Хайх

Гадаадын улс орнуудын гал унтраах/онцгой байдлын алба ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ?

Гадаадын улс орнуудын гал унтраах/онцгой байдлын алба ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ?

Text: Б.Энххүслэн


2024 оны нэгдүгээр сарын 24-ний шөнө Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт дэлбэрэлтийн улмаас гал түймэр гарч ОБЕГ-ын гурван албан хаагч харамсалтайгаар амь эрсэдсэн нөхөж баршгүй гарз бидэнд тохиогоод байна. Үүгээр ч зогсохгүй олон айл өрхүүд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирлоо. Энэхүү үйл явдал нь монголчууд бидэнд аливаа томоохон гал түймрийг, цаашлаад бусад гамшгийг түргэн шуурхай, аюулгүй даван туулах хүчин чадал ядмагхан байгааг ойлгуулсан болов уу. Тиймээс цаашид тохиолдох боломжтой аливаа гарз, хохирлоос урьдчилан сэргийлэх, даван туулахын тулд юун түрүүнд ОБЕГ-ын албан хаагчдын эдлэл хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх, сайжруулах, технологийн дэвшлүүдийг тус салбарт нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдэх нэн шаардлагатай байна. 

Тэгвэл бидний зүгээс гадаад улс орны гал унтраах болон онцгой байдлын албаны ашигладаг тоног төхөөрөмж, энэ салбарт хувьсал хийж буй технологийн дэвшлүүд болон бусад холбоотой мэдээллийг цуглуулан энд нэгтгэлээ. Монголын хувьд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян УОК-ын зүгээс хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Өнөөдөр тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалт улсын хэмжээнд 57%-тай, нийслэлд 55%-тай, хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт 35%-48%-тай байна. Дөрвөн албан хаагч тутамд тусгай зориулалтын хувцсаа дамжуулан хэрэглэж байна” хэмээсэн ба хангамжийн асуудал хурцаар тавигдах болсныг олон нийтэд дэлгэсэн юм.


Олон улсад ашигладаг гал сөнөөх зориулалттай тоног төхөөрөмжүүд

Доор дурдсан төхөөрөмжүүд нь Канад, Австрали, Сингапур, АНУ, Герман улсын гал сөнөөх албаны ашигладаг тусгай зориулалтын тоног төхөөрөмжүүд юм. Эдгээр улс нь гал унтраах салбарын хөгжлөөрөө тэргүүлдэг ба Канадад л гэхэд жил бүр 500 сая ам.долларын үнэ бүхий гал сөнөөх тоног төхөөрөмжийг АНУ-аас импортолдог байна. Харин Европын Холбоо нь 2021 оны байдлаар тус салбарт 34.1 тэрбум евро төсөвлөсөн бөгөөд энэ нь өмнөх жилийнхтэйгээ харьцуулахад 2.5%-иар өссөн үзүүлэлт билээ. Европын Холбооны дийлэнх улсуудын тус салбарт хуваарилах төсвийн хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. 

Гал унтраах, онцгой байдлын албанд зарцуулах мөнгө нэг бүр ардаа хэдэн амийг аварч, ажлын байрыг хадгалж, эдийн засгийн үр өгөөжийг бүтээдэг талаар Ливерпүүлийн их сургуулийн 2022 онд хийсэн судалгаанд дурдагдсан байдаг. Тодруулбал, Канадын гал сөнөөх албанд хөрөнгө оруулсан 1 канад доллар (ойролцоогоор 2,600 орчим төгрөг) тутамд 1,917 ажлын байр хадгалагдаж, 8 хүний амь аврагддаг ба энэ нь 368,8 сая канад доллароор үнэлэгдэхүйц эдийн засгийн үр өгөөж болохыг тогтоосон байна.

Гадаадын улс орнуудын гал унтраах/онцгой байдлын алба ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ? (фото 1)

Халхавчтай хамгаалалтын дуулга

Гал сөнөөгчдийн албаныхны өмсдөг дуулга нь толгойг хэт халалтаас, дээрээс унах боломжтой эд зүйлсээс хамгаалах зориулалттай. Одоо зах зээл дээр борлуулагдаж буй хамгийн сүүлийн үеийн дуулгыг 3M Scott Fire & Safety компани санал болгож байгаа юм. Энэхүү дуулга нь 1700F буюу 930 орчим цельсийн халууныг тэсвэрлэх чадвартай тусгай халхавчтайгаар хийгджээ.

Үүнээс гадна Сан-Франциско хотод үйл ажиллагаагаа явуулдаг Qwake Technologies компани C-Thru технологиор хийгдсэн дэвшилтэт дуулгыг зохион бүтээсэн байна. Энэ нь аврах ажиллагаанд оролцож буй албан хаагчдад утаанаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдсан тухайн газрын дүрслэлийг харуулах үйлдэлтэй юм. Тус төхөөрөмжийн тусламжтай гал сөнөөгчид хоёр дахин хурдан ажиллах боломжтой ба одоогоор энэхүү дуулгыг Калифорни мужийн Менло-Парк хотын гал сөнөөх алба хэрэглээндээ нэвтрүүлээд байна.

Гадаадын улс орнуудын гал унтраах/онцгой байдлын алба ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ? (фото 2)

Нэг гал сөнөөгчийн бүрэн тоноглогдсон хувцас дунджаар ямар үнэтэй байдаг вэ?

Дуулга: 150-500$

Юүдэн: 30-150$

Гутал: 200-650$

Өмд: 800-1500$

Хүрэм: 1500-2000$

Бээлий: 50-150$

Гар чийдэн: 40-100$

Амьсгалын төхөөрөмж: 2400-5400$

Маск: 200-400$

Дулаан мэдрэгч камер: 1500-10,000$

Туслах тоноглол: 350-800$

Нийт: 7,220-21,650$


Гал унтраах машин

3 орчим сая хүн амтай Торонто хотод 2022 оны байдлаар 179 гал унтраах машин байна. Ингэхдээ тэд Хойд Америктаа хамгийн өндөр буюу 70м хүртэл сунах чадвартай "Tower 1" нэртэй гал унтраах машиныг ашигладаг билээ. Цаашлаад Нью-Йорк 143, Берлин 194 гал унтраах машин эзэмшдэг гэсэн тоон үзүүлэлт гарчээ.

Гадаадын улс орнуудын гал унтраах/онцгой байдлын алба ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ? (фото 3)
Гадаадын улс орнуудын гал унтраах/онцгой байдлын алба ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ? (фото 4)

Монголын хувьд ОБЕГ нь 30м хүртэлх буюу 9 давхар барилгад гарсан галыг унтраах тусгай зориулалтын төхөөрөмж эзэмшдэг болохыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн юм. Мөн саяхан “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл" хэрэгжиж үүний хүрээнд 42 гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлсэн байна. Цаашлаад төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлснээр хэт хүйтний болон давчуу орчин нөхцөлд ажиллах чадвартай, хөөсөөр гал түймэр унтраах болон 32, 42 метр хүртэлх өндөрт ажиллах 18 нэгж гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх юм. Эдгээр автомашинуудыг хүлээн авснаар Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэж, ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, шатахуун түгээх станц, томоохон хэмжээний худалдааны төвд гарсан гал түймрийг түргэн шуурхай унтраах чадавх сайжирна гэдгийг ОБЕГ-с мэдэгджээ.


myResponder аппликейшн

Энэхүү аппликейшныг Сингапурын Иргэний хамгаалалтын хүчний байгууллага (SCDF) ашигладаг билээ. myResponder нь зүрхний шигдээсний улмаас эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан хүмүүсийн тоог бууруулах зорилготой бүтээгджээ. Зүрхний шигдээс болсноос эхний дөрвөн минутад амжиж яаралтай зүрхний массаж хийх шаардлагатай байдаг ба Сингапурын Иргэний хамгаалалтын хүчний байгууллага, аль эсвэл түргэн тусламж энэ хугацаанд амжиж ирэхгүй байх тохиолдол гардаг байна. Тиймээс myResponder аппликейшнд яаралтай тусламж үзүүлэхэд бэлтгэгдсэн сайн дурын ажилтнууд бүртгэлтэй байдаг бөгөөд тэд зүрхний шигдээсээр тусламж авах шаардлагатай иргэнээс 400 хүртэлх метрийн зайд явж байгаа тохиолдолд аппликейшн мэдэгдэл ирүүлдэг ажээ. Хэрэв тухайн ажилтан ослын газар түргэн тусламжийн мэргэжилтнээс урьтаж очсон тохиолдолд тус аппликейшны зураг, бичлэг авах үйлдлээр дамжуулан нөхцөл байдлыг мэргэжлийн албаныханд танилцуулан тусламж үзүүлэхэд хэрэгцээтэй нэмэлт зааварчилгаа авдаг байна.

Гадаадын улс орнуудын гал унтраах/онцгой байдлын алба ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ? (фото 5)

UFM машин

"Unmanned Firefighting Machine" буюу удирдлагатай гал унтраах машин нь удаан хугацаанд үргэлжилж буй гал унтраах ажиллагаанд нэн хэрэгцээтэйд тооцогддог. Энэ нь гал сөнөөгчийн амь насыг эрсдэлд оруулахгүйгээр галын голомтыг унтраах, таслан зогсоох арга хэмжээг авч чаддаг бөгөөд ердөө нэг хүний удирдлагаар алсаас залах боломжтой байна. Тус машиныг Сингапурын иргэний хамгаалалтын хүчний байгууллага ашигладаг билээ. Энэхүү байгууллага нь мөн галын голомтыг илрүүлэх чадвартай Red Rhino робот, гал түймрийн аюулд өртсөн хүмүүсийг илрүүлж, хүний нүдээр харах боломжгүй аюулыг мэдэгддэг "Unmanned Aerial Vehicle" буюу нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийг эзэмшдэг ажээ. Сингапур улс нь энэ мэтчилэн гал сөнөөх үйл ажиллагааг автоматжуулж, роботжуулах төслийг идэвхтэй хэрэгжүүлдэг улсуудын нэг юм.

Гадаадын улс орнуудын гал унтраах/онцгой байдлын алба ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ? (фото 6)
Гадаадын улс орнуудын гал унтраах/онцгой байдлын алба ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ? (фото 7)

Гал сөнөөх салбарт хувьсал хийж буй технологийн дэвшлүүд

Хиймэл оюун ухаан

Хиймэл оюун ухааны нөлөөгөөр дийлэнх салбаруудын хөгжлийн зам мөр тэгширсээр байгаа билээ. Тэгвэл гал сөнөөх салбарт ч мөн хиймэл оюун ухааны дэвшлийг нэвтрүүлэхэд NASA-гийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Тодруулбал, тэд AUDREY хэмээх системийг зохион бүтээгээд байгаа юм. Энэ нь галт түймрийн талаарх хэрэгтэй бүх мэдээллийг цуглуулах зорилготой аж. Жишээ нь, AUDREY халууны хэм, газ илрүүлэлт, галын тархах хугацаа, гал унтраахад зарцуулагдах цаг зэргийг нарийвчлалтайгаар гаргадаг гэнэ. Энэхүү төхөөрөмж нь одоо туршилтын шатан дээрээ явж байна.

Гадаадын улс орнуудын гал унтраах/онцгой байдлын алба ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ? (фото 8)

VR систем

VR системийг АНУ болон Австралийн гал түймэр унтраах албаныхан өөрсдийн гал сөнөөгчдөө чадавхжуулах сургалт зохион байгуулахад ашиглаад эхэлжээ. Өөрөөр хэлбэл практик дээр хэрэгжүүлэхэд хэтэрхий аюултай галыг виртуалаар бүтээх боломжтой болсон гэсэн үг юм. Ингэснээр боловсон хүчин олон төрлийн нөхцөл байдалд бэлэн байх, мэдлэг чадвар нь улам нэмэгдэх, мөн сургалтад зарцуулах зардал буурах ач холбогдолтой байна.

Гадаадын улс орнуудын гал унтраах/онцгой байдлын алба ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ? (фото 9)
Гадаадын улс орнуудын гал унтраах/онцгой байдлын алба ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ? (фото 10)

Дууны долгионоор гал унтраагч төхөөрөмж

Уламжлалт төхөөрөмжүүд гал унтраахын тулд химийн нэгдлүүдийг ашигладаг бол одоо дууны долгионыг нэвтрүүлээд эхэлжээ. Энэхүү санааг анх 2017 онд George Mason их сургуулийн оюутнууд бодож олсон ба тус төхөөрөмж нь агаарын молекулуудаас хүчилтөрөгчийг тусгаарлах замаар галыг унтраадаг байна. Хүчилтөрөгч өөрөө галын гол бүрэлдэхүүн хэсэг учраас тус үйл явц нь галыг унтрахад хүргэдэг гэсэн үг.

Уламжлалт хөөсөнд агуулагддаг химийн нэгдлүүд нь эд хөрөнгөд ихээхэн хохирол учруулдаг бол дууны долгионоор гал унтраагч төхөөрөмж галыг хамгийн цэвэрхэн аргаар унтраадаг гэдгээрээ үнэлэгдээд байгаа юм. 

Энэ мэтчилэн үй олон технологийн дэвшлүүдийг эрдэмтэн мэргэжилтнүүд зохион бүтээж, туршиж улмаар хэрэглээнд нэвтрүүлсээр байна. Мөн олон улсад ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд, гал унтраах, онцгой байдлын албан хаагчдынхаа амь насыг эрсдэлтэй нөхцөлд оруулахгүйн тулд шинэлэг тоног төхөөрөмжүүдийг ашиглан тус салбараа хөгжүүлэхэд анхаарсаар байгаа юм. Эсрэгээрээ Монголын нөхцөлд гал сөнөөгчдөд, онцгой байдлын албан хаагчдад оногдох зайлшгүй шаардлагатай анхан шатны хувцас, хэрэгсэл нь хүртэл хүртээмжгүй байсаар удлаа. Гал түймэр, үер болон бусад гамшгийн үеэр улс орон маань бэлэн байдалд байж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө дахиж бүү хохироосой. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх