Месси Саудын Арабыг зорьж, Роналдугаас хоёр дахин илүү цалинжина
Домогт Криштиану Роналду болон Лионель Месси нар Саудын Арабд ахин нэг удаа хүч үзэхээр болсон тухай мэдээллүүд тарж эхэлсэн билээ. Европын спортын мэдээллийн агентлагийн дамжуулснаар, “Катар-2022” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан дагинын эзэн Лионель Месси Саудын Арабын Аль-Хилал клубтэй дараагийн улирлын турш тоглохоор гэрээ байгуулжээ.
Барселонагийн хуучин од, Ballon d'Or-ын долоон удаагийн эзэн энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй ч, нэг улирлын турш 400 сая еврогийн цалинтай тоглох гэрээ байгуулж магадгүй гэнэ. Энэ нь Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду 2025 он хүртэл Саудын Арабын Аль-Наср клубтэй гэрээлсэн нэг жилд оногдох үнийн дүнгээс даруй хоёр дахин их байх магадлалтай нь хэвлэлийнхний анхаарлыг татаад байна. Месси Францийн Парис Сен-Жермен (PSG) клубтэй хийсэн гэрээ нь ирэх зургаадугаар сард дуусгавар болмогц дараагийн улирлынхаа бэлтгэлд орох юм.