Хайх

2019 оны хоолны тренд: Авокадотай зайрмаг, шар тос, пробиотик ба бусад

2019 оны хоолны тренд: Авокадотай зайрмаг, шар тос, пробиотик ба бусад

Дараа жил юу идэх вэ?

Text: Бюро 24/7


Зураг:

Энэ жил "moon milk" буюу саран сүү, супер нунтаг, модны нүүрстэй латте зэрэг төрөл бүрийн сонирхолтой хүнсний бүтээгдэхүүнүүд тренд болж, Instagram-ын мэдээний урсгалыг өнгөлөг бөгөөд амттай зургуудаар чимж байсныг та санаж байгаа биз ээ. Харин 2019 онд Instagram болон Pinterest-ийг эзлэх хоолны трендүүдийг Whole Foods эрүүл хоолны сүлжээ дэлгүүр уламжлал ёсоор бидэнд танилцууллаа.

Номхон далайн бүсийн хүнс

Дараа жил дэлгүүрийн тавиуруудыг Номхон далайн бүсийн орнуудын хүнс эзэлнэ гэдгийг Whole Foods мэдэгдэж байна. Бүр тодруулбал Ази, Номхон далай дахь арлууд, Өмнөд ба Хойд Америкийн баруун эргүүдэд дэлгэрсэн хоолны уламжлалуудаас санаа авсан хүнсний бүтээгдэхүүн тренд болно. Жишээ нь лонганиза буюу Филиппин гахайн махан зайдас, хатаасан сам хорхой, сам хорхойн нухаш зэрэг нь зөвхөн рестораны цэсэд төдийгүй айл өрхийн оройн зоогийн ширээн дээр харагдаж эхэлнэ. Мөн гуава, луу жимс, хүслийн жимс зэрэг нь смүүти ба коктейлийн гол орцод тооцогдоно. Үүнээс гадна хүмүүс энэ жил чихэрлэг "jackfruit" жимсээр гахайн мах төдийгүй элсэн чихрийг орлох гэнэ.

2019 оны хоолны тренд: Авокадотай зайрмаг, шар тос, пробиотик ба бусад (фото 1)

Пробиотик

Сүүлийн жилүүдэд пробиотик буюу ашигтай нянгийн тухай бид маш их ярих болсон. Эрүүл мэндэд тустай гэх энэхүү ашигтай нян нь тараг, мисо шөл, кимчи, зөөлөн бяслаг зэрэг өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг байгаа. Харин 2019 онд хоол хүнсний үйлдвэрүүд пробиотикийг гранола, самар, тос, шөл гээд төрөл бүрийн хүнсэнд нэмэлт болгон хийх болно.

"Зөв" өөх тос

Нүүрс ус багатай ч, өөх тосны агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнүүд хоол ба фитнессийн салбарыг шуугиулж байгаа. Жишээ нь өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд одуудыг дурлуулаад байгаа кето, палео дэглэмүүдийг дурдаж болно. 2019 онд наргил модны самрын тостой шоколад, тослог ихтэй веган кофе, мөн бидний хэрэглэж заншсан органик шар тос зэрэг хүнснүүд нь хэрэглэгчдийн дунд өндөр эрэлттэй байна.

2019 оны хоолны тренд: Авокадотай зайрмаг, шар тос, пробиотик ба бусад (фото 2)

Санаа зоволгүй идэж болох зайрмаг

Хэдийгээр зайрмагт дургүй хүн байхгүй ч өөх тос, элсэн чихэр ихтэй энэхүү амттаныг идсэнийхээ дараа бид үргэлж гэм хийсэн мэт өөрийгөө буруутгадаг. Тэгвэл авокадо, хумус, тахини, наргил модны самрын шүүс зэрэг ургамлын гаралтай орц найрлагаар хийсэн зайрмагууд нь эрүүл амьдралын хэв маяг баримталдаг хүмүүст гарцаагүй таалагдана. Учир нь бид эдгээр эрүүл амттануудыг санаа зоволгүй идэж болох юм. 

Ургамлын гаралтай мах орлуулагч

Өнгөрсөн жил тренд болж байсан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд дараа жил ч эрчээ алдахгүй. Гахайн махны амттай мөөг, өндөгний цагаанаар хийсэн чипс зэрэг хүнс нь хоолны зах зээлд маш их эрэлттэй байх болно.

Далайн амт

Далайн замгаар хийсэн бүтээгдэхүүнүүд үргэлж эрэлттэй байж ирсэн. Гэхдээ энэ удаад далайн замгийн "цөцгийн" тос, хүрэм замгаар хийсэн гоймон, туна, бадамлянхуа цэцгийн үрээс бүтсэн зууш, омега-3 агуулсан яргай загасны хайрс зэрэг цоо шинэ төрлийн өргөн сонголттой хүнснүүд дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ.

2019 оны хоолны тренд: Авокадотай зайрмаг, шар тос, пробиотик ба бусад (фото 3)

Төрөл бүрийн зуушнууд

Давстай, чихэрлэг зэрэг амтат зуушнаас хэн ч татгалзахгүй гэдэгт бид итгэлтэй байна. Шууд идэхэд тохиромжтой байдлаар савласан итали прошутто хиам, моцарелла бяслаг, цавуулаггүй, органик амттангууд дараа жилийн хамгийн том хоолны трендүүдийн тоонд багтана.

Байгаль орчинд ээлтэй савлагаа

Сүүлийн үед хүмүүс идэж буй зүйлсээс гадна шоппинг хийх арга барилдаа ч маш их ач холбогдол өгөх болжээ. Тийм ч учраас брэндүүд хуванцар савлагаа, гялгар уут, гуурс зэрэг байгаль орчинд хор хөнөөлтэй зүйлсээс татгалзаж, аль болох дахин боловсруулж, олон удаа ашиглах боломжтой савлагаа, баглаа боодлыг нэвтрүүлж эхлээд байна. Тухайлбал зарим дэлгүүрүүд худалдан авагчдыг даавуун ууттай ирэхийг уриалж, хуванцар баглаа боодлыг олон дахин ашиглах боломжтой силикон сав болон зөгийн лав тосоор хийсэн багла зэрэг байгаль орчинд ээлтэй хувилбаруудаар орлуулж байгаа аж.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх