
Үзэгчдийг шинэ орон зайд аваачих "Almighty Day 2025"
Нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэргийг залуусын соёлын арга хэмжээнд шингээж чаддаг Ангууч буюу Б.Баттөр нь өөрийн төрсөн өдрийн хүрээнд Almighty Day нэртэй залуусын дуу хоолойг нэгтгэсэн сонирхолтой арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг билээ. Тэгвэл долоодугаар сарын 25-нд зохион байгуулагдах энэ жилийн Almighty Day нь өмнөхөөсөө ч илүү өргөн хүрээнд буюу олон улсын уран бүтээлчдийг нэгтгэсэн онцгой өдөр болохоор бэлтгэгдэж байна.
Энэхүү арга хэмжээ нь зүгээр нэг хөгжмийн наадам бус эв нэгдэл, эрч хүч, хариуцлагатай сэтгэлгээг дэмжих гол зорилготой өдөрлөг болж буй гэдгээрээ онцлог юм. Тухайлбал Нидерландын Animistic Beliefs, мөн алдарт Grimes-тай хамтран ажиллаж байсан Sevi Iko Domochevsky болон Shapednoise зэрэг чадварлаг уран бүтээлчид Улаанбаатарт анх удаа хүрэлцэн ирж, 3D дүрслэл, дижитал урлаг хосолсон A/V тоглолтоороо үзэгчдийг шинэ уур амьсгалд хөтлөхөөр бэлдээд байна.
Харин дотоодын бүтээлч залуусаас DeathSouljah, Xomboo & Nima, Trishna, DJ Hongor зэрэг шинэ үеийн залуус тус арга хэмжээнд өөрсдийн уран бүтээлээ толилуулахаар болжээ.