Хайх

Их хотын зүрхэнд "бойжуулах" ногоон хүрээлэнг зураглах нь

Text: Buro.Retelling


"Рио Тинто Монгол" компани өнгөрсөн оны сүүлээс эхлэн Нийслэлийн захирагчийн албатай хамтран их хотын зүрхэн хэсэг буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн, бидний нэрлэж заншсанаар “Хүүхдийн парк”-ийн баруун жигүүр дэх 10.2 га газрыг ногоон байгууламж болгон тохижуулахаар ажиллаж буй билээ.

Тус компанийн “Паркаа хамтдаа бүтээе” төслийн багийнхан энэхүү ажилдаа иргэдийн оролцоог хангахын тулд 10 мянга орчим хүнээс тус талбайд юу байлгахыг хамгийн их хүсэж буйг судалж үзжээ. Иргэдийн дийлэнх нь “цэцэг, модон дунд алхах” буюу ногоон байгууламж хүссэнийг санал асуулгын үр дүнгээс харж болно. Мөн үүнээс гадна дасгал хөдөлгөөн хийх боломжтой талбай, гэр бүлийнхэнтэйгээ тухлах орон зай хамгийн их үгүйлэгддэг аж. Энэхүү хэрэгцээ шаардлагыг үндэслэн тус багийнхан цэцэрлэгт хүрээлэнгийн үндсэн концепцыг боловсруулсныг дэлгэрэнгүй танилцуулж байна.


ОЛОН НИЙТИЙН ОРОН ЗАЙН АЧ ХОЛБОГДОЛ

Хотын иргэдэд тав тухтай амарч зугаалах орчин бүрдүүлсэн нээлттэй парк анх 1847 онд Английн Биркенхэд хотод үүсэж байжээ. Энэхүү паркаас сэдэл авч бидний мэдэх Нью-Йоркийн Цэнтрал парк 1858 онд үүд хаалгаа нээн дэлхий даяар олон нийтийн орон зай гэх ойлголт бий болж, цэцэрлэгт хүрээлэнгүүд үүсэж эхэлсэн гэдэг. Өдгөө дэлхий даяар олон мянган цэцэрлэгт хүрээлэн бий болж, энэ нь тухайн хотын иргэдийн амьдралын чанар, хөгжил дэвшлийг тодорхойлох чухал хүчин зүйлсийн нэг болоод буй. Олон нийтийн орон зай бий болсноор эрүүл мэнд талаас иргэдийн стресс буурч, сэтгэл санаа тайван болж, сэтгэл ханамжийн түвшин нэмэгддэг бол нийгмийн хүчин зүйлс талаас иргэдийн дунд шинэ соёл дэлгэрч, нийгмийн ялгаатай байдал буурч, нэгдмэл байдал дэмжигдэж эхэлдэг аж.

Улаанбаатар хотын хувьд энэхүү нийтийн орон зай нь дутагдалтай, улмаар цэцэрлэгт хүрээлэнгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь ШУТИС-ийн мэргэжилтнүүдийн 2022 онд хийсэн “Олон нийтийн орон зайн хүрэлцээ ба шаардлага: Хот байгуулалт, архитектур, орон зайн ашиглалт” судалгаанд дурдагджээ.

“Паркаа хамтдаа бүтээе” төсөл амжилттай хэрэгжсэнээр нийслэл хотод олон нийтийн маш том талбай бүхий ногоон орон зай бий болох бөгөөд үүний үр дүнд иргэдийн амьдралын чанар сайжирч, агаар орчны бохирдол буурах зэрэг олон талт ач холбогдолтой юм. 

Доорх зураг шиг үзэсгэлэн төгөлдөр паркийг бий болгохын тулд хэдхэн сар хангалтгүй. Анхны ногоон ургамлыг суулгахаас эхлээд бид дөрвөөс арав орчим жил хүлээх шаардлагатай билээ. Учир нь тохижуулах талбайн хөрсийг шинэчлэх, модыг шинээр тарьж ургуулах, усалгааны системийг бий болгох, цаашид өөрийгөө нөхөн сэргээх чадвартай амьд цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, урт удаан хугацаанд нийслэлийн зүрхэн хэсэгт бий болгоход олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа орох нь гарцаагүй.

ИХ ХОТЫН “НҮРГЭЭН”-ЭЭС ТҮР Ч БОЛОВ ХОЛДОХ БОЛОМЖ

Их хотын зүрхэнд "бойжуулах" ногоон хүрээлэнг зураглах нь (фото 1)

Та яг одоо паркийн төслийн үндсэн концепцыг илэрхийлсэн зураглалыг харж байна. Зурагт харагдаж буйгаар цэцэрлэгт хүрээлэнгийн 80% нь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх боломжтой ногоон байгууламж, 20% нь тухлах талбай болон дасгал хөдөлгөөн хийх орчин байх юм. Мөн автомашины зогсоолгүй гэдгээрээ онцлогтой бөгөөд олон нийтээс ирсэн саналын дагуух их хотын дуу чимээнээс хол, агаарын бохирдол багатай, хүүхдүүдэд аюулгүй шийдэл юм.

Одоо энэхүү ногоон цэцэрлэгт хүрээлэнгийн онцлох таван элементийг үргэлжлүүлэн танилцуулъя.


ЭЛЕМЕНТ 1: БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГ

Заримдаа танд их хотын чимээ шуугиан, стрессээс түр ч болов холдож, хөдөө явмаар, салхинд гармаар санагддаг уу? Ажил, гэртэй ойрхон, эсвэл зам дагуу байрлах ногоон байгууламж, амьд цэцэрлэг байсан бол ямар сайхан бэ гэсэн бодол хэзээ нэгэн цагт төрж байсан нь гарцаагүй. Яг энэ хэрэгцээг хангах зорилгоор төслийн баг хотын төвд төрөл бүрийн ургамлаас бүрдсэн, байгалийн олон талыг харуулах зорилготой ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Иргэдэд байгалийг илүү ойроос мэдрүүлэх, хүүхэд залуучуудад байгалийг танин мэдэх боломж олгох нь Ботаникийн цэцэрлэг бүтээх гол шалтгаан болсон билээ. 

Их хотын зүрхэнд "бойжуулах" ногоон хүрээлэнг зураглах нь (фото 2)

ЭЛЕМЕНТ 2: ДӨРВӨН УЛИРЛЫН ҮЗЭМЖ

Энэхүү ногоон хүрээлэн нийслэлийн төв хэсэгт оршиж буй гэдэг утгаараа ойролцоох оффисын ажилтнууд, Энхтайван болон Олимпын гүүрээр зорчигчид, орон сууцны хороололд амьдардаг иргэд, паркийг зорин ирэгсэд гээд хэн бүхний зорчих, дайран өнгөрөх боломжтой гол цэг болно. Тиймээс алхахад таатай мэдрэмж төрүүлэх зам, талбай, байгалийн үзэмж төгс хосолсон цэцэрлэгт хүрээлэн байгуулахад анхаарлаа хандуулсныг дараах зургуудаас харж болно.

Их хотын зүрхэнд "бойжуулах" ногоон хүрээлэнг зураглах нь (фото 3)
Их хотын зүрхэнд "бойжуулах" ногоон хүрээлэнг зураглах нь (фото 4)
Их хотын зүрхэнд "бойжуулах" ногоон хүрээлэнг зураглах нь (фото 5)
Их хотын зүрхэнд "бойжуулах" ногоон хүрээлэнг зураглах нь (фото 6)

ЭЛЕМЕНТ 3: ЗАДГАЙ НОГООН ТЕАТР

Хүмүүс байгаа тэр газар л олон нийтийн орон зай бий болдог. Улаанбаатарын зуны орой урт хэр нь гайхалтай. Тийм л зуны оройг, хаврын намуухан үдшийг, намрын шаргал өдрүүдийг гэр бүл, хамт олон, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх, эсвэл зүгээр л нийслэлийн иргэдийн нэг хэсэг гэдгээ мэдэрч, кино үзвэр, ковер дууны өдөрлөг зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах, түүнд оролцох боломжийг энэхүү задгай театрын орон зайгаар олгохоор зураглажээ.

Задгай театрт хүмүүс хоорондын харилцааг илүү ойр, дулаан болгох үйл ажиллагаанууд зохион байгуулагдах болно. Энэ хэсэг нь газрын хөрсийг налуулж, байгалийн өөрийнх нь өгөгдөл буюу бүрэн ногоон байгууламжаар хийгдэх бөгөөд төмөр, хуванцар зэрэг бусад материалыг ашиглахгүй гэдгээрээ онцлогтой.

Их хотын зүрхэнд "бойжуулах" ногоон хүрээлэнг зураглах нь (фото 7)

ЭЛЕМЕНТ 4: ОЛОН ТӨРЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТАЛБАЙ

Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн дэх үйлчилгээнүүдийг нэгэн дээвэр дор төвлөрүүлж, салхи шороо, хүчтэй аадар борооны үед хүрээлэнгээр зорчигчдыг түр хорогдуулах “хамгаалалт” гэж хэлж болохуйц уулзвар цэгийг байгуулах нь чухал ажээ. Энэхүү олон төрлийн зориулалт бүхий талбай нь байгальд ээлтэй шийдлээр буюу нарны хавтангаас эрчим хүчээ авч өөрийгөө гэрэлтүүлэхээс гадна нэн шаардлагатай бол утас цэнэглэх хэмжээний багахан эрчим хүчийг зорчигчдод олгох гэнэ.

Их хотын зүрхэнд "бойжуулах" ногоон хүрээлэнг зураглах нь (фото 8)

ЭЛЕМЕНТ 5: ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН

Энэхүү ногоон хүрээлэнг зорин ирэх хүндэт зочдын багагүй хувийг бага насны хүүхдүүд, өсвөр насныхан эзэлнэ. Нийслэлийн иргэдийн тодорхой хувийг бүрдүүлдэг залуу үеийнхэндээ зориулж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин, эко модон тоглоомууд байрлуулахаар төлөвлөжээ. Энэ нь ногоон байгууламжийн тийм ч их зай талбайг эзлэхгүй ч хүүхдээ тоглуулахаар ирэх ээжүүд болон найзуудтайгаа скэйтбоардаар гулгахыг хүсдэг өсвөр үеийнхний зайлшгүй зорин ирэх хэсгийг орхигдуулалгүй төлөвлөх нь чухал юм. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...


Олон нийтэд ил болгоод буй эдгээр зураглал нь ерөнхий концепц буюу санаа бөгөөд төслийн баг дөрөвдүгээр сарын сүүлээр үндсэн вэбсайт болох Parkrio.mn-ээр дамжуулан албан ёсны төлөвлөгөө, зураг төслөө олон нийтэд танилцуулахаар төлөвлөснөө мэдээллээ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх