Хайх

Барсэлона хот дахь сонирхолтой “Каталан Зул Сар”

Барсэлона хот дахь сонирхолтой “Каталан Зул Сар”

Text: Buro.Mongolia


Зул сар гэхээр таны төсөөлөлд юу бууж байна вэ? Гацуур мод, том том оймс тохсон ил зуух, яндангаар орж ирж хүүхдүүдэд бэлэг үлдээдэг Санта Клаус төсөөлөгдөж байгаа байх. Харин бэлгээр баадаг модны тайрдас, эсвэл бааж байгаа хүний баримал төсөөлөгдөөгүй гэдэгт итгэлтэй байна. Хаана ийм сонин бэлэг тэмдэг, ёс заншилтай зул сар байна вэ? Эдгээрийг та Испани улсын нэгэн алдартай хот болох Каталанчуудын нийслэл гэгддэг Барсэлонад зул сарын үеэр харж болох юм.

Каталанчууд гэж хэн бэ?

Барсэлона хот дахь сонирхолтой “Каталан Зул Сар” (фото 1)

Юуны өмнө уншигч танд Каталанчуудыг танилцуулах нь зүйтэй болов уу. Испани улс нь хэд хэдэн бүс нутгаас бүрддэг ба тэдгээр нь өөр өөрийн өвөрмөц түүх соёлтой үндэстнүүд байдаг юм. Манай Буриад, Казак үндэстнүүдтэй адилтгаж болох юм. Тэдний нэг нь Каталанчууд юм. Бидний сайн мэдэх хөлбөмбөгийн клуб болох FC Barcelona -ийн өлгий нутаг, үзэсгэлэнт Барсэлона (дуудлагын дагуу бичих нь зүйтэй санагдав) хот нь Каталанчуудын нийслэл гэгддэг юм билээ. Каталанчууд нь өөрсдийн Каталан хэлтэйгээс гадна олон сонирхолтой соёлтой ард түмэн юм. Тэдний Испани улсын нэг хэсэг болсон түүх ч маш сонирхолтой. Энэ удаад би та бүхэнд тэдний зул сарын баярын талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэе.

Кака Тио (Caga Tió)

Барсэлона хот дахь сонирхолтой “Каталан Зул Сар” (фото 2)

Испаничуудын зул сар Америк зул сарыг бодвол илүү олон арга хэмжээ, зан үйлтэй бөгөөд тэдэн дунд зөвхөн Каталанчуудын дунд харагдах онцгой содон баярын ёс заншил, чимэглэл байдаг. Тэдгээр ёс заншлуудын нэг нь Кака Тио-г гэртээ залах юм.

12-р сарын 8 бол тэд зул сарын чимэглэлээ хийж эхэлдэг өдөр ба энэ өдөр Кака Тио тэдний үүдэнд зочлон ирнэ. Түүнийг гэртээ урьж оруулан зул сарын үдэш болтол харж хандана. "Кака тио" нь дүрсэлж хэлвэл инээмсэглэсэн царай зурсан, Каталан үндэсний улаан малгай Баррэтина өмссөн, энгийн нэгэн модны тайрдас юм. "Кака Тио"-г каталан хэлнээс орчуулбал "Баадаг тайрдас" гэсэн үг ажээ. Бидний мэдэх зул сар, шинэ жилээр Өвлийн Өвгөн юм уу Санта Клаус хүүхдүүдэд бэлэг авчирч өгдөг бол Каталанчуудын хувьд инээмсэглэсэн модны тайрдас "төрөл бүрийн амттангууд болон жижиг бэлгүүдээр баадаг" бололтой. Тэр зөвхөн зул сарын үдшийн десерт болон хүүхдүүдийг бяцхаан баярлуулах жижиг тоглоомуудаар баадаг ба хүүхдүүдийн хүсэн хүлээсэн том бэлэгнүүдийг нь 1-р сарын 5-ны шөнө Библийн сударт гардаг 3 хаад авчирч өгч, 1-р сарын 6-ны өглөө тэд жинхэнэ бэлэгнүүдээ задалдаг ажээ.

Кака Тио-г амттангуудаар бэлгээр баалгахын тулд уламжлалт зан үйл үйлдэнэ. Уг зан үйл нь энгийн боловч хүүхдүүдийн хувьд жил болгон хүсэн хүлээдэг зан үйл нь байх нь мэдээжийн хэрэг юм. Энд зул сарын уур амьсгал нэлээд эрт 11-р сарын 21 гээд л орчихно. Айл бүр 12-сарын 8-аас эхлэн гэртээ том жижиг Кака Тио авч тавиад түүнийг орой бүр хооллож, бас дааруулахгүй гэж хөнжил нөмрүүлнэ. Орой өгсөн хоол өглөө босоход байхгүй болсон байна. Хүүхдүүд түүнийг хоолоо идэж байгаад баярлана. Өдөр хоног өнгөрсөөр "Баадаг тайрдас" маань нөмөргөн дотроо жин нэмсээр байгаа нь анзаарагдана. Ингээд өдөр хоног өнгөрсөөр Зул Сарын орой түүнийг баалгах зан үйл хийгдэнэ дээ. Түүнийг хэрхэн баалгах вэ гэвэл гэр бүлээрээ түүнийг тойрч зогсоод түүнд зориулсан дууг дуулна. Дууг дуулж байхдаа хүүхдүүд түүнийг бяцхан таягаар цохисоор байх болно.

Барсэлона хот дахь сонирхолтой “Каталан Зул Сар” (фото 3)

"Баагаарай тайрдас минь баагаарай
Ойн самар, олон янзын амттанаар баагаарай
Сайн баахгүй бол саваагаар чамайг цохино шүү.."

Гэсэн үгтэй дуу дуулсаар модны тайрдсыг тал талаас нь цохидог байна. Дуулж дууссаны дараа тэд нөмрөгийг сөхөж түүнийг бэлгээр баасан байхыг олж харах болно. Хүүхдүүд баярлаж Кака Тио -г сайн хооллож, сайн асран халамжилсан болохоор олон гоё бэлгээр баасан байна гэж дотроо бодоцгоон бэлэгнүүдээ задалдаг байна.

Каталан маягийн зул сарын бэлэг задлах үйл явц ийм байх ажээ. Тэдний зул сартай холбоотой бас нэгэн сонирхолтой зүйл бий. Хөгжилтэй нь тэр нь бас л хүндээр бие засахтай холбоотой юм.

"Каканер" буюу хүндэрч буй хүн

Барсэлона хот дахь сонирхолтой “Каталан Зул Сар” (фото 4)

"Каканер" нь Каталанчуудын зул сарын онцгой нэгэн чимэглэл бөгөөд энэ нь хүндэрч байгаа хүний баримал юм. Том жижиг янз бүрийн хэмжээтэй байх ба уламжлалт дүр нь эртний тариаланч, жинхэнэ Каталан үндэстэн эр байх юм. Орчин үед бэлэг дурсгалын зүйл болгож олны танил хүмүүсийг Каканер болгон дүрсэлдэг болжээ. Майкл Жексон, The Beatles хамтлагийн гишүүд, Star Wars киноны дүрүүд, улс төрөөс Ким Жонг Ун, Доналд Трамп гээд бүгдийг нь өмдөө шувтлаад хүндэрч байгаагаар дүрсэлсэн хөгжилтэй сувенирүүдтэй их тааралдана шүү. Каканер нь бэлгэдлийн чанартай бөгөөд ирэх жилдээ ургац сайтай, хоол хүнсээр элбэг дэлбэг байж, санаа амар хүндэрнэ гэсэн бэлгэдэлтэй ажээ. Каканерийг байрлуулж тавих газрыг сонирхолтойгоор сонговол байраа олсон каканер үнэхээр содон бас хөгжилтэй харагддаг юм билээ.

Каталан үндэстнүүд зул сарыг хөгжилтэй мэдрэмжтэйгээр тэмдэглэдэг бололтой. Баяр ёслол инээд баясалгүй бол яаж баяр байх вэ дээ, тийм ээ.

цааш үзэх