Хайх

Бага насны хүүхдүүд дунд ямар тоглоомууд тренд болж байна вэ?

Бага насны хүүхдүүд дунд ямар тоглоомууд тренд болж байна вэ?

Pop It, Simple Dimple, Slime болон бусад

Text: Buro.Mongolia


Өнөө үед бага насны хүүхдүүдийн дунд шуугиан тарьж байгаа содон бөгөөд хачирхалтай тоглоомуудыг танилцуулъя.

Pop It

TikTok, Instagram олон нийтийн сүлжээнүүд дээр тренд болж байгаа стресс тайлах зорилготой энэхүү тоглоом нь бараг л орчин үеийн бүх хүүхдэд бий. Уг тоглоом нь олон тооны силикон товчлууртай бөгөөд тэдгээрийг дарснаар бөмбөлөг хагарч буй мэт дуу гардаг байна. Pop It хэрэглэснээр хүний бугуй, гарны булчингууд болон төвлөрөх чадварууд хөгжихөөс гадна тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг нь тогтоогдсон байна. Тийм ч учраас энэхүү тод өнгөтэй, янз бүрийн хэлбэр дүрстэй тоглоомыг томчууд ч бас хэрэглэхэд буруудахгүй юм.

Бага насны хүүхдүүд дунд ямар тоглоомууд тренд болж байна вэ? (фото 1)

Simple Dimple

Зориулалтын хувьд Pop It-тэй төстэй бас нэгэн тоглоом юм. Харин бөмбөлгүүд нь өөр өөр хэмжээтэй бөгөөд байршил нь ч жигд биш байна. Мөн хэмжээ нь арай жижиг бөгөөд хувцсандаа бэхэлж болох тусгай оосортой байдаг тул биед авч явахад тохиромжтой. Хүүхдийн сэтгэл судлаачид Pop It, Simple Dimple тоглоомууд нь сургуулийн насны хүүхдүүдийн сэтгэлийн түгшүүр болон стрессийг бууруулахад тустай гэж хэлсэн байна.

Pop It, Simple Dimple хоёр худалдаалагдаад олон жил болж байгаа хэдий ч энэ оны хавраас л борлуулалт нь эрс ихсэж, хүүхдүүдийн дунд өндөр эрэлттэй болж эхэлсэн юм. Эдгээр тоглоомууд гэнэт дэлхий даяар танигдах болсны учир нь TikTok-д оршиж байна. #PopIt гэсэн хэштагтай TikTok бичлэгүүд аль хэдийнээ 2.5 тэрбум үзэлттэй болсон бол Simple Dimple-ийн бичлэгүүд хэдэн арван сая үзэлттэй байдаг.

Бага насны хүүхдүүд дунд ямар тоглоомууд тренд болж байна вэ? (фото 2)

Squishy

Энэ бол өхөөрдөм амьтны, хоол хүнсний болон бусад бүхий л дүрсний хэлбэртэй зөөлөн тоглоом юм. Гартаа хэчнээн хүчтэй атгасан ч эргээд хэвэндээ ордог учир гараасаа салгамааргүй хүсэл төрүүлдэг байна. Энэхүү тоглоом нь резин, силикон, гель зэрэг харшил өгөхгүй материалуудаар хийгддэг тул хүүхдүүдэд авч өгөхөд аюулгүй юм.

Бага насны хүүхдүүд дунд ямар тоглоомууд тренд болж байна вэ? (фото 3)

Slime

Сүүлийн гурван жилийн турш хүүхдүүдийн дунд хамгийн алдартай байгаа тоглоомуудын нэг бол слайм юм. Бэлэн хэлбэрээр худалдаалагддаг ч өөрсдөө найруулж хийх нь бага насныханд хөгжилтэй санагддаг байна. Слайм нь төрөл бүрийн өнгөтэй байдгаас гадна дотор нь гялалзсан саа, жижиг тоглоомууд хийж болдог. Та өөрийн хүүхэд эсвэл дүү нартайгаа цагийг зугаатай өнгөрөөхийг хүсэж байгаа бол слайм хамт хийж үзээрэй.

Бага насны хүүхдүүд дунд ямар тоглоомууд тренд болж байна вэ? (фото 4)

Hot Wheels машинууд

Энэ нь бүх насны эрэгтэй хүүхдүүдэд зориулагдсан тоглоомон машинууд юм. Жижиг хэмжээтэй ч маш хурдтай давхих чадалтай учир хөвгүүдийн дуртай машинаар шалгараад байна. Та нөхөр эсвэл найз залуудаа бэлэглэсэн ч тэд баярлана гэдэгт итгэлтэй байж болно.

Бага насны хүүхдүүд дунд ямар тоглоомууд тренд болж байна вэ? (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх