Хайх

Нарны хэт ягаан туяанд гэмтсэн арьсыг эмчлэх үр дүнтэй аргууд

Нарны хэт ягаан туяанд гэмтсэн арьсыг эмчлэх үр дүнтэй аргууд

Нарны түлэгдэлт, нөсөө толбо болон үрэвслээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зөвлөмжүүд

Text: Buro.Mongolia


Энэ зуны гурван сарын турш амралт зугаалгаар хотоос гаран аялсан уншигчид маань өдөр тутмын арьс арчилгаагаа тууштай хийж чадсан уу? Арьс арчилгаа дутуу хийгдсэнээс улбаалан арьс маань нарны хэт ягаан туяаны нөлөөнд тодорхой хэмжээгээр түлэгдэж, хуурайшиж, нөсөө толбо, үрэвсэл зэрэг таагүй асуудлуудад илүү өртөмтгий болчихдог. Тиймээс эдгээр арьсны асуудлуудтай тулгарсан, мөн урьдчилан сэргийлэх хүсэлтэй байгаа уншигчдадаа зориулан арьс арчилгааны дэлгэрэнгүй хөтчийг бэлтгэлээ. 


Түлэгдсэн арьсны арчилгаа

Орчин үед залуу, ахмад настай гэлтгүй хүн бүр нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөний талаар ойлголттой болсон. Мөн аль болох хурц нарны туяатай үеэр гадуур явахгүй байж, нарны тосоо тогтмол шинэчлэх хэрэгтэй гэдгийг ч сайн мэднэ. Гэвч зарим нөхцөл байдлаас шалтгаалан наранд хэт удаан байх, нарны тосоо түрхэхээ мартах, арьс хамгаалах зориулалттай малгай, нарны шил зүүхгүй тохиолдлууд ч мөн гардаг. Үр дүнд нь арьс гэмтэж, түлэгддэг билээ. Бүр тодруулбал, арьс улайж, загатнаж, хорсох тохиолдолд энэ нь хөнгөн болон дунд зэргийн түлэгдэлтийн шинж тэмдэг юм. Харин цэврүү үүсэх нь хүнд хэлбэрийн түлэгдэлтийг илтгэнэ. Эдгээр шинж тэмдгүүд наранд ил гарснаас хэдэн цагийн дараа илэрдэг бөгөөд энэ үед яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Гэхдээ түлэгдсэн арьсан дээрээ бидний ээж, эмээ нарын хэрэглэхийг зөвлөдөг цагаан тараг, цөцгий түрхэх нь тийм ч үр дүнтэй биш гэдгийг санаарай. Сүүн бүтээгдэхүүн нь эсрэгээрээ арьсны гадаргуу дээр тослог бүрхүүл үүсгэж улмаар түлэгдэл авсан хэсэг улам л үрэвсэж, хаван ихэсдэг байна. Үүнээс гадна төрөл бүрийн бодис агуулсан савангууд арьсыг цочроох магадлал өндөр байдаг тул саван хэрэглэхээс хэсэгтээ татгалзах нь зүйтэй.

Тэгвэл ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

Хүнд хэлбэрийн түлэгдэлт авсан тохиолдолд заавал мэргэжлийн эмчид хандаарай!

  • Түлэгдэлтийн анхны шинж тэмдгүүд (улайх, загатнах) илэрсэн л бол нарны туяанаас холдож дотор орчинд байх хэрэгтэй.
  • Арьсаа хөргөх нь маш чухал юм. Үүний тулд хүйтэн шүршүүрт орох, аль эсвэл ваннд хэвтэж болно. Харин түлэгдсэн хэсэг нь том биш бол хүйтэн устай жин тавиарай. Хамгийн гол нь түлэгдсэн хэсэгт хэт хүйтэн мөс, ус шууд хүргэж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй юм.
  • Бие организм шингэний алдагдалд орсон байгаа тул сайн ус уух хэрэгтэй. Ингэхдээ усыг бага багаар шимж уугаарай.
  • Арьсандаа зуун наст агуулсан гель түрхэхийг зөвлөж байна. Зуун наст нь арьсыг тайвшруулж, улайлтыг багасгана. Харин хаван буулгаж, үрэвслийг намдаах зорилгоор пантенол, аллантоин бодис, балжингарав цэцгийн ханд, гамамелис ургамал агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэж болно. Мөн after sun гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн гиалуроны хүчил агуулдаг тул арьсыг чийгээр хангана.
  • Арьс тань эдгэртэл өтгөн бүтэцтэй арьс арчилгааны болон нүүр будалтын бүтээгдэхүүнүүд хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Мөн арьс тодорхой хэмжээнд тайвширч, улайлт нь буутал гадуур явахгүй байхыг хичээгээрэй.


Нөсөө толбо үүссэн арьсны арчилгаа

Меланин гэх будагч бодис агуулдаг меланоцит эсийн үйл ажиллагаа хэвийн бус болсноор хүний арьсан дээр нөсөө толбо үүсдэг. Харин тэрхүү меланин бодисыг үүсэхэд нөлөөлдөг хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, дааврын тэнцвэр алдагдах үед, удамшил, стресс, аминдэмийн дутагдал, эм бэлдмэл, нарны хэт ягаан туяа, үрэвсэл зэрэг нь арьсан дээр нөсөө толбо үүсэхэд хүргэдэг. Тиймээс өөрийн шалтгаанаа зөв олж тогтоох нь маш чухал юм. Харин дараах зөвлөмжүүдийг нарны нөлөөгөөр үүссэн нөсөө толбо дээр хэрэгжүүлэх боломжтой. 

Урьдчилан сэргийлэх аргууд

  • Арьсыг гэмтээдэг нарны хэт ягаан туяа нь UVA, UVB гэж хуваагддаг ба “UVA/UVB protection”, “multi-spectrum”, “broad spectrum” гэсэн тэмдэглэгээтэй нарны хамгаалалттай бүтээгдэхүүнээс сонгож хэрэглэх.
  • Нөсөө толбо, үрэвсэл, үрчлээсний эсрэг үйлчилгээтэй антиоксидант бодисууд агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн мөн хэрэглэвэл тохиромжтой.
  • Хооллолтдоо сүүн бүтээгдэхүүн, өндөг, төрөл бүрийн самар, ногоо нэмэх.

Нөсөө толбо цайруулах үйлчилгээтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо анхаарах зүйлс

Нөсөө толбо багасгаж, арьс цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд түлхүү хоёр төрлийн найрлагыг агуулдаг:

  • Арьсыг гуужуулж, нөхөн төлжүүлэх зориулалттай: жимсний хүчлүүд, салицилийн хүчил, ханборгоцой, папайя болон шар хулууны ферментүүд.
  • Меланин будагч бодисын ялгаруулалтыг багасгах зориулалттай: арбутин, ниацинамид, С витамин, ферулийн болон транексамины хүчил, шар буурцаг, ялам модны ханд.


Үрэвсэлтэй арьсны арчилгаа

Халууны улиралд бид илүү их хөлөрч, улмаар орчин тойрны бохирдол арьсан дээр удаан хугацаагаар тогтож, нүхийг нь бөглөн үрэвсэл, батгыг үүсгэдэг. Мөн зуны хэт ягаан нарны туяа арьсны коллагены нийлэгжилтийг бууруулж, хамгаалалтын бүрхүүлийг эвддэг байна. Үр дүнд нь төрөл бүрийн бактериуд үржихэд таатай нөхцөл бүрддэг юм. 

  • Зуны улиралд гардаг үрэвсэл, батгашилтаас сэргийлэхийн тулд SPF30-аас доошгүй нарны тос түрхэхийг зөвлөж байна. Ингэхдээ яг өөрийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнээс сонголтоо хийгээрэй.
  • Өглөө болон орой арьсаа сайн цэвэрлэж, тонер түрхэж хэвшээрэй. Мөн боломжтой бол өдрийн цагаар будгаа арилгаж, нарны тосоо түрхэж шинэчилбэл бүр сайн.
  • Өдрийн турш ялгардаг тослогийг дарахын тулд пудр биш, харин тослог авдаг зориулалтын матт цаас хэрэглэх нь зүйтэй. Учир нь пудр арьсны бохирдол, хөлстэй холилдож арьсны нүхийг бөглөх болно.
  • Нүүр төдийгүй мөн биеийн арьсан дээр үрэвсэл үүссэн тохиолдолд юуны өмнө синтетик материалтай хувцас өмсөхөөс татгалзах шаардлагатай. Синтетик нь арьсыг чөлөөтэй амьсгалуулдаггүй тул энэ нь батга гарахад нөлөөлдөг хамгийн гол шалтгаануудын нэг юм. Халуун өдрүүдэд аль болох цэвэр даавуун эсвэл тааран материалтай, бие барьдаггүй, сул загвартай хувцас өмсөхийг хичээгээрэй.
  • Мөн их үрэвсэлтэй хэсгүүд дээрээ BHA (бета гидрокси) хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж болно. Тус хүчил нь арьсны гүнд хүрч үхэжсэн арьс, илүүдэл тослогийг гуужуулдаг учир батгашилттай, нүхжилттэй арьсанд хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Түүнчлэн үрэвслийг намдааж, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ арьсыг цайруулдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнд BHA хүчлийн төрөлд багтдаг салицилийн хүчил хамгийн түгээмэл ашиглагддаг. Энэ нь химийн гуужуулагчийн төрөл ба долоо хоногт 1-3 удаагаас илүүгүй хэрэглэх заалттай билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх