ерөнхий зурхай (фото 3)

2026 он ихрийн ордныхны хувьд урт хугацааны зорилгоо тодорхойлж, ирээдүйн байр сууриа бодитоор эхлүүлэх онцгой жил байх болно. Санчир, Далайн ван гараг хонины ордод байршихын зэрэгцээ Бархасбадь гараг оны хоёрдугаар хагаст Арслангийн орд руу шилжих нь нийгмийн хүрээлэл, олон нийттэй харилцах байдал, алсын зорилгод тань хүчтэй нөлөөлнө. Энэ жил “би ирээдүйд ямар хүн болох вэ” гэсэн асуултад хариу өгч, мэргэжил, карьер, сошиал орон зай, өөрийн дуу хоолойг бий болгох суурийг тавина. Өөртэй чинь нэг зорилготой, дэмждэг хүмүүс ойртож, харин саад болж, хойш татдаг хүмүүсийн харилцаа аяндаа цэвэрлэгдэх тул хүрээллээ ухаалгаар сонгох шаардлагатай.

2026 оны хоёрдугаар хагаст суралцах, контент бүтээх, бизнес эхлүүлэх, сошиал медиа, шинэ гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагаа идэвхжиж, бодит үр дүн гарч эхэлнэ. Санхүүгийн хувьд урт хугацаанд ашиг өгөх зүйлд хөрөнгө оруулах, хэрэгцээтэй техник, унаа, мэдлэг чадварт анхаараарай. Ийнхүү 2026 он ихрийн ордныхны хувьд хийсвэр мөрөөдлөөс бодит ирээдүй рүү шилжих, өөрийн орон зай, дуу хоолой, нийгмийн байр суурийг тогтоох жил байх болно.


Мэлхий

2026 он таныг хааш нь хөтлөх вэ: 12 ордын ерөнхий зурхай (фото 4)

2026 он мэлхийн ордныхны хувьд ажил карьер, албан тушаал, нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлох маш чухал жил болно. Ялангуяа оны эхний хагаст их хэмжээний хөдөлмөр, хариуцлага шаардсан сорилтууд ирэх ч энэ нь таныг шинэ түвшинд гаргах суурь болж өгнө. Албан тушаал дэвших, шинэ ажилд орох, чухал байр сууринд очих боломж нэмэгдэхийн хэрээр сахилга бат, нухацтай байдал зайлшгүй шаардагдана.

2026 оны хоёрдугаар хагаст Бархасбадь гарагийн нөлөөгөөр санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирч, өөртөө, гэр бүлдээ, урт хугацааны үнэ цэнтэй зүйлд хөрөнгө оруулах боломж нээгдэнэ. Мөн эрүүл мэнд, хооллолт, амьдралын хэв маягаа илүү ухамсартайгаар өөрчлөх хэрэгцээ тод мэдрэгдэнэ. Тэнгэрийн ван гарагийн шилжилт нь дотоод ухамсар, бодол санаанд гүн өөрчлөлт авчирч, өөрийн сул ба давуу талаа илүү тодорхой харах боломж олгоно. Ийнхүү 2026 он мэлхийн ордныхны хувьд их хөдөлмөр, том хариуцлагын хариуд карьер, санхүү, нэр хүндийн бодит үр дүнг хүртэх, амьдралынхаа дараагийн шатанд баттай алхах жил байх болно.


Арслан

2026 он таныг хааш нь хөтлөх вэ: 12 ордын ерөнхий зурхай (фото 5)

Сүүлийн жилүүд арслангийн ордныхны хувьд дотоод эргэцүүлэл, сэтгэлзүйн ачаалал, өөртэйгөө ажилласан нэлээд ядраасан үе байсан бол 2026 он энэ зогсонги байдлаас гарч, дахин амьсгаа авах жил болж эхэлнэ. Өөртөө итгэх итгэл тань аажмаар сэргэж “би хэн байх вэ, яаж амьдрах вэ” гэсэн асуултад илүү тодорхой хариу олж эхэлнэ. Зарим арслангууд сургууль, боловсрол, мэргэжилтэй холбоотой томоохон шийдвэр гаргаж, цаашдын чиглэлээ зоригтой эхлүүлэх магадлалтай. Мэдлэг, туршлагаа ашиглан бусдад заах, сургах, манлайлах хүсэл эргэн сэргэж, дотоод итгэл үнэмшил бэхэжнэ.

Ажил карьерын хувьд гэнэтийн өөрчлөлтүүд, шинэ орчин, шинэ хүрээлэл нээгдэж, найз нөхөд, хамт олон жинхэнэ утгаараа шигшигдэн үлдэнэ. Зарим нь газар нутаг солих, гадаад оронд суралцах, эсвэл огт өөр үзэл бодолтой, өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүстэй танилцах боломжтой. Нийгмийн хүрээлэл, хүсэл мөрөөдөл өөрчлөгдөхийн хэрээр урт хугацааны санхүүгийн шинэчлэл, сошиал орон зай идэвхжих, инфлюенсер болох боломж ч нээгдэнэ. Ийнхүү 2026 он арслангийн ордныхны хувьд сэтгэл санаа, эрүүл мэнд тогтворжиж, ажил, харилцаа, амьдралын олон талд эерэг ахиц гаргах жил бөгөөд гол нь бодсон санасан зүйлээ бодит ажил хэрэг болгоход анхаарах шаардлагатай.


Охин

2026 он таныг хааш нь хөтлөх вэ: 12 ордын ерөнхий зурхай (фото 6)

2026 он охины ордныхны хувьд найз нөхөд, хүрээллээр дамжуулан хүсэл мөрөөдлөө бодит болгох боломж нээгдэх ч санхүү, хариуцлагын хувьд болгоомж шаардсан жил байна. Оны эхний хагаст нийгмийн хүрээлэл идэвхжиж, найз нөхдийн дунд танигдах, ажил бизнесээ тэлэх боломж бүрдэнэ. Хобби, сонирхлоороо дамжуулан шинэ хүмүүс, шинэ санаа олж авах ч мөнгө, хадгаламж, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудалд анхааралтай хандах хэрэгтэй.

Санчир гараг хонины ордод шилжсэнээр гэр бүлтэй охины ордныхны хувьд бизнес, хөрөнгө оруулалт, өв хөрөнгийн асуудал илүү хөндөгдөж, санхүүгийн байдал түр удаашрах магадлалтай. Иймд 2026 онд аз турших, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, татвар, гэрээ хэлэлцээр, мөнгөний урсгалаа маш нягт хянах нь чухал. Карьер, албан тушаалын хувьд гэнэтийн өөрчлөлтүүд гарч, ажлаа орхих, хувиараа ажиллах сонирхол нэмэгдэх ч яаран шийдвэр гаргах нь эрсдэл дагуулж болзошгүй. Энэ жил урт хугацааны хөрөнгө оруулалтыг бодох, шууд үр дүн хүлээхээс илүү ирээдүйд өгөөж өгөх зүйлд төвлөрөх нь зүйтэй. Сэтгэлзүй, дотоод ертөнцдөө анхаарч, өөрөөсөө юу хүсэж байгаагаа ойлгох нь хамгийн чухал даалгавар болно. 2026 оны хоёрдугаар хагаст амралт, бие махбод, сэтгэл санаагаа тэнцвэржүүлэх шаардлага нэмэгдэж, өөрийгөө хамгаалж, ачааллаа зөв хуваарилах хэрэгтэйг сануулж байна. Ийнхүү 2026 он охины ордныхны хувьд болгоомж, тэвчээр, урт хугацааны ухаалаг сонголтоор ирээдүйн сууриа бататгах жил байх болно.


Жинлүүр

2026 он таныг хааш нь хөтлөх вэ: 12 ордын ерөнхий зурхай (фото 7)

2026 он жинлүүрийн ордныхны хувьд харилцаа, түншлэл, амьдралын чухал сонголтуудаа эцэслэн шийдэх жил болно. Санчир гараг загасны ордоос гарч хонины орд руу шилжсэнээр гэр бүлийн харилцаанд үлдсэн асуудлууд ил гарч, цаашид хамт явах уу, эсвэл өөр зам сонгох уу гэдгийг тодорхойлох шаардлага тулгарна. Удаан хугацаанд үерхсэн хосуудын хувьд харилцаагаа гүнзгийрүүлж, гэрлэх шийдвэр гаргах боломжтой бол харин зарим нь өөрт тохирохгүй холбооноос зоригтойгоор салах магадлалтай. Энэ жил та амьдралдаа ямар хүмүүсийг үлдээж, ямар хүмүүсээс нь холбоогоо таслах вэ гэдгийг ухамсрын түвшинд сонгоно. Ганц бие жинлүүрүүд ганцаардлаа даван туулах, хүнийг таньж ойлгож сурах чухал сургамжтай нүүр тулна. Сургууль, боловсрол, мэргэжлийн чиглэлээ тодорхойлох, цаашид ямар ажил, амьдралын хэв маяг сонгох вэ гэдгээ шийдэхэд гэр бүлийн зүгээс бодит дэмжлэг ирнэ.

Мөн 2026 он хувийн бизнес эхлүүлэх, ажлаа солих, шинэ чиглэлд зоригтой алхах таатай боломжуудыг авчирна. Итгэл үнэмшил өөрчлөгдөхийн хэрээр амьдралыг харах өнцөг тань тэлж, орлого нэмэгдэх, албан тушаал дэвших, урт хугацаанд мөрөөдөж ирсэн зорилгоо бодитоор эхлүүлэх нөхцөл бүрдэнэ. Ийнхүү 2026 он жинлүүрийн ордныхны хувьд харилцаа, карьер, санхүүгийн хувьд томоохон шийдвэрүүдийг гаргаж, амьдралынхаа дараагийн шатанд шилжих онцгой жил байх болно.


Хилэнц

2026 он таныг хааш нь хөтлөх вэ: 12 ордын ерөнхий зурхай (фото 8)

2026 он хилэнцийн ордныхны хувьд илүү бүтээмжтэй амьдрахын тулд юуг эхлүүлэх, юунд анхаарах ёстойгоо тодорхойлж, амжилтад хүрэх бодит чиглэлээ олж харах жил болно. Сүүлийн жилүүдэд үүрсэн хэт их хариуцлага, дарамт аажмаар зөөлөрч, амьдралаас аз жаргал мэдрэх, түүнийг ойлгож сурах үе эхэлнэ. Та аливаад илүү бодитой, нухацтай хандаж, даван туулах ёстой асуудлуудаа ухамсартайгаар шийдэж эхэлнэ. Санхүүгийн хувьд болгоомжтой байх шаардлагатай тул өр, зээлээс зайлсхийж, орлого зарлагаа хяналттай байлгах нь чухал. Ажил карьер дээрээ өөрийн үнэ цэнэ, ирээдүйн зорилгынхоо төлөө хичээж явах учраас ядрах магадлалтай ч энэ нь таныг илүү ихийг сурч, чадвараа тэлэхэд тусална. Иймд эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийх, шаардлагатай бол эмчид үзүүлж, хуримтлагдсан ачааллаа тайлах хэрэгтэй.

2026 он таныг comfort zone-оосоо гарч, сэтгэлзүйн түвшинд удаан дарагдсан асуудлуудаа олж харж, засах боломжийг олгоно. Удаан хугацаанд ганц бие явсан хилэнцүүдийн хувьд шинэ хүнтэй учрах магадлал өндөр байна. Ялангуяа 2026 оны долоодугаар сараас эхлэн ажил карьерын эерэг өөрчлөлтүүд идэвхжиж, ажлын байр солих, шинэ ажил эхлүүлэх, албан тушаал дэвших боломж нээгдэнэ. Үүнийг дагаад санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжрах тул 2026 он хилэнцийн ордныхны хувьд өөрийн боломжоо нээж, бодсон зорилгоо бодит ажил хэрэг болгох чухал жил байх болно.


Нум

2026 он таныг хааш нь хөтлөх вэ: 12 ордын ерөнхий зурхай (фото 9)

2026 он нумын ордныхны хувьд эрч хүчээ нөхөж, дуртай зүйлээ сурч мэдэх, өөрийгөө шинээр нээх боломж олгосон жил болно. Шинэ хобби, сонирхлоороо дамжуулан дотоод ертөнцөө тэлж, амьдралынхаа шинэ чиглэлийг олж харах магадлал өндөр байна. Гэр бүл, үр хүүхдэдээ илүү цаг зарцуулах нь сэтгэл санааг тань тогтворжуулж, өөрийгөө хүмүүжүүлэх чухал хичээл болж өгнө. Өнгөрсөн жилүүдийн ядаргаа, идэвхгүй байдал ард хоцорч, сэтгэлзүйн шарх, траумаагаа даван туулах хүч танд ирнэ. 2026 он бол хуучин ачааллаасаа салж, урам зоригтойгоор суралцах, хөгжих шинэ эхлэлийг тавих жил юм. Харилцаа холбоо идэвхжиж, хүмүүсийг илүү өргөн өнцгөөс харж, ойлгож эхэлнэ.

Ганц бие нумууд өөрөөсөө өөр түвшний, өөр соёл, хэлтэй хүмүүст татагдаж, гадаад хүнтэй танилцах магадлалтай. Гадаад төрх, өөрийгөө илэрхийлэх байдалд өөрчлөлт орж, хүссэн дүр төрхөө илүү зоригтой харуулах боломж нээгдэнэ. 2026 оны хоёрдугаар хагаст азтай, эерэг өөрчлөлтүүд аажмаар, тогтвортойгоор орж ирэх бөгөөд энэ нь өөртөө хэр үнэнч, тууштай байж чадсанаас тань шууд хамаарна.


Матар

2026 он таныг хааш нь хөтлөх вэ: 12 ордын ерөнхий зурхай (фото 10)

2026 он матрын ордныхны хувьд орон байр солих, нүүх суух, амьдралын сууриа шинэчлэхтэй холбоотой томоохон өөрчлөлтүүдийг авчрах жил болно. Ажил карьерын хувьд хариуцлага өндөртэй, чухал шийдвэр шаардсан боломжууд гарч ирэх бөгөөд азтай боломжийг зоригтой атгах үе ирж байна. Таныг удирддаг Санчир гараг хонины орд руу шилжсэнээр өөрийгөө илүү гүн таньж, саад болж байсан асуудлуудаа олж харах, гэр бүлийн дотоод харилцаагаа эргэн харах шаардлага үүснэ. 2026 онд өсөж дэвшихэд тань юу саад болж байгааг ойлгож, амжилтынхаа гол суурь болох гэр бүлдээ илүү анхаарах нь чухал. Дотоод ертөнц тань идэвхжиж, зүрх сэтгэлийнхээ гүнд юу хүсэж байгаагаа олж нээх, түүн дээрээ бодитоор ажиллах боломж бүрдэнэ. Зарим матрын ордныхон эцэг эхээсээ тусдаа гарах, бие даасан амьдрал эхлүүлэх шийдвэр гаргаж магадгүй бөгөөд энэ нь ирээдүйн томоохон шийдлүүдийг харахад тусална.

Энэ жил карьерын араас хэт хөөцөлдөхийн оронд гэр бүл, харилцаагаа ойлгож, дотоод тэнцвэрээ сэргээх нь чухал. Сүнслэг мэдрэмж нэмэгдэж байгаа тул өөрийгөө сайн сонсож, амралт, сэргэлтэд цаг гаргаарай. Ганц бие матрын ордныхон шинэ хүнтэй учрах, харин хостой хүмүүс харилцаагаа бататгах, гэр бүл тэлэх боломжтой. Ийнхүү 2026 он матрын ордныхны хувьд ажил, гэр бүл, эрүүл мэндийн тэнцвэрийг шинээр тогтоож, амьдралынхаа дараагийн шатанд баттай суурь тавих онцгой жил байх болно.


Хумх

2026 он таныг хааш нь хөтлөх вэ: 12 ордын ерөнхий зурхай (фото 11)

2026 он хумхын ордныхны хувьд нэлээд завгүй атлаа маш үр дүнтэй жил болно. Учир нь таныг удирддаг Санчир болон Тэнгэрийн ван гараг хоёулаа байршлаа сольж, амьдралын олон салбарт идэвхтэй өөрчлөлт авчирна. Энэ жил та сурах, мэдэх асар олон боломжтой нүүр тулж, сурч буй зүйлсийнхээ жинхэнэ утга, мөн чанарыг ойлгож чадна. Гэхдээ анхаарал сарниулах зуршлаасаа салах шаардлага тулгарна. Жишээлбэл интернэтэд хэт их цаг зарцуулах, хэрэгцээгүй харилцаанд энерги үрэхээ багасгах хэрэгтэй. Олон зүйлийг зэрэг хийхээс илүү нэг зорилгод төвлөрч, нухацтай төлөвлөж ажиллах нь хамгийн зөв сонголт байна. Өмнө нь хийсэн ажлуудынхаа үр шимийг бага багаар хүртэж эхлэх бөгөөд зөв хүмүүс таны амьдралд үлдэж, буруу хүрээлэл аяндаа илчлэгдэнэ.

Харилцааны хувьд хил хязгаараа тогтоож, хов жив, илүү дутуу ярианаас хол байх нь амжилтын гол түлхүүр болно. Энэ жил “бага ярьж, их хийх” зарчим танд хамгийн их ашиг авчирна. 2026 оны долоодугаар сараас бизнес аялал, олон нийтийн анхаарал нэмэгдэж, таны хийж буй ажил илүү олон хүнд танигдаж эхэлнэ. Мөн донтолт, залхуурал, хэнэггүй байдлаа засах бодит боломж ирэх тул эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй. Ийнхүү 2026 он хумхын ордныхны хувьд сахилга бат, төвлөрөл, бодит бүтээлээрээ том боломжуудыг нээх онцгой жил байх болно.


Загас

2026 он таныг хааш нь хөтлөх вэ: 12 ордын ерөнхий зурхай (фото 12)

2026 он загасны ордныхны хувьд үнэхээр сайхан мэдээ дагуулсан жил байх болно. Өнгөрсөн жилүүдэд тулгарч байсан сэтгэлзүйн болон бодит амьдралын хүндрэлүүд аажмаар арилж, энэ оноос эхлэн илүү тайван, итгэлтэй үе эхэлнэ. Ялангуяа санхүү, эд материалын хувьд шинэ боломжууд нээгдэж, урт хугацаанд хүрч чадаагүй санхүүгийн тогтвортой байдал, орон байртай болох мөрөөдөл биелэх боломжтой. Энэ жил зарлагаа хянах, үг яриа, санхүүгийн сахилга батыг чангатгах нь хамгийн чухал даалгавар болно. “Юунд хөрөнгө оруулбал ирээдүйд ашигтай вэ?” гэдгээ бодитоор тооцоолж, хэмнэж, хуримтлуулж сурах жил ирж байна. Орон байр, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэрүүд идэвхжиж, нүүх, суух, шинэ орчинд шилжих боломж ч нээгдэнэ.

Сэтгэлзүйн хувьд та дотоод томоохон өөрчлөлтүүдийг туулж, өмнө нь шийдэж чаддаггүй байсан асуудлуудаа ойлгож, даван туулах чадвартай болно. Өөртөө итгэх итгэл сэргэж, давуу тал, сул зан араншингаа ажиглаж эхэлнэ. Мөн 2026 он загасны ордныхны хувьд эдгэрлийн жил байх бөгөөд өмнө нь зовоож байсан өвчин, донтолт, муу зуршлаасаа салж, бие сэтгэлээрээ хөнгөрөх боломж бүрдэнэ. Ийнхүү энэ жил загасны ордныхон амьдралдаа илүү итгэлтэй, тогтвортой, аз жаргалтай шинэ үеийг эхлүүлэх хүчийг олж авах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх