Хайх

Тень түрхэхдээ баримтлах 9 дүрэм

Тень түрхэхдээ баримтлах 9 дүрэм

Мэргэжилтнүүд зөвлөж байна

Text: Buro.Mongolia


Тень тавихаасаа өмнө үргэлж праймер түрхэж байх

Нүүрнийхээ арьсыг чийгшүүлж, тэжээл өгсний дараа зовхи хэт тослог болсон байх магадлалтай тул түрхсэн тень тань урсах эрсдэлтэй. "Тенийг урсахаас сэргийлэхийн тулд тусгай праймер хэрэглэж байх нь чухал. Праймерын оронд мөн өө дарагч түрхэж болно" хэмээн Lancôme брэндийн нүүр хувиргагч зөвлөж байна.

Праймер нь тенийг илүү тогтоц сайтай болгож, гүн өнгөтэй харагдуулдаг. Түүнчлэн торгомсог бүтэцтэй праймер түрхвэл дараагаар нь тениэ уусгахад илүү хялбар байх болно.

Тень түрхэхдээ баримтлах 9 дүрэм (фото 1)

Цэвэрхэн будалт хийхийн тулд илүүдэл тенийг уусгаж, цэвэрлэх

Эхлээд нүдний дотор булангууд болон хөмсөгний доогуур цайвар өнгийн тень түрхээрэй. Харин дараа нь илүү гүн өнгийн тениудыг зовхиныхоо үндсэн хэсэгт түрхэх хэрэгтэй. "Тень түрхэхээсээ өмнө багсаа хөнгөн байдлаар сэгсэрч, илүүдэл тенийг унагаагаарай. Ингэснээр нүдээ будах явцад тень үүрч унах, толбо үүсэх зэрэг асуудлуудаас сэргийлэх боломжтой. Хэрвээ гүн өнгөтэй тенийн хүрээ хэтэрхий тод харагдаад байвал цэвэрхэн багсан дээр бага зэргийн цайвар өнгийн тень аван жигд бөгөөд зөөлөн даралтаар уусгаж өгөөрэй" гэж Guerlain брэндийн мэргэжилтэн ярилаа.

"Хэрвээ тень үүрч, нүдний орчим толбонууд үүссэн бол хөвөнтэй мод болон зориулалтын будаг арилгагч шингэний тусламжтайгаар цэвэрлээрэй" хэмээн NIkolskaya Club салоны стилист нэмж хэллээ.

Будалтдаа олон төрлийн багс ашиглах

Тенийг маш цэвэрхэн байдлаар тавихын тулд будалт хийхдээ хэд, хэдэн төрлийн багс ашигласан нь дээр. "Хавтгай бөгөөд өргөн багсыг үндсэн өнгө тавихад, хавтгай бөгөөд нарийн багсыг нүдний гаднах булангуудад бараан өнгийн тень түрхэхэд, хөвсгөр багсыг уусгалт хийхэд, харин торх хэлбэрийн багсыг зовхины нугалаас дээрх тенийг уусгахад ашиглана" гэж Lancôme брэндийн нүүр хувиргагч тодрууллаа.

Тень түрхэхдээ баримтлах 9 дүрэм (фото 2)

Тенийг яаж, ямар багсаар тавихаас шалтгаалаад өөр, өөр үр дүн гарна

Тухайн тенийг яаж түрхсэнээс шалтгаалан өөр, өөр будалт бий болдог. "Тенийг хөвсгөр багсаар түрхвэл хагас тунгалаг манан мэт будалт бий болно. Харин яг ижил тенийг хавтгай багсаар тоншсон хөдөлгөөнөөр түрхвэл өнгө нь илүү гүн тавигдаж, илүү драматик будалт хийгдэнэ. Харин саатай, гялалзсан ширхгүүдтэй тенийг хурууныхаа өндгөөр түрхэхийг зөвлөх байна. Ингэснээр гялалзсан туяа нь илүү гүн байж, тень үүрэн толбо үүсгэхгүй" хэмээн Guerlain брэндийн мэргэжилтэн хуваалцлаа.

Мөн далий хэлбэртэй чийгтэй багс болон бараан өнгийн тенийн тусламжтайгаар контур зурж болно.

Эхлээд тениэ тавьж дараагаар нь сормуусны будаг түрхэнэ

Сормуусан дээр тенийн нунтаг унахаас сэргийлэхийн тулд эхлээд тениэ түрхэх хэрэгтэй. "Дараагаар нь сормуусаа будахдаа санамсаргүй байдлаар зовхиндоо толбо үлдээчихвэл сандарсны хэрэггүй. Толбыг хатахыг нь хүлээж хөмсөгний самаар хуулан авчхаж болно" гэж Guerlain брэндийн мэргэжилтэн зөвлөж байна.

Тень түрхэхдээ баримтлах 9 дүрэм (фото 3)

Нүднийхээ хэлбэрээс хамааран будалт хийх

Тенийн тусламжтайгаар нүднийхээ хэлбэрийг өөрчилж болно гэдгийг санаарай. "Тухайлбал хэрвээ та унжсан зовхитой бол будалтаа хөмсөг болон доод зовхин дээр төвлөрүүлэн хийгээрэй. Хэрвээ та дугуй хэлбэрийн нүдтэй бол нүднийхээ гаднах буланг тенийн ачаар уртасгах хэрэгтэй. Хэрвээ эсрэгээрээ урт нүдтэй бол давхраагаа гүн өнгөөр будаж илүү хүнхэр нүдний эффект үүсгээрэй" хэмээн NIkolskaya Club салоны стилист хэллээ.

Тень түрхэх талбайг зөв тогтоох

Тениэ хүчтэй ба далайцтай хөдөлгөөнөөр түрхсэний хэрэггүй. Үүний оронд маш нямбай байдлаар миллиметрийн зайтай хөдөлгөөнөөр будалтаа хийвэл илүү цэвэрхэн үр дүнд хүрнэ. Будалтынхаа үндсэн өнгийг давхраанаас дээгүүр тавьсны хэрэггүй. Өөрөөр хэлбэл давхрааны дээгүүрх тенийг хөвсгөр багсаар арьсандаа уусгаж өгөх хэрэгтэй.

Тень түрхэхдээ баримтлах 9 дүрэм (фото 4)

Алдаа гарган толбо үүсгэвэл хуурай зүйлээр цэвэрлэх

Ихэнх хүмүүс санамсаргүй байдлаар будалтаа халтартуулахдаа чийгтэй хөвөнтэй модоор цэвэрлэх хандлагатай байдаг нь их буруу юм. Үүний оронд хуурай хөвөнтэй мод эсвэл цэвэрхэн багс хэрэглэвэл будалт тань аврагдах магадлалтай шүү.

Тень сонгохдоо бүтцийг нь анхааралдаа авах

Хэрвээ та нүдээ илүү том бөгөөд бүлцгэр харагдуулахыг хүсвэл саатай тенийг зовхиныхоо гол хэсэгт түрхээрэй. Харин илүү гүн харагдуулах зорилготой бол матт тень илүү зохимжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх