Нүүрний хэлбэрт тохирсон үсний засалт олоход туслах 5.5 сантиметрийн дүрэм
Үсээ тайрах уу, ургуулах уу? Надад үсний ямар засалт тохирох бол? Эдгээр асуултын хариуг та өөрийн гоо зүйн зөн совиндоо итгэл хүлээлгэснээр, аль эсвэл мэргэжлийн үсний стилистийн зөвлөгөөнөөс олох боломжтой. Үүнээс гадна та сүүлийн үед дэлгэрээд буй 5.5 сантиметрийн дүрэмд суурилан хариугаа олж болох юм. Энэхүү дүрэм нь хүний нүүрний хэлбэрээс шалтгаалан үсний уртыг тодорхойлох тоон аргачлал бөгөөд алдартнуудын үсний стилист Жон Фрида анх боловсруулж байжээ.
5.5 сантиметрийн дүрмийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахын өмнө хувь хүний сонирхол ямар ч аргачлалаас дээгүүр тавигдахыг сануулъя. Өөрөөр хэлбэл, та хариу яаж ч гарсан аль хэдийнээ тодорхойлчихсон өөрийн стильдээ үнэнч үлдэх бүрэн боломжтой билээ.
Хэрхэн тодорхойлох вэ?
Эрүүний үзүүр хэсгээс чихний омог хүртэлх зайг олох нь бидний зорилго юм. Зөв тодорхойлохын тулд нугалардаггүй хатуу биетэй харандаа эсвэл үзэг аван эрүүн доороо хөндлөнгөөр нь барих хэрэгтэй. Харин дараа нь гартаа шугам аван эрүүн доор байршуулсан харандаатайгаа перпендикуляр байхаар байрлуулж чихний омгоос эрүүний үзүүр хүртэлх зайг хэмжинэ. Энэ зай нь 5.5 сантиметрээс бага байх тохиолдолд мөрнөөс дээш богино үс зохих хандлагатай бол 5.5-аас дээш хариу гарсан бол урт үс илүү тохиромжтой байна. Харин тухайн зай нь яг 5.5 см бол бүх төрлийн үсний засалт хэрэгжүүлэх боломжтой.