Хайх

#BuroCrush: Катар-2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий хамгийн царайлаг тамирчид

#BuroCrush: Катар-2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий хамгийн царайлаг тамирчид

Бүсгүйчүүд анхаарлаа хандуулаарай

Text: Buro.Mongolia


Дөрвөн жилд ганцхан удаа зохиогддог, хамгийн олон үзэгчтэй хөл бөмбөгийн ДАШТ 17 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж, шилдэг найман баг тунан үлджээ. Олон ч зүйлээрээ онцлог байж үзэгчдийг өдөр, шөнийн альд ч хамаагүй дэлгэцийн өмнө уяж буй энэ удаагийн Катар-2022 ДАШТ уламжлал ёсоор зохион байгуулагч орны тоглолтоор эхэлж шөвгийн наймд Нидерланд, Аргентин, Хорват, Бразил, Англи, Франц, Марокко, Португал улсын шигшээ багууд тунан үлдээд байгаа юм. 

ДАШТ зохион байгуулагдах бүрд шигшээ багуудын гал гарсан тоглолтуудаас гадна талбай дээрх улс улсын шинэ, шилдэг, царайлаг тамирчид олны анхаарлын төвд эрхгүй өртдөг билээ. Харин бид энэ удаагийн #BuroCrush буландаа Катар-2022 ДАШТ-д оролцож буй царайлаг таван тамирчныг онцлон хүргэж байна. 

Чой Гү Сун


Ерөнхий мэдээлэл

Төрсөн огноо: 1998.01.25

Төрсөн газар: Кёнги, Өмнөд Солонгос

Орд: Хумх

Өндөр: 189 см

Instagram хаяг: whrbtjd

#BuroCrush: Катар-2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий хамгийн царайлаг тамирчид (фото 1)

Анхны ДАШТ-ээрээ л олны анхааралд өртөж чадсан тамирчин бол Чой Гү Сун. Тэрээр Гана улсын шигшээ багийн эсрэг тоглолтод хоёр гоол оруулсан нь багаа шөвгийн 16-д үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэснээс гадна ДАШТ-ий нэг тоглолтод хоёр гоол дараалан оруулсан Өмнөд Солонгос улсын анхны тоглогч болсон юм. 24 настай, Jeonbuk Hyundai Motors клубт довтлогчийн байрлалд тоглодог түүний гадаад төрх болон ур чадвар дан ганц Солонгосын бус дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа юм. 

Килиан Мбаппе 


#BuroCrush: Катар-2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий хамгийн царайлаг тамирчид (фото 2)

Ерөнхий мэдээлэл

Төрсөн огноо: 1998.12.20

Төрсөн газар: Парис, Франц

Орд: Нум

Өндөр: 178 см

Instagram хаяг: k.mbappe

Тэрээр дөнгөж 18 насандаа Paris Saint Germain клубтэй 180 сая еврогийн урт хугацааны гэрээ хийснээр дэлхийн хамгийн үнэтэй тоглогчдын хоёрдугаарт бичигдэж байсан түүхтэй. Мбаппе Катар-2022 ДАШТ-д өнөөдрийн байдлаар таван гоол оруулан мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж буйгаас гадна дэлхийн аваргын тэмцээнүүдэд оруулсан нийт гоолын тоогоороо Марадона, Криштиану Роналду нарын урд бичигдэж эхэлсэн юм. 

Неймар Да Силва Сантос Жуниор


Ерөнхий мэдээлэл

Төрсөн огноо: 1992.02.05

Төрсөн газар: Моги дас Крузис, Бразил

Орд: Хумх

Өндөр: 175 см

Instagram хаяг: neymarjr

#BuroCrush: Катар-2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий хамгийн царайлаг тамирчид (фото 3)

Гурав дахь дэлхийн аваргын тэмцээндээ оролцож буй дэлхийн хамгийн үнэ цэнтэй тамирчдын нэг Неймарыг онцлохгүй байхын аргагүй. Бразилын шигшээ багийн довтлогч тэрээр анх 2017 онд Paris Saint Germain клубт 222 сая еврогийн солилцоогоор очиж байсан нь хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй наймаа хэмээн тооцогддог. Неймар энэ Баасан гаргийн оройн тоглолтод Хорватын шигшээ багийн хаалганд гурван гоол оруулж чадвал Бразил улсын бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч болох боломж бүрдээд байгаа билээ. 

Родриго Де Пол 


#BuroCrush: Катар-2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий хамгийн царайлаг тамирчид (фото 4)

Ерөнхий мэдээлэл

Төрсөн огноо: 1994.05.24

Төрсөн газар: Саранди, Аргентин

Орд: Ихэр

Өндөр: 180 см

Instagram хаяг: rodridepaul

Аргентины шигшээ багийн од тоглогч Родриго Де Полыг үзэгчид хамгийн царайлаг хөл бөмбөгчдийн жагсаалтад дуу нэгтэйгээр багтаадаг. 2021 оны долоодугаар сард Atletico Madrid клуб 35 сая евро Udinese клубт төлж Де Полыг өөрийн багт элсүүлж 2026 он хүртэл таван жилийн гэрээг байгуулсан юм. Энэ жил 28 нас хүрсэн тэрээр шигшээ багтаа хагас хамгаалагчийн байрлалд тоглодог бөгөөд харамсалтай нь яг одоогоор булчингийн гэмтэл авсан байгаа учир энэ Баасан гаргийн шөнө Нидерландын шигшээ багтай таарсан ээлжит тоглолтыг өнжиж магадгүй болоод байгаа юм.

Жуд Беллингхэм 


#BuroCrush: Катар-2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий хамгийн царайлаг тамирчид (фото 5)

Ерөнхий мэдээлэл

Төрсөн огноо: 2003.06.29

Төрсөн газар: Стаурбриж, Англи

Орд: Мэлхий

Өндөр: 186 см

Instagram хаяг: judebellingham

Катар-2022 ДАШТ-д Английн шигшээ багийн анхны гоолыг оруулсан 19 настай Жуд Беллингхэм бол энэ удаагийн тэмцээний хамгийн залуу бас чадварлаг тамирчдын нэг. Хагас хамгаалагчийн байрлалд тоглодог тэрээр Германы Borussia Dortmund клубт харьялагддаг бөгөөд дөнгөж 17 насандаа Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон нь томоохон клубуудын анхаарлыг татсан билээ. Английн шигшээ багийн хувьд ахин дэлхийн аваргын цом өргөх мөчийг 56 жил хүлээж буй бөгөөд энэ удаагийн тэмцээнд ихээхэн найдлага тавиад байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх