Хайх

Гоо сайхны боловсрол: Химийн гуужуулагч гэж юу вэ, хэрхэн хэрэглэх вэ

Гоо сайхны боловсрол: Химийн гуужуулагч гэж юу вэ, хэрхэн хэрэглэх вэ

Химийн гуужуулагч гэж юу болох, түүнийг хэрхэн, хэзээд хэрэглэх тухайд

Text: Buro.Mongolia


Арьсыг эрүүл байлгах арьс арчилгааны гол алхмуудын нэг бол гуужуулалт юм. Арьсны гуужуулалтыг физикийн болон химийн гэж хоёр ангилах бөгөөд бид энэ удаад химийн гуужуулалт гэж юу болох, түүнийг хэрхэн арьс арчилгаандаа нэвтрүүлэх талаар зөвлөгөө бэлтгэлээ.

Химийн гуужуулалт гэдэг нь хүчил агуулсан гуужуулагч бүтээгдэхүүнээр арьсны үхэжсэн эд эс, илүүдэл тослогийг устган, шинэ эд эс бий болгох үйл явцыг хэлэх бөгөөд АНА, ВНА, РНА гэсэн төрлүүдэд хуваагддаг. 

АНА буюу Альфа гидрокси хүчил

Усанд уусамтгай жижиг молекулаас бүтсэн альфа гидрокси хүчлийн бүлэгт гликолийн хүчил, сүүн хүчил, нимбэг, манделийн хүчил зэрэг жимс жимсгэнээс гаралтай хүчлүүд багтдаг. АНА нь тостой нэгддэггүй учир арьсны өнгөн давхаргыг гуужуулдаг ба арьсны чийгийг нэмэгдүүлж, уян хатан байдлыг нь нэмэгдүүлдэг.

BHA буюу Бета гидрокси хүчил

Тосонд уусамтгай бета гидрокси хүчил нь арьсны гүнд хүрч үхэжсэн арьс, илүүдэл тослогийг гуужуулдаг учир батгашилттай, нүхжилттэй арьсанд хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Түүнчлэн үрэвслийг намдааж, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ арьсыг цайруулдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнд бета гидрокси хүчлийн төрөлд багтдаг салицилийн хүчил хамгийн түгээмэл ашиглагддаг.

PHA буюу Поли гидрокси хүчил

PHA буюу Поли гидрокси хүчил нь эмзэг арьсанд хэрэглэхэд тохиромжтой химийн гаралтай гуужуулагч хүчил юм. Үйлчилгээний хувьд AHA-тай ижил боловч илүү удаан хугацаанд хэрэглэсний дараа үр дүнгээ үзүүлдэг. Мөн арьсны үрэвслийг намдаадаг давуу талтай.

Ямар төрлийн химийн гуужуулагч хэрэглэх вэ?

Химийн гуужуулагчийг арьсны онцлогоос хамааран сонгох нь зүйтэй.

Хүчлийн төрөл Арьсны төрөл Үйлчилгээ
Гликолийн хүчил (AHA) Бүх төрлийн арьс Нөсөө толбо багасгана, хялгасан үрчлээг багасгана, үхэжсэн эд эсийг гуужуулна, арьсыг толигор болгоно, коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлж цайруулна
Лактик хүчил (AHA) Хуурай, эмзэг арьс Хялгасан үрчлээг багасгана, арьсыг толигор болгоно, арьсыг хөнгөн чийгшүүлнэ
Манделийн хүчил (AHA) Эмзэг, тослог, батгатай арьс Хялгасан үрчлээг багасгана, хар батга, тослогжилтийг багасгана
Маликийн хүчил (AHA) Бүх төрлийн арьс Батгашилтыг эмчилнэ, арьсны чийгшлийг барьж өгнө, арьсыг толигор болгоно, хялгасан үрчлээг багасгана
Тартарик хүчил (AHA) Хуурай арьс Антиоксидантын агууламжтай учир арьсны толигор байдлыг сэргээж өгнө
Салицилийн хүчил (BHA) Тослог, холимог, батгашилттай арьс Нөсөө толбыг багасгаж, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, батгашилт, нүхжилтийг багасгана, коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлнэ

Химийн гуужуулагчийг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Химийн гуужуулагчийг хэрэглэсэн тохиолдолд серум, тос зэрэг бусад бүтээгдэхүүний найрлагыг сайтар анхаараарай. Тодруулбал ретинол, С амин дэм, бензол пероксид зэрэг идэвхтэй орц найрлагуудыг химийн гуужуулагчтай огтхон ч хольж болохгүй.

Түүнчлэн химийн гуужуулагч хэрэглэсэн үедээ нарны тос заавал түрхэх хэрэгтэй. Учир нь арьсны өнгөн давхарга гуужиж цоо шинэ арьсан давхарга бий болдог тул нарны хэт ягаан туяанд гэмтэх, эмзэгших аюултай.

Химийн гаралтай гуужуулагчийг долоо хоногт хэдэн удаа хэрэглэх вэ?

Арьсны төрөл болон гуужуулагчийн найрлагаас хамаарч химийн гуужуулагчийг долоо хоногт 1-3 удаа хэрэглэнэ. Арьсыг хэт их гуужуулснаар арьс чийгшлээ алдах, улайх, загатнах, шинж тэмдэг илрэх ба энэ үед арьсаа сайтар чийгшүүлэх хэрэгтэй. Харин арьс хэвийн болсон үед химийн гуужуулагчийг ахин хэрэглэж болно.

цааш үзэх