
Pop Mart-ын үүсгэн байгуулагч Ван Нин Хятадын тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ
Шанхайд үнэт эдлэлийн бутик нээжээ
Алдарт Labubu тоглоомыг олон нийтэд таниулсан Pop Mart компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ван Нин Хятад улсын хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын эхний аравт багтжээ. 2010 онд үүсгэн байгуулагдсан Pop Mart компани нь анх олон брэндийг нэг дор төвлөрүүлсэн жижиглэнгийн дэлгүүр байдлаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ч удалгүй томоохон стратегийн эргэлт хийж, өөрийн оюуны өмчөөрөө бүтээгдсэн тоглоомын дүрүүдийг blind box буюу ямар загвар дотор нь байгаа нь үл мэдэгдэх битүү хайрцаг хэлбэрээр худалдаалж эхэлсэн юм. Энэ шинэлэг арга барил нь хэрэглэгчдийн сониуч занг өдөөж, тоглоом тоглох, цуглуулах сэдлийг хүчтэй төрүүлснээр "донтуулам" нэгэн соёлыг үүсгэсэн билээ.

Pop Mart компанийн хамгийн алдартай дүр бол Хонг Конгийн уран бүтээлч Касин Лунгийн бүтээсэн өвөрмөц атлаа хөөрхөн төрхтэй, хурц шүдтэй, шовх чихтэй Labubu хэмээх сахилгагүй дүр билээ. Тус компани 2019 оноос эхлэн Labubu-гийн эрхийг авч, зах зээлд нэвтрүүлсэн ба дэлхийн алдартнууд түүнийг цүнхэндээ зүүж, нийгмийн сүлжээгээр дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцаж эхэлсэн нь тус тоглоомын эрэлтийг хэд дахин нэмэгдүүлсэн юм. Ийнхүү Labubu-д хандах дэлхийн нийтийн сонирхол Pop Mart компанийн орлого болон хувьцааны үнийн өсөлтөд шууд нөлөөлсөн. 2024 онд тус компанийн цэвэр ашиг 188 хувиар өсөж, нийт борлуулалт нь хоёр дахин нэмэгдэн ойролцоогоор 1.8 тэрбум ам.долларт хүрсэн. Мөн Labubu тоглоом багтдаг The Monsters хэмээх цувралын орлого 726.6 хувиар өсөж тус компанийн хамгийн өндөр орлоготой франчайз болж хувирчээ. Үүний үр дүнд Ван Нинийн хувийн хөрөнгө 20 тэрбум ам.доллар давж Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг төдийгүй хамгийн залуу тэрбумтнуудын нэгээр нэрлэгдэж эхэлжээ.

Түүнчлэн өнгөрөгч баасан гарагт Ван Нин Шанхай хотод Pop Mart-ын анхны үнэт эдлэлийн бутик дэлгүүрийг нээсэн гэнэ. Энэхүү дэлгүүрт Labubu, Molly, Skullpanda зэрэг тус компанийн хамгийн их борлуулалттай дүрүүдийг ашиглан бүтээсэн гоёл чимэглэл болон дагалдах хэрэгслүүдийг худалдаалж эхлээд байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт