Хайх

Бимбо стоицизм: Өөрийгөө ойлгон хайрлах нь

Бимбо стоицизм: Өөрийгөө ойлгон хайрлах нь

Text: М. Анухатан


Бимбо болон стоик гэх хоёр үгийг магад анх удаа нэг өгүүлбэрт нэгтгэж чадсан уг тренд “үзэсгэлэнтэй” нэгэн гэж ямар хүнийг нэрлэх вэ гэдэг энгийн асуултыг хөнджээ. Тодруулбал, орчлонгийн хэн бүхэн зөвхөн нэг гоо зүйн хэмжүүрээр үнэлэгдэх нь шударга зүйл гэж үү гэх ойлголтыг үгүйсгэн гарч ирсэн, цахим орчин дахь шинэ трендийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцацгаая.

Бимбо стоицизм: Өөрийгөө ойлгон хайрлах нь (фото 1)


БИМБО СТОИЦИЗМ ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ

Энэхүү трендийн гол утга нь эмэгтэйчүүдийг өөртэйгөө төстэй амьтныг олж, түүгээр дамжуулан өөрийн онцлог, давуу шинж, гоо зүйн өвөрмөц байдлыг ойлгоход уриалж буй. Tiktok платформ дээр @babushka.en нэрээр контент бүтээдэг Дарья Фидлобабович анх 2025 оны сүүлээс эхлэн өөрийн цахим хуудаснаа бимбо стоицизмын санааг хуваалцаж эхэлсэн нь богино хугацаанд олон хүнд хүржээ. Хэлсэн гол агуулга нь та "ихэр амьтан"-аа олсноор тогтсон хэвшмэл ойлголтоор хязгаарлагдах хөөрхөн, муухай гэх ойлголтыг давж, өөрийнхөө онцлогийг олж харснаар эмэгтэйлэг чанараа эдгээн хайрлах үйл явц багтана хэмээн эх сурвалжид тайлбарлажээ.

Бимбо стоицизмын дүрмийн дагуу амьтад дунд хамгийн хөөрхөн гэдэг ойлголт үгүй, тэд зүгээр л хоорондоо ялгаатай буюу тус бүрийн онцлог чанараар ялгардаг. Дарья Фидлобабовичийн тайлбарласнаар “Морийг том биетэй учраас үзэмжгүй муухай гэж хэлэх үү? Эсвэл бүргэдийн хошууг дэндүү том байна гэснээр муухай болчихгүй шүү дээ. Гэтэл эмэгтэйчүүд өдөр бүр өөрсдийнхөө тухай ийм зүйл ярьж, том жижиг өндөр нам гээд хэмжээд байдаг. Энэхүү шаардлагагүй харьцуулалтаас багахан хөндийрөөд харж чадвал энэ нь хэчнээн утгагүй зүйл болох нь илт харагдана. Гоо сайхан бол олон хэмжээст ойлголт бөгөөд маш өргөн хүрээг хамардаг” хэмээжээ.

Бимбо стоицизм: Өөрийгөө ойлгон хайрлах нь (фото 2)
Бимбо стоицизм: Өөрийгөө ойлгон хайрлах нь (фото 3)

Уг трендийн хүрээнд охид бүсгүйчүүд өөрсдийн зургийг нийтэлж өөртэй нь төстэй амьтныг асуух ба бусад хэрэглэгчид төстэй амьтныг нь санал болгон үргэлжилнэ. Нэгэн хэрэглэгч “Би урьд нь өөрийн өвөрмөц хамар, биеийн галбиртаа итгэлгүй байсан чинь үнэндээ би уулын арслан шиг харагддаг гэдгээ ойлголоо” хэмээн онцолсны адил, өөрийн царай төрх, байгаа байдал болон зан чанартайгаа төстэй амьтныг олох нь гоо сайхныг эх байгалийн бусад бүтээлийн адил бидэнд өгсөн бэлэг гэж хүлээн зөвшөөрөхөд тусалж буй. 


БИМБО СТОИЦИЗМ НЭРШИЛ

Бимбо стоицизм: Өөрийгөө ойлгон хайрлах нь (фото 4)
Бимбо стоицизм: Өөрийгөө ойлгон хайрлах нь (фото 5)

Бимбо стоицизм хэмээн нэрлэсэн нь мөн жирийн егөөдөл биш. Анх 1990-ээд онд Америкт “хөөрхөн”-өөс цаашгүй ухаан муутай, тэнэг эмэгтэй гэж тодорхойлохдоо ашигладаг байсан энэ үгийг 2020 оноос эхлэн Tiktok платформ дээр охид, бүсгүйчүүд эерэг утгатайгаар өөрчилж чаджээ. Хөөрхөн хэр нь ухаан муутай, ухаалаг даруу ч царай муутай гэх өчүүхэн харьцуулалтыг халж эмэгтэй хүн ухаалаг, бас үзэсгэлэнтэй, өөртөө сэтгэл хангалуун байж болно гэж илэрхийлэхдээ бимбо гэх тодорхойлолтыг ашигладаг болжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх