Хайх

Карантины үеэр хэрхэн удаан амьдрах урлагт суралцах вэ?

Карантины үеэр хэрхэн удаан амьдрах урлагт суралцах вэ?

Бүхнийг удаашруул

Text: Buro.Mongolia


Хэдхэн жилийн өмнө бид хүмүүсийн амьдралд нэвтэрч эхэлсэн Slow хөдөлгөөний талаар бичиж байсныг санаж байна уу? Хэрвээ товчхон танилцуулбал энэхүү хөдөлгөөн нь орчин үеийн хэт хурдан амьдралын хэмнэлийг удаашруулж, бүх зүйлд ухамсартайгаар хандан, юунд ч яаралгүй амар амгаланг мэдрэхийг хэлж байгаа юм. Магадгүй байрны хажуугийн дэлгүүр орох нь шинэ "гадуур гарах ажил" болсон энэ цаг үед та үүнээс илүү удаашрах боломжгүй хэмээн бодож болох л юм.

Гэхдээ хэт хурдацтай хөгжиж буй орчин үеийн галзуу хэмнэлд амьдарч байгаа бид зарим зүйлсэд "Тормозоо гишгэх" хэрэгтэйг цар тахал эхлэхээс ч өмнө ойлгосон гэж хэлж болно. Харин цар тахал бидэнд дэлхий хэзээ ч өмнөх шигээ байхгүй тул өөрөөр амьдрах хэрэгтэй гэдгийг ойлгуулсан юм. Тиймээс хэрвээ та 2021 онд өөртөө шинэ зорилт тавих гэж байгаа бол тэр нь амжилтад хүрч эсвэл гоолиг биеийг олж авах бус харин удаан амьдралд суралцахуй байна гэдэгт итгэлтэй байна. Ингээд тусгаарлалтын үеэр хэрхэн "slo-mo" горимд шилжиж болохыг харцгаая.

Удаан хоолло

Карантины үеэр хэрхэн удаан амьдрах урлагт суралцах вэ? (фото 1)

Хэдийгээр хоолоо удаан зажилж, удаан сууж идэх нь эрүүл мэндэд тустай ч удаан хооллох нь үүнээс арай өөр утгатай. Түргэн хоол, химийн бодис агуулсан, олон сар жилээр хадгалагддаг боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүдээс татгалзаж, үүний оронд эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан органик, чанартай хүнс сонгохын зэрэгцээ илүүдэл хог хаягдал гаргалгүй хоолонд ухамсартайгаар хандахыг "Slow Food" хөдөлгөөн уриалдаг. Мөн хоолныхоо амт бүрийг сайтар, мэдэрч таашааж аажмаар идэх нь удаан хооллох хөдөлгөөний нэгэн хэсэг юм. Хөл хорионы үеэр эрүүл, тэнцвэртэй хооллож дархлаагаа дэмжих зайлшгүй шаардлагатай болсон тул одооноос удаан хооллох хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхлээрэй. Эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүнүүдээрээ төрөл бүрийн амттай хоол өөрийн гараар бэлтгэж идэхэд үүнээс тохиромжтой цаг гэж үгүй.

Бага ажиллаж, их амьдар

Карантины үеэр хэрхэн удаан амьдрах урлагт суралцах вэ? (фото 2)

"Удаан ажилла" гэх үгс даргад тань таалагдахгүй нь гарцаагүй. Гэвч COVID-19 эхэлснээс хойш гэрээсээ ажиллахын хажуугаар цэцэрлэг, сургууль, өдөр өнжүүлэх төвүүд хаагдаж, хүүхдүүдээ өөрсдөө харах болсон эцэг эхчүүдийн хувьд цаг хугацаатай уралдан бүхнийг амжуулахыг хичээж, карьерын амжилт гаргахаас илүүтэй ажил, амьдралын тэнцвэрийг олох нь чухал болоод байна. Бие болоод сэтгэлийн эрүүл мэнд, гэр бүлдээ анхаарал хандуулж, амар тайван амьдарч, аз жаргалаа золиослон ажлаа сонгохгүй байхыг цар тахал ухааруулж байна.

Технологийн завсарлага ав

Карантины үеэр хэрхэн удаан амьдрах урлагт суралцах вэ? (фото 3)

Ухаалаг төхөөрөмжүүдээ салган оффлайн горимд шилжээрэй. Карантины үеэр зав гарсан гээд олон нийтийн сүлжээнд newsfeed-ээ скролл хийж хамаг цагаа өнгөрөөх нь ямар их хор уршигтайг Netflix дээрх "The Social Dilemma" баримтат киноноос харсан биз ээ. Тиймээс одооноос эхлэн сэрүүлэг тавьж сошиал ертөнцөд өнгөрөөх хугацаагаа сайтар хянаж эсвэл бүр долоо хоногийн турш аппуудаа устган дижитал детокс ч хийж болно. Үүгээр ч зогсохгүй амралтын өдрүүдэд огт ухаалаг утсаа оролдохгүй, бодит амьдрал дээрээ төвлөрч байвал бүр ч сайн.

Хүссэн зүйлээ хий

Карантины үеэр хэрхэн удаан амьдрах урлагт суралцах вэ? (фото 4)

Яг одоо эртнээс уншихыг хүссэн ном, үзнэ гэж бодоод орхисон киногоо үз. Эсвэл бүр та дэгээ зүүгээр нэхэж сурахыг хүсдэг байсан бол яг одоо л туршиж үзэх цаг нь ирээд байна. Хаашаа ч, юунд ч яаралгүй, анхаарлаа сайтар төвлөрүүлж, зөвхөн өөрийнхөө хийхийг хүсдэг байсан зүйлсээ хийгээд үзээрэй. Бүхнийг удаашруулахын гол утга учир нь үр бүтээлтэй байхдаа бус танд бүрэн дүүрэн амьсгал авч, эргэн тойрноо сайтар шинжин дүгнэж, амьдралын жижиг сажиг зүйлсээс таашаал авч, аз жаргал мэдрэхэд оршино. Тиймээс одооноос эхлэн амралтын өдөр цахим шуудангаар ирсэн ажлын зурваст хариулахын оронд сайхан үнэртэй лаа асаан хөөстэй ваннд хэвтэхийг илүүд үзээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх