Хайх

Зейн Малик ба Йоланда Хадид нарын хооронд яг юу болов?

Зейн Малик ба Йоланда Хадид нарын хооронд яг юу болов?

Шуугиан дэгдээгээд буй хэрэг

Text: Buro.Mongolia


Саяхныг хүртэл зөвхөн баяртай мэдээ дуулгаж, шүтэн бишрэгчдээ баярлуулж ирсэн залуу хосууд буюу загвар өмсөгч Жижи Хадид ба дуучин Зейн Малик нар салсан талаар та сонссон биз ээ. Гэсэн хэдий ч олон мэдээллийн вебсайтууд батлагдаагүй, баримт дээр үндэслээгүй мэдээлэл цөөнгүй гаргаж байгаа билээ. Тийм ч учраас бид баттай эх сурвалжуудын өгсөн мэдээлэл дээр үндэслэн болсон үйл явдлуудыг цаг хугацааны дарааллаар нь хүргэж байна. 


Есдүгээр сарын 29

Эх сурвалжуудын мэдэгдэж буйгаар Жижигийн ээж Йоланда Хадид өнгөрөгч есдүгээр сарын 29-нд Зейн Малик, Жижи Хадид нарын гэрээр зочилжээ. Жижи эзгүй байсан ба тухайн өдөр Йоланда Зейнтэй маргалдаж, Зейн түүнийг үг хэлээр доромжлон, цохисон хэмээн Йоланда дараа нь мэдэгдсэн байна.

Аравдугаар сарын 27

Йоландагийн гаргасан гомдлын дагуу шүүхээс Зейнийг дарамт учруулсан хэргээр дөрвөн зүйл ангиар буруутгасан бөгөөд түүнд нийт 360 хоногийн тэнсэн харгалзах хугацаа өгсөн талаар TMZ мэдэгдсэн юм. Мөн уг вебсайтын дагуу Зейн энэ хугацаанд Йоландад ойртож болохгүй ба уур хилэнгээ удирдаж сурах ангид суух хэрэгтэй болсон байна. Зейн өөрийгөө буруугүй гэж үзсэн ч маргаанаас холдох үүднээс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна.

Зейн Малик ба Йоланда Хадид нарын хооронд яг юу болов? (фото 1)

Аравдугаар сарын 28


Йоланда Хадид Зейнийг өөрийг нь цохисон хэмээн TMZ-д мэдэгдсэний дараагаар хосууд салсан гэх цуурхал тархаж эхэлсэн юм. Тус вебсайтын мэдээллэснээр Жижи Хадид, Зейн Малик нар ойролцоогоор нэг сарын өмнөөс харилцаагаа өндөрлөсөн ба салалтын шалтгааныг нэрлээгүй байна. Мөн тэднийг салсны дараагаар Зейн ба Йоландагийн хооронд маргаан үүсэж, улмаар Зейн түүнд гар хүрсэн хэмээн Йоланда мэдэгдсэн юм.


Харин Зейн цуурхал гарсны дараа төд удалгүй өөрийн Twitter хуудаснаа ой гарантай охиныхоо хувийн орон зайг хамгаалахын тулд тухайн үед Йоландагийн мэдэгдлийг эсэргүүцээгүй хэмээн бичсэн байна. Мөн Жижиг хэдэн долоо хоногийн турш эзгүй байхад Йоланда гэрт нь ирсэн ба тэдний дунд маргаан үүссэн нь үнэн болохыг олон нийтэд зарласан юм.


Түүнчлэн Зейн TMZ-д өгсөн мэдэгдэлдээ “Би Йоланда Хадидыг цохисон гэдгээ эрс үгүйсгэж, охиныхоо төлөө өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Йоланда худал гүтгэлгээ буцааж, асуудлыг гэр бүлийн хүрээнд дотроо шийдвэрлэхэд бэлэн байна гэдэгт найдаж байна” хэмээжээ.


Хэдий одоогоор тэдний дунд маргаан үүсэх болсон шалтгаан тодорхойгүй байгаа ч ET вебсайтын эх сурвалжууд Йоландаг хосуудын хооронд таагүй байдал үүсгэж байсан хэмээн хэлсэн байна. Зейн ба Йоландагийн харилцаа анхнаасаа адармаатай байсан гэдгийг мөн эх сурвалжууд дурдсан юм. Заримынх нь хэлж буйгаар Йоланда тэдний гэрээр урьдчилан мэдэгдэлгүй, урилгагүй олон удаа зочилдог байжээ. Мөн өөр эх сурвалжуудын хэлсний дагуу “Зейн Йоландаг садаа болж буйг мэдэрсэн” байна.


Харин Жижигийн төлөөлөгч ET-д хандаж “Тэд (Жижи ба Зейн) одоо хамт байхгүй байгаа. Гэхдээ тэд хоёулаа сайн эцэг эх. Тэд охиноо хамтран өсгөх болно. Йоландагийн хувьд бол тэрээр мэдээж Жижиг маш их хамгаалдаг. Йоланда өөрийн охин ба зээ охиндоо зөвхөн сайн сайхныг л хүсэж байгаа” хэмээн дамжуулжээ. Мөн тус төлөөлөгч People сэтгүүлд “Жижи зөвхөн охиндоо хамгийн сайн сайхныг өгөхийн тулд бүх анхаарлаа хандуулж байгаа. Тэрээр энэ хугацаанд тэдний хувийн орон зайд халдахгүй байхыг хүсэж байна” хэмээн мэдэгдэл гаргасан юм.

Аравдугаар сарын 29

ELLE сэтгүүлийн эх сурвалж “Тэд салсан нь зөв шийдвэр байсан. Жижи, Зейн хоёр үерхэж байхдаа бие биедээ маш сөргөөр нөлөөлж байсан” хэмээн хуваалцжээ. Мөн хосуудад ойр нэгэн эх сурвалж тэднийг маш “toxic” буюу хортой харилцаатай байсан гэж хэлсэн байна.


Эргэн сануулахад Жижи ба Зейн нар 2015 оноос хойш үерхсэн бөгөөд тэд энэ зургаан жилийн турш цөөнгүй удаа салж, нийлж байсан билээ. Өнгөрөгч жилийн есдүгээр сард тэд анхны хүүхэд Кайг өлгийдөн авсан юм.

Зейн Малик ба Йоланда Хадид нарын хооронд яг юу болов? (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх