
Интерьерийн ертөнцөд шинэ өнгө нэмсэн St. Studio-гийн нээлтийн арга хэмжээ
Онгод мэдрэмжийг хөглөх орчин
Гэрийн интерьерийн ховор нандин зүйлс, өвөрмөц хийцтэй гэрлийн чийдэн, тансаг хөшиг, хаалганы чамин бариул гээд орон зайд үл анзаарагдам атлаа асар их гоо зүй, уур амьсгал нэмж өгдөг эд зүйлсийг нэг дор цогцлоосон газар Монголд нээгдлээ. Энэ бол шинэхэн үүд хаалгаа нээсэн St. Studio хэмээх урлан хэлбэрийн студи юм. Наймдугаар сарын 8-нд тэд албан ёсны нээлтээ хийж, орчин үеийн, гоёмсог орон зайд дурлагсдад сэтгэл догдлом нэгэн үдшийг бэлэглэсэн юм.
St. Studio нь 2015 онд үүсгэн байгуулагдсан Эс Ти Креатив ХХК-ийн шинэ төсөл бөгөөд тус компани нь дэлхийд тэргүүлэгч дотоод заслын тавилгын хавтан үйлдвэрлэгч AGT болон Arkopa брэндийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж ирсэн туршлагатай. Өдгөө тэд тавилга, дотоод заслын түүхий эд материалын ханган нийлүүлэлтээ өргөжүүлж, FINEO, The Handle, Polka зэрэг олон улсын нэр хүндтэй брэндүүдийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Эдгээр брэндүүд нь олон улсын стандартын шаардлага хангасан, чанар, дизайны төгс хослолоороо хэрэглэгчдийн итгэлийг олжээ.









Нээлтийн арга хэмжээ Zaisan Hill-ийн зүүн талд байрлах Skywing цогцолборын 3-р давхарт орших St. Studio-д яг цагтаа эхэллээ. Үүдээр ормогц оргилуун дарс, нэрийн коктейль, хөнгөн зуушаар дайлж, дэлгүүрийн уур амьсгалтай танилцах, нетворкинг хийх таатай орчныг бүрдүүлжээ. Арга хэмжээнд интерьер дизайны болон барилгын салбарын туршлагатай мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид зэрэг салбарын нөлөө бүхий зочид хүрэлцэн ирсэн нь нээлтийн ач холбогдлыг улам нэмэгдүүлсэн юм. Ийнхүү дэлгүүрийн үүдээр ороход эелдэг инээмсэглэсэн тус дэлгүүрийн ажилчид хаалганы бариул, болор шилэн чимэглэл бүхий ханын гэрэл, нарийн хийцтэй хөшигнөөс эхлээд дэлхийд ховор үйлдвэрлэгддэг гэрлийн чийдэн, шандельер, гэрийн дотоод засалд өнгө нэмэх декор хийцийн чемодан, загварын тухай ховор нандин номууд гээд бүх бүтээгдэхүүнээ нэг бүрчлэн тайлбарлан танилцуулж байв. Тэдний дундаас The Handle брэндийн бүтээгдэхүүнүүд онцгой анхаарал татсан бөгөөд сонгодог болон орчин үеийн хэв маягийг хослуулсан 600 гаруй төрлийн бариулын цуглуулгатай энэ брэнд нь өнгө, материал, хэмжээ, хэлбэрийн хувьд хэрэглэгчийн хүсэлтэд нийцүүлэн захиалгаар үйлдвэрлэдэг онцлогтой аж.




Ийнхүү тууз хайчлах ёслол эхэлж, компанийн гүйцэтгэх захирал О.Аргиун St.Studio-гийн нээлт нь интерьер дизайнерууд болон орон зайгаа өвөрмөц, чанартай шийдлээр бүрдүүлэхийг хүссэн хэн бүхний ажлыг хөнгөвчлөх алхам болж байна гэдгийг онцлохын зэрэгцээ St. Studio-ийг дэлгүүр гэхээсээ илүүтэй “урлан хэлбэрийн студи” хэмээн дуудвал зохистой гэдгийг дурдав.
Мөн үйл ажиллагааны үеэр тэд зочдод зориулсан гэнэтийн бэлгүүдийг бэлтгэжээ. “Азын хүрд” эргүүлэн өөрийн ивээлт чулуугаа сонгох тоглоомоор хүн бүрд усан цэнхэр болор, индранил, ягаан болор зэрэг энерги агуулсан байгалийн чулуу бэлгэлж, түүн дээр аз жаргал, эд баялаг, элбэг хангалуун амьдрал дуудах ерөөлтэй гар хийцийн карт хослуулан бэлджээ. Энэ бүхнийг St. Studio-ийн багийнхан өөрсдийн гараар бүтээсэн нь зочдын сэтгэлд дулаан мэдрэмж төрүүлсэн бөгөөд DJ Una Bold-ийн онцгой хэмнэл бүхий хөгжимтэй хослон арга хэмжээний уур амьсгал оргилдоо хүрэв. Ийнхүү St. Studio-ийн нээлт нь Монголын интерьер, декорын ертөнцөд шинэ өнгө, чанар, гоо зүйг нэмснийг мэдрүүлсэн үдэш болж өнгөрлөө.












St. Studio
Хаяг: Skywing Center, 3 давхарт
Instagram: @the_ststudio