Хайх

Та дараах ресторанаар үйлчлүүлэхдээ заавал тэдний дүрмийн дагуу хувцаслах шаардлагатай

Та дараах ресторанаар үйлчлүүлэхдээ заавал тэдний дүрмийн дагуу хувцаслах шаардлагатай

Text: З. Зоригт


Зуны намуухан үдэш болзоот хархүү эсвэл хайрт бүсгүйтэйгээ оройн зоог барьж, оргилуун дарс шимэхээр нүдэнд тусах гял цал ресторан руу орох гэтэл үүдэнд угтах хаалгач нь өмссөн зүүснийг тань нягтлан шалгаж, оруулахаас татгалзвал танд маш ичгүүргүйгээр гадуурхагдсан мэт тааламжгүй мэдрэмж төрөх нь лавтай. ХХ зууныг хүртэл хэн нэгний аль нийгмийн анги давхаргад хамаарагдаж байгааг өмссөн хувцас, зүүсгэлээс нь маш тодорхой харагддаг байсан тул хувцасны код нь нийгмийн байр сууриа илэрхийлэх арга болоод бусдаас онцгойрон тусгаарлагдах хил хязгаарын үүргийг давхар гүйцэтгэж байсан. Гэвч тэгш эрх, хүмүүнлэг зарчимд тулгуурласан орчин цагийн ардчилсан нийгэмд хувцасны код нь бусдыг нийгмийн байр сууриар нь ялгаварласан бурангуй, дээрэнгүй үзэл болжээ. “Тансаглал нь тав тухтай байх ёстой, эс бөгөөс тансаглал биш” хэмээх домогт загвар зохион бүтээгч Коко Шанелийн энэхүү ишлэл нь тухайн цаг үеийн элит эмэгтэйчүүд корсетыг чангаар шахан уяж өмсөх ёстой гэсэн хувцасны кодыг халж, өмссөн хувцсандаа тааруулж биеэ өөрчлөх бус, биедээ тааруулж хувцсаа тохируулах шинэ цагийн соёлын үрийг тавьсан билээ. Өнөө цагт хувцасны код нь өөрийгөө бусдаас дээгүүрт тооцох ихэмсэглэл бус, тухайн орчин, уур амьсгалын нэгээхэн хэсэг болж шинэ сонирхолтой адал явдал, дурсамж бүтээх арга зам болжээ. Тиймээс та бүхэндээ маш сонирхолтой хувцасны кодтой ресторануудыг танилцуулъя. Уг хувцасны кодод та аль болох тааруулж хувцаслах тусам танд энэхүү ресторанууд мартагдашгүй дурсамж бэлэглэнэ гэдэгт итгэж байна.


OPAQUE РЕСТОРАН

Хувцасны код: Гэрэлтдэг хувцас хориотой

Та дараах ресторанаар үйлчлүүлэхдээ заавал тэдний дүрмийн дагуу хувцаслах шаардлагатай (фото 1)

Америкийн Лос Анжелос хотод байрлах уг ресторан нь зочдоо түнэр харанхуйд зооглуулдаг онцлогтой. Мөн таныг хараагүй зөөгчид угтаж аван, харанхуйд гарыг нь түшин суух ширээнд хүргэж өгөх бөгөөд меню мэдээж харагдахгүй тул таныг юу идмээр байгааг нарийвчлан асууна. Таны хариултаас шалтгаалан тохирох иж бүрдлийг санал болгох бөгөөд харц тань ийш тийш сатаарахгүй сүүдэр ч үгүй харанхуйд таны мэдрэмж зөвхөн амтлах мэдрэхүй дээр л төвлөрөх бөгөөд энгийн гэрэлтүүлэгтэй ресторанаас хавь илүү амт мэдэрдэг байна. Тиймээс уг ресторанд неон өнгөтэй гэрэлтдэг хувцас өмсөхийг хориглодог нь зочдодоо шинэхэн мэдрэмжийг л бүтээхэд оршдог.


THE BUNYADI РЕСТОРАН

Хувцасны код: Нүцгэн

Та дараах ресторанаар үйлчлүүлэхдээ заавал тэдний дүрмийн дагуу хувцаслах шаардлагатай (фото 2)

Магадгүй dress code гэх үг нь Их Британийн Лондон хотын The Bunyadi ресторанд тохирохгүй ч байж мэднэ. Учир нь та уг ресторанд хувцас өмсөж бус, тайлж ирэх ёстой юм. Нийгмийн хэм хэмжээст баригдалгүйгээр хэнээс ч санаа зоволгүйгээр арьсаа агаар амьсгалуулж эрх чөлөөг бүрэн мэдрүүлэх тус рестораны үндсэн концепт бөгөөд нээгдсэн даруйдаа 46 мянга гаруй хүн хүлээлтийн жагсаалтад орсон байна. The Bunyadi рестораны интерьер нь зоогийн газар гэхээсээ илүү саунтай төстэй бөгөөд лааны анхилам үнэр ханхалж бүдэг гэрэлтэй орчинд хоолоо иддэг нь өөрийн концепттэй тун зохицдог байна.


SAFEHOUSE РЕСТОРАН

Хувцасны код: Нууц агент

Та дараах ресторанаар үйлчлүүлэхдээ заавал тэдний дүрмийн дагуу хувцаслах шаардлагатай (фото 3)

Та Жэймс Бонд киног үзэж байхдаа өөрийгөө дотроо сэм сэмхэн тагнуулч болсноор төсөөлж байсан удаатай юу. Хэрвээ тийм бол Америк улсын Милоуки хотын Safehouse ресторанд очиж өөрийн төсөөллөө бодит байдал болгоорой. Тус рестораны үүдэнд суух тагнуулч хатагтай Манипеннид тусгай нууц үг хэлж байж л цааш нэвтрэх бөгөөд хэрвээ нууц үгээ мэдэхгүй тохиолдолд асуусан асуултад нь зөв хариулах зарим үед тагнуулч мэт үзүүлбэр үзүүлэх ч шаардлага тулгарч мэднэ. Ийм л өвөрмөц ресторанд та мэдээж тагнуулч шиг хувцаслаж ирснээр адал явдлыг тань улам л сонирхолтой болгох нь гарцаагүй.


ULTRAVIOLET РЕСТОРАН

Хувцасны код: Хурц тод өнгө болон хээтэй хувцас хориотой

Та дараах ресторанаар үйлчлүүлэхдээ заавал тэдний дүрмийн дагуу хувцаслах шаардлагатай (фото 4)

Францын алдарт тогооч Пол Пэре нь Хятадын Шанхай хотод ганц ширээтэй нэгэн сонирхолтой ресторан нээсэн нь Ultraviolet билээ. Уг рестораны тойрон хүрээлэх хана бүр нь дэлгэц бөгөөд таны захиалсан иж бүрдэл хоолонд тань тохируулан дэлгэцэд гарах дүрслэл солигдож хөгжим эгшиглэн, неон гэрэл тусгадаг нь таныг ирээдүйгээр аялуулж байна уу гэмээр мэдрэмж төрүүлдэг. Тиймээс уг ресторан нь зочдодоо аль болох саармаг өнгөтэй, цулгуй хувцаслаж ирэхийг шаарддаг нь футурист өнгө аясыг танд тултал мэдрүүлэхэд л гол зорилго нь оршдог юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх