Хайх

Гуравдугаар сарын зурхай: Шинэ сар, шинэ эхлэл

Гуравдугаар сарын зурхай: Шинэ сар, шинэ эхлэл

Text: Buro.Mongolia


Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2026 оны гуравдугаар сарын дэлгэрэнгүй зурхайтай танилцана уу.


Гуравдугаар сарын зурхай: Шинэ сар, шинэ эхлэл (фото 1)

ХОНЬ

Энэ сар таны хувьд эрэл хайгуул, өөрийгөө дахин тодорхойлох үе байх болно. Аливаа зүйлийг яаран шийдэхээс илүү нарийн төлөвлөж, урт хугацааны үр дүнг харгалзан үзэхийг гараг эрхэс сануулж байна. Дөрөвдүгээр сар хүртэл Нар хонины ордод шилжих тул эрч хүч, идэвх ихсэх ч түүнийгээ зөв чиглэлд зарцуулах нь чухал. Бархасбадь гараг урагшлах хөдөлгөөнд орсноор амьдралын хэв маягаа өөрчлөх, орон байраа солих, нүүж суух тухай бодол биеллээ олно. Хоёрдугаар сард сар хиртэх тул эрүүл мэнддээ илүү анхаарал хандуулах шаардлагатай. Хэрэв та тогтмол биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийж байгаа бол мэдэгдэхүйц үр дүнг энэ сард мэдэрнэ. Сарын дунд үеэр шинэ сар загасны ордод гийснээр зүүд, далд мэдрэмж хүчтэй болж, дотоод ертөнцөө ойлгох боломж нээгдэнэ. Үүнтэй зэрэгцэн ажил үйлс тань илүү уялдаатай, таатайгаар урагшилж эхлэх шинжтэй.


Гуравдугаар сарын зурхай: Шинэ сар, шинэ эхлэл (фото 2)

ҮХЭР

Үхрийн ордны хүмүүсийн хувьд эдийн засаг, санхүүгийн тал дээр таатай сар тохиож байна. Сар хиртэлтийн нөлөөгөөр таны зорилго улам тодорхой болж, цаашдын чиг баримжаа тодорч эхэлнэ. Үр хүүхдүүдийн тань хүлээх хариуцлага нэмэгдэж, гэр бүлээ хэрхэн авч явах ухаан тань тэлэх болно. Хэрэв та гадаад улс руу явахаар зэхэж байгаа бол эерэг боломжуудаар дүүрэн байна. Шинэ сар 18-ний өдөр гарснаар шинэ найз нөхөдтэй болж, олон хүнийг хамарсан үйл ажиллагаа эхлүүлэхэд амжилт дагуулна. Сарын сүүлээр таны ажлын бодит үр дүн гарч эхэлнэ. Энэ сар бүхэлдээ идэвхтэй өнгөрөх тул ирээдүйн зорилгоо тодорхойлж, олон нийтийн харилцаанд оролцоход таатай. Буд гараг ухрах хөдөлгөөн хийх нь таны төлөвлөгөө саадгүй биелэхэд тусална.


Гуравдугаар сарын зурхай: Шинэ сар, шинэ эхлэл (фото 3)

ИХЭР

Ихрийн ордныхны хувьд ажил, карьерын өсөлт дагасан илүү их хариуцлага хүлээх сар тохиож байна. Ажил олгогчтойгоо хамтран шинэ санаачилга гаргаж, өөрийгөө зөвөөр харуулж чадвал таны үнэ цэнэ бусдад илүү тод харагдана. Хууль, хүчний байгууллагатай хэл ам хийхээс зайлсхийх хэрэгтэй. Найз нөхдийн зүгээс сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай тул болгоомжтой бай. Буд гараг ухрах хөдөлгөөн хийснээр та санхүүгээ зөв тооцоолж, буруу зардал гаргахаас зайлсхий. Хэрэв шийдэх ёстой эсвэл хийж дуусгаагүй зүйл байгаа бол бүү хойшлуулаарай. Өөртөө тодорхой хугацаа өгч, эхэлсэн ажлаа дуусгахыг гараг эрхэс анхааруулж байна. Гэр бүл, эцэг эхтэйгээ харилцах харилцаа таатай байх бөгөөд хэрэв та өөр улс руу шилжин амьдрахаар төлөвлөж байгаа бол энэ гараг эрхэс дэмжлэг үзүүлнэ.


Гуравдугаар сарын зурхай: Шинэ сар, шинэ эхлэл (фото 4)

 МЭЛХИЙ

Бархасбадь гараг мэлхийн ордод байрласнаар таныг олон таатай үйл явдал хүлээж байна. Сарын эхний өдрүүдэд ойр дотнын хүрээлэлдээ эерэг хандлага түгээж, өөртөө итгэх итгэл тань нэмэгдэнэ. Сарын 10-ны өдөр сайн мэдээ сонсох магадлалтай. Бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол энэ сард эхлүүлэх нь ирээдүйд амжилт авчирна. Ганц бие хүмүүсийн хувьд өмнө нь дууссан дотно харилцаа дахин эхлэх боломжтой. Хийж бүтээх гэсэн санаагаа бүү унтраа. Хэрэв та уран бүтээл туурвидаг бол өөрийгөө бусдад илэрхийлэхэд хамгийн таатай сар тохиож байна. Өөрийгөө олонд харуулснаар нийгэмд эзлэх байр суурь тань нэмэгдэж, таны хийж бүтээсэн зүйлс бусдыг соён гэгээрүүлэх, ертөнцийг харах өнцгийг нь тэлэхэд тусална.


Гуравдугаар сарын зурхай: Шинэ сар, шинэ эхлэл (фото 5)

АРСЛАН

Энэ сар дотоод хүнээ сонсох сар байна. Сэтгэл санааны хямралыг даван туулахад ойр дотнын хүмүүс тань танд тусална. Айдастайгаа нүүр тулж, зоригтой даван туулахад Буд гараг дэмжлэг үзүүлнэ. Банк, санхүү, өр зээлтэй холбоотой асуудлаа нэн тэргүүнд анхаараарай. Ганц бие арслангуудын хувьд таныг шинэ учрал хүлээж байна. Энэ сар эрэл хайгуул хийхэд тохиромжтой бөгөөд ажил, амьдралд тань яг юу хэрэгтэй байгааг олж мэдэхэд гараг эрхэс тусална. Зарим найз нөхдөдөө хэт итгэх хэрэггүй. Мөнгө хуримтлуулах гэж байгаа бол хамгийн зөв сар тохиж байна. Хэрэв та бизнес эрхлэгч бол шинэ салбарт хүч сориход тохиромжтой цаг айсуй. Шинэ сар 18-ний өдөр гарснаар та хайж байсан зүйлсээ танин мэдэж, дотоод зөн совин тань идэвхжиж, хүрээлэн буй хүмүүсээ илүү сайн таньж мэднэ.


Гуравдугаар сарын зурхай: Шинэ сар, шинэ эхлэл (фото 6)

ОХИН

Энэ сар танд бүхэлдээ шинэ эргэлт авчирна. Сар охины ордод битүүрэх үзэгдэл явагдсанаар эрүүл мэнд, ажил мэргэжлийн хувьд эерэг өөрчлөлтүүд ирнэ. Хуучин үл ойлголцол, шийдэгдээгүй асуудлууд нэг мөр арилж, амьдралын шинэ эхлэл айсуй. Амьдралдаа нээлттэй хандаж, шинэ танилтай болсноор нийгэмд эзлэх байр суурь тань нэмэгдэнэ. Бизнесийн хувьд гэрээ хэлэлцээрүүд таны талд эергээр шийдэгдэх хандлагатай. Гуравдугаар сард ганцаараа байхаас илүү олон хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх болно. Шинэ сар 18-ний өдөр гарах ба шинэ харилцаанууд үүсэж, Буд гараг ухрах хөдөлгөөн хийх нь сэтгэлзүй, дотоод оюун санаагаа тэлж, бодол санаа тань бодит биеллээ олох өдрүүдийг ойртуулна.


Гуравдугаар сарын зурхай: Шинэ сар, шинэ эхлэл (фото 7)

ЖИНЛҮҮР

Гуравдугаар сар жинлүүрийнхний хувьд ажил, карьерын чиглэлд шинэчлэл хийх сар байх болно. Шинэ ажил хайх, одоогийн ажлын орчиндоо өөрчлөлт хийх, илүү ахиц гаргах талаар нухацтай бодож, бодит алхмуудыг хийнэ. Та хэр хариуцлагатай, тууштай байхаас хамаарч энэ сард хийх өөрчлөлтүүдийн үр дүн тодорхойлогдоно. Ажлын байран дээр үл ойлголцол, маргаантай хүмүүс байдаг бол харилцааны арга барилаа өөрчилж, илүү ухаалгаар хандах шийдлийг олж чадна. Мөн завгүй хуваарьтай сар тул ажлаа хуваалцах, багаар ажиллах боломж гарна.

Эрүүл мэндийн хувьд хоол боловсруулах эрхтэн, ялангуяа ходоод гэдсээ анхаарах шаардлагатай. Шинэ хоолны дэглэм барих, амьдралын хэв маягаа өөрчлөхөд тохиромжтой үе. Бархасбадь гарагийн урагшлах хөдөлгөөн таны карьер, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ. Хүн бүртэй харилцахаас илүү чухал хүмүүстэй стратегийн харилцаа тогтоох нь амжилтад хүргэнэ.


Гуравдугаар сарын зурхай: Шинэ сар, шинэ эхлэл (фото 8)

ХИЛЭНЦ

Хилэнцийн ордныхны хувьд гуравдугаар сар гэр бүл, ялангуяа үр хүүхдэдээ анхаарах сар байна. Хүүхдийн сургууль, ажилтай холбоотой асуудалд таны зөвлөгөө, дэмжлэг чухал үүрэгтэй байна. Ганц бие хүмүүсийн хувьд болзоонд явах, шинэ танилтай болох боломж нэмэгдэнэ. Ангараг гараг загасны ордод байрлаж байгаа нь таны дотоод эрч хүч, уран бүтээлч чанарыг идэвхжүүлнэ. Өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ эхлүүлэхэд таатай үе. Хүмүүсийн үгийг хэт анзаарах хэрэггүй. Урлаг, авьяастай холбоотой ажил эхлүүлбэл амжилттай байна. Оффист ажилладаг хүмүүсийн хувьд бусдаас тодорч, амжилт гаргах боломжтой сар. Өөртөө итгэлтэй байдал тань нэмэгдэнэ.

Гуравдугаар сарын 20-нд Буд гараг урагшлах хөдөлгөөн хийж эхлэх тул энэ үеэр эрүүл мэндээ анхаарч, хэт ачаалал авахаас сэргийлээрэй. Хэрэгцээгүй болсон харилцаанаас холдож, өөрийн сонирхол, хүсэлд нийцсэн замаа сонгох сар.


Гуравдугаар сарын зурхай: Шинэ сар, шинэ эхлэл (фото 9)

НУМ

Гуравдугаар сар нумынхны хувьд гэр бүлдээ илүү цаг гаргах, орон байр, дотоод уур амьсгалтай холбоотой асуудлаа шийдвэрлэх сар байна. Ажил карьер идэвхтэй хэвээр ч гэр бүлийн асуудал илүү анхаарал татна. Гэрт үл ойлголцол үүсэх магадлалтай тул үг яриандаа болгоомжтой хандаарай. Сарын сүүлээр үр хүүхдийн боловсрол, ирээдүйтэй холбоотой асуудалд анхаарал хандуулна.

Мөн энэ сар дотоод өөрчлөлтийн үе. Өөрийн сул талаа хүлээн зөвшөөрч, амжилтад хүрэхийн тулд юуг өөрчлөх ёстойгоо ойлгоно. Сарын төгсгөлд ажил, харилцаа, эрүүл мэнд тогтворжих хандлагатай. Гэр бүлийн асуудлууд ч аажмаар шийдэгдэж эхэлнэ. Ерөнхийдөө энэ сар карьер хөөхөөс илүүтэй гэр бүл, сэтгэл зүйдээ анхаарах нь чухал.


Гуравдугаар сарын зурхай: Шинэ сар, шинэ эхлэл (фото 10)

МАТАР

Матруудын хувьд гуравдугаар сар таатай, хөдөлгөөнтэй байна. Богино аялал, ойр дотныхонтойгоо уулзах боломж нэмэгдэнэ. Гэр бүл, ах дүүсээс чухал мэдээлэл сонсож магадгүй. Унаа тэрэгтэй холбоотой асуудлууд шийдэгдэж эхэлнэ. Ганц бие хүмүүсийн хувьд ирээдүйн ханьтайгаа учрах магадлалтай сар.

Найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой ч ах дүү, гэр бүлийн харилцаандаа болгоомжтой хандах хэрэгтэй. Үл ойлголцол үүсэх магадлал бий. Нөгөөтээгүүр технологийн зүйлс дээр анхаараарай. Гар утас, компьютерийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй. Энэ сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл гэр бүл, орон байртаа илүү анхаарах үе байна.


Гуравдугаар сарын зурхай: Шинэ сар, шинэ эхлэл (фото 11)

ХУМХ

Гуравдугаар сард хумхынхан санхүүгийн тал дээр илүү идэвхтэй, зарлага ихтэй байна. Орлого, зарлагаа сайн тооцоолох шаардлагатай. Маргаан, үл ойлголцлоос зайлсхийх хэрэгтэй. Үг үйлдлээс болж бусдын сэтгэлд сэв суулгаж болзошгүй. Ажил, бизнес, ирээдүйн зорилгынхоо төлөө хөрөнгө оруулалт хийх сар. Гэхдээ энэ үед бусдын дэмжлэг бага тул өөртөө илүү найдах хэрэгтэй.

Гуравдугаар сарын 3-нд сар хиртэлт тохионо. Энэ нь санхүүгийн хандлагаа өөрчлөх, өөрийн хүчээр орлого олох арга зам хайхыг сануулж байна. Гэр бүлдээ найдахаас илүү өөртөө найдаж сурах сар. Эрүүл мэндийн хувьд боломжийн ч хуучин муу зуршлаа орхих, жин нэмэхээс сэргийлэх хэрэгтэй. Сарын сүүлээр төлөвлөсөн ажлууд идэвхжиж, үр дүн гарч эхлэх ба энэ сар санхүүгээ зөв голдиролд оруулах боломжоор хангаж байна.


Гуравдугаар сарын зурхай: Шинэ сар, шинэ эхлэл (фото 12)

ЗАГАС

Гуравдугаар сар загасны ордныхонд идэвхтэй, бүтээлч үе байна. Гэхдээ болгоомжгүй алхам хийх, гэмтэл бэртэл авах эрсдэлтэй тул анхааралтай байгаарай. Харилцааны хүрээлэлд өөрчлөлт орж, хэрэггүй болсон хүмүүсээс зайгаа барина. Шинэ харилцаа үүсгэх боломж ч гарна. Өөртөө итгэж, бие даах чадвараа нэмэгдүүлэх сар.

Ганц бие хүмүүсийн хувьд болзоонд явах, хайр сэтгэлийн холбоо үүсгэх магадлалтай. Манлайлах чадвар, зөв эго илэрч, тушаал дэвших боломж гарна. Үр хүүхэдгүй хүмүүсийн хувьд жирэмслэх магадлалтай таатай үе. Ерөнхийдөө энэ сар таны хувьд боломж дүүрэн, эерэг энерги давамгайлсан сар тул идэвхтэй ашиглаарай.


ЭНЭ САРЫН ОНЦЛОХ ӨДРҮҮД

Гуравдугаар сарын 3 - Сар хиртэлт тохионо.

Гуравдугаар сарын 18 - Шинэ сар гарна.

Гуравдугаар сарын 20 - Буд гараг урагшлах хөдөлгөөн хийнэ.

Гуравдугаар сарын 26 - Бархасбадь гараг ухрах хөдөлгөөн хийнэ.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх