Хайх

\"ОНЦГОЙ\" болон \"ОНЦГҮЙ\" зүйлсээр дүүрэн хөл бөмбөгийн ДАШТ-ий эргэн тойронд

"ОНЦГОЙ" болон "ОНЦГҮЙ" зүйлсээр дүүрэн хөл бөмбөгийн ДАШТ-ий эргэн тойронд

Хамгийн өндөр өртөг, хамгийн бага цалин

Text: Buro.Mongolia


Катар улсад зохион байгуулагдаж буй 22 дахь удаагийн эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн нөлөө бүхий энэхүү тэмцээн нь энэ жил маш олон зүйлээр онцлог болж байна. Жишээлбэл, энэ жилийн наадам 32 баг өөр хоорондоо өрсөлдөж буй сүүлийн ДАШТ болж байгаа бөгөөд 2026 оноос буюу дараагийн тэмцээнээс эхлэн 48 баг өрсөлдөхөөр болж өөрчлөгдсөн. Мөн түүнчлэн Катар улсад зөвхөн ДАШТ-д зориулан долоон цэнгэлдэх хүрээлэнг шинээр байгуулж, технологийн олон шинэлэг, сонирхолтой шийдлүүдийг ашигласнаас гадна энэ бүхний ард өрнөсөн боолчлол, хөдөлмөрийн мөлжлөг, хүний эрхийн асуудал ч мөн хурцаар хөндөгдөж байгаа билээ. 


Хамгийн шинэлэг цэнгэлдэх хүрээлэн

"ОНЦГОЙ" болон "ОНЦГҮЙ" зүйлсээр дүүрэн хөл бөмбөгийн ДАШТ-ий эргэн тойронд (фото 1)

22 дахь удаагийн хөл бөмбөгийн ДАШТ Катар улсын таван хотын найман цэнгэлдэх хүрээлэнд зэрэг болж буй. Тэгвэл эдгээрээс долоог нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд шинээр бий болгожээ. Тэр дундаа Stadium 974 нь тэмцээний түүхэн дэх анхны түр цэнгэлдэх хүрээлэн бөгөөд нийт 974 ширхэг ачааны чингэлгээс бүтсэн учир ийнхүү нэрлэсэн байна. Тэмцээн дуусмагц цэнгэлдэх хүрээлэнг бүрэн буулгаж чингэлгүүдийг зориулалтын дагуу ахин ашиглах юм. 


Хамгийн сонирхолтой зураг

"ОНЦГОЙ" болон "ОНЦГҮЙ" зүйлсээр дүүрэн хөл бөмбөгийн ДАШТ-ий эргэн тойронд (фото 2)

Хөл бөмбөгийн дэлхийн аварга эхлэхтэй зэрэгцэн алдарт тамирчид болох 35 настай Лионель Месси, 37 настай Криштиану Роналду нарын Louis Vuitton брэндийн сурталчилгааны гэрэл зураг цацагдсан нь олон сая фенүүдийг нь баярлуулаад авсан. Сүүлчийн дэлхийн аваргадаа оролцож буй Месси болон Роналду нарын шатар тоглож буй энэхүү гэрэл зургийг сайтар ажиглаваас 2017 онд Магнус Карлсен болон Хикару Накамура нарын дунд өрнөсөн түүхэн тоглолтын шатрын байрлал байх болно. Хоёр шатрын аваргын дунд өрнөсөн уг тэмцээнд хэн нь ч ялалт байгуулж чадалгүй тэнцэж өндөрлөсөн ба тэрхүү үзэгдлийг энэ зурагт харуулсан нь хөл бөмбөгийн фанатуудад маш олон янзын тайлбарыг бий болгоод байна. 


Хамгийн хүйтэн улирал

"ОНЦГОЙ" болон "ОНЦГҮЙ" зүйлсээр дүүрэн хөл бөмбөгийн ДАШТ-ий эргэн тойронд (фото 3)

Анх удаа өвлийн улиралд хөл бөмбөгийн ДАШТ зохиогдож байгаа нь бас нэгэн түүхэн үйл явдал боллоо. Энэ удаагийн тэмцээнийг өвөл зохион байгуулах болсон гол шалтгаан бол Катар улсад хөл бөмбөгийн ДАШТ зохион байгуулагддаг уламжлалт үе болох зургаа болон долоодугаар сарын хооронд дундаж температур нь цельсийн +41 градус болтлоо халдаг тул тамирчид, жуулчид, үзэгчдийн тав тухтай байдлыг харгалзан тэмцээнийг арваннэгдүгээр сард зохион байгуулах эрхийг авсан билээ. 


Хамгийн өндөр зардал

"ОНЦГОЙ" болон "ОНЦГҮЙ" зүйлсээр дүүрэн хөл бөмбөгийн ДАШТ-ий эргэн тойронд (фото 4)

Энэ удаагийн тэмцээн нийт 220 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 750 их наяд төгрөгийн өртгөөр бүтсэн нь түүхэн дэх хамгийн өндөр өртгөөр зохион байгуулагдаж буй ДАШТ болж байна. Энэ тоо нь 2018 онд Орос улсад болсон ДАШТ-ий зардлаас даруй 15 дахин их тоо билээ. Катар улс тэмцээнийг амжилттай зохион байгуулахад шаардлагатай бүх л зүйл дээр өнгөрсөн арван жилийн хугацаанд их хэмжээний мөнгө зарцуулсан ба шинээр бий болгосон долоон цэнгэлдэх хүрээлэн л гэхэд 10 орчим тэрбум ам.доллароор бүтсэн байна.  


Хамгийн бага цалин

"ОНЦГОЙ" болон "ОНЦГҮЙ" зүйлсээр дүүрэн хөл бөмбөгийн ДАШТ-ий эргэн тойронд (фото 5)

Тэгвэл энэ олон гайхалтай бүтээн байгуулалтын ард хэн, ямар цалингаар, хэрхэн ажиллав гэдэг асуулт ихээхэн шүүмжлэл дагуулсаар байна. Учир юу вэ гэвэл Катар улсад маш олноор амьдардаг гаднын улсын гэрээт ажилчид энэ удаагийн тэмцээний бүтээн байгуулалтад гол үүрэг гүйцэтгэсэн. Гэвч тэд долоон цэнгэлдэх хүрээлэнг шинээр бүтээн байгуулах явцад цельсийн +40 хүртэлх градусын халуунд, олон хоногийн турш амралтгүйгээр, өдрийн 18 цаг (хуульд заасан ажлын цагаас даруй хоёр дахин илүү) ажилласнаас гадна өдрийн цалин ердөө 20,000₮ орчим байжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд буюу ДАШТ-ий бүтээн байгуулалт эхэлсэн цагаас хойш Катар улсад олон мянган гэрээт ажилчид харамсалтай байдлаар амь эрсэдсэн бөгөөд үүнд хэн, хэрхэн хариуцлага тооцсон нь тодорхой бус хэвээр. Хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн энэхүү үйл явдал нь алдарт дуучин Дуа Липаг нэг сая ам.доллар амласан нээлтийн арга хэмжээнд дуулахаас татгалзахад хүргэсэн томоохон шалтгаануудын нэг байсан юм. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх