Хайх

Баярын үс засалтын санаанууд

Баярын үс засалтын санаанууд

Энэ жил олны анхаарлын төвд байсан үс засалтуудаас санаа аваарай

Text: Buro.Mongolia


Энэ жил бидний анхаарлын төвд байсан үс засалтуудаас санаа аваарай.

Норсон мэт төрх

Баярын үс засалтын санаанууд (фото 1)

Энэ намар-өвлийн улиралд усанд норсон мэт эффекттэй үс засалт загварын тайзнаа алхсан моделиуд, улаан хивсний ёслолд оролцсон алдартнууд дунд эрэлт ихтэй байлаа. Богино, урт, буржгар гээд бүхий л төрлийн үсэнд зохицох уг засалтыг хэрэгжүүлэхийн тулд бага зэрэг нойтон үс дээрээ гялалзсан эффект өгөх үсний серум сайтар түрхэх хэрэгтэй. Хамгийн гол нь наалдамхай биш бүтэцтэй, мөн үсэнд түрхсэний дараа урсахгүй бүтээгдэхүүн сонгох нь чухал юм. Сүүлд нь үс хэлбэржүүлэгч лак хэрэглээрэй. Түүнчлэн ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө үс тань хэрхэн хуваагдаж, мөн ямар харагдахыг нь сонгоорой. Учир нь бүтээгдэхүүн хатсаны дараа үсний хуваалтыг өөрчлөх боломжгүй л байх болов уу.

Цэмцгэр шуусан үс

Баярын үс засалтын санаанууд (фото 2)

Ямар ч үед тохиромжтой хэр нь төрхийг тань илүү сонирхолтой, цэмцгэр харагдуулах top knot засалтыг хэрэгжүүлснээр үдэшлэгийн турш үс тань урдуур унжиж саад болохгүй гэдэгт итгэлтэй байж болно. Энэ нь спортоор хичээллэхдээ замбараагүй овоолчихдог үс засалт биш, харин оройн үдэшлэгт тохиромжтой дээш шуусан засалт билээ. Төрхөө төгс харагдуулахыг хүсвэл танд олон ширхэг жижиг хар хавчаар, хэлбэржүүлэгч спрей, эсвэл гель хэрэг болно. Түүнчлэн том хэлбэртэй, алтлаг, эсвэл мөнгөлөг ээмэг зүүж, баярын уур амьсгал оруулахыг зөвлөж байна.

Зөвхөн чёлкагаа индүүгээр ороох

Баярын үс засалтын санаанууд (фото 3)

Чёлка бол хэрэгжүүлэхэд тун хялбар, хормын зуур төрх өөрчилдөг үс засалтуудын нэг билээ. Мөн энэхүү засалтыг тухайн хүн өөрийн нүүрний онцлогт тохируулан шанааны яс, нүд, эсвэл хөмсгөө тодотгох байдлаар тайрч, хүссэнээрээ янзлах боломжтой байдаг. Тиймээс амар аргаар сонирхолтой үс засалт хийхийг хүсвэл зөвхөн чёлкагаа индүүгээр ороож, бусад үсээ дээш боогоорой.

70-аад оны долгионтой үс

Баярын үс засалтын санаанууд (фото 4)

70-аад онд том долгионтой, маш өтгөн харагдах үс засалтууд зонхилж байсан. Энэ жил загвар, гоо сайхны салбар 70-аад оны өнгө аястай шийдлүүдээр дүүрэн байсан тул шинэ жилийн үдэшлэгээрээ тухайн үед моданд байсан үс засалт сонгохыг санал болгож байна. Ингэхдээ үсээ голоор нь тэгш хувааж, хоёр өнгөлөг хавчаараар хавчин сул ороогоорой.

Үсний гялалзсан шигтгээ

Баярын үс засалтын санаанууд (фото 5)

Үсний мэргэжлийн стилистүүд төрөл бүрийн шигтгээ ашиглан бүтээлч засалтууд танилцуулсаар байна. Тэгвэл өдөр тутамд хэт гоёлын мэт санагдах энэхүү аргыг яагаад үдэшлэгт зориулан хэрэгжүүлж болохгүй гэж? Шигтгээг зориулалтын үсний цавуугаар тогтоодгийг анхаараарай. Мөн нэг дор аль болох их шигтгээ ашиглаж, энэ чиг хандлагыг максималист байдлаар хэрэгжүүлээрэй. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх