Хайх

Өвлийн Маскне: Яагаад үүсдэг вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Өвлийн Маскне: Яагаад үүсдэг вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2020 оны гол бьюти асуудлын учрыг олцгооё

Text: Buro.Mongolia


Зураг: Buro.Russia

Маскне гэж юу вэ?

Коронавирусын цар тахал дэгдэж, бид өдөр тутамдаа зайлшгүй амны хаалт зүүх шаардлагатай болсон үеэс хойш олон хүн нэгэн тааламжгүй үр дагавартай тулгарсан нь амны хаалтаас үүдэлтэй батга, тууралт юм. Энэ үзэгдлийг маск болон акне гэх хоёр үгийг нэгтгэснээр "маскне" хэмээн нэрлэх болсон билээ.

Монголын ЭМЯ болон ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу COVID-19 цар тахалтай холбогдуулан хатуу хөл хорио тавигдсан байгаа энэ үед маскыг гэрээс гарах бүртээ, хаана ч явсан зүүх шаардлагатай тул бид өдөр бүр дор хаяж хагас цагийг маск зүүж өнгөрүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд нүүрний арьсны эрүүл мэндээ тодорхой хэмжээнд золиосонд гаргаж байгаа билээ.

Маскне үүсэх шалтгаан

Тэгвэл маскне яг яагаад үүсдэг вэ? Арьсны эмч нар дараах үндсэн шалтгаануудыг нэрлэж байна:

  • Амны хаалт зүүсэн үед агаарын солилцоо маш бага байдаг.
  • Үүний зэрэгцээ бид амьсгалж, хөлөрдөг тул маскан дор чийглэг орчин үүсэж, "муу" нян үржих төгс нөхцөл бүрддэг.
  • Арьсны гадаргуу дээр гадны биет буюу маскны материалын үрэлт үүссэнээс болж арьс цочирч, үрэвсдэг.
  • Үүнээс гадна маск зүүнэ гэдэг нь өөрөө тав тухгүй, таагүй мэдрэмжийг өгдөг тул энэ нь стресс үүсэх шалтгаан болдог. Харин стресстэй үед арьсан дахь тосны булчирхай илүү их себум ялгаруулж, нян үржих нөхцөл бүрддэг.

"Хэрвээ та өмнө нь арьсны асуудлуудтай тулгардаг байсан бол маск зүүсний улмаас тэдгээр асуудлууд хурцадна. Харин хэрвээ өмнө нь асуудалгүй байсан бол шинээр асуудлууд үүсэх магадлалтай. Гэхдээ маскнетэй тулгараагүй азтай хүмүүс ч бас бий" хэмээн Xella арьсны эмнэлгийн ерөнхий эмч Алена Саакян ярилаа.

Өвлийн улирал ба маскне

Өвлийн улиралд дараах хүчин зүйлс маскнег хүндрүүлдэг байгаа:

  • Дотор хэт халуун, гадаа хэт хүйтэн гээд өвлийн улиралд бид температурын огцом өөрчлөлтүүдийг тогтмол мэдэрдэг. Арьс ийм төрлийн огцом өөрчлөлтүүдэд дургүй тул цочирч, улайж, тууралт үүсэх байдлаар хариу үйлдэл үзүүлдэг.
  • Төвийн халаалт байшин доторх агаарыг хуурайшуулдаг. Агаар дахь чийгшлийн хэмжээ бүр 20% хүртэл буурдаг нь яг л онгоцон доторх агаартай ижил юм. Ийм нөхцөлд арьс бүр ч их хуурайшиж, гадаргуу дээр нь бичил хагарлууд үүсэж, тэдгээр хагарлууд дотор бохирдол цуглардаг. Энэ үед тослог арьс илүү эрчимтэй себум ялгаруулж, үр дүнд нь хар цэгүүд үүсдэг. Харин эмзэг арьс ихэвчлэн улайж, бүр илүү мэдрэг болдог.

Өвлийн улиралд маскнегээс урьдчилан сэргийлэх нь

Эхний ээлжид зөв маск сонгож зүүх нь чухал. "Journal of the European Academy of Dermatology and Venereology сэтгүүлд нийтлэгдсэн хамгийн сүүлийн үеийн судалгаанд эрдэмтэд COVID-19 цар тахлын үед хэрэглэгдэж байгаа олон төрлийн маскууд дор бүрнээ нүүрний арьсанд ямар нөлөөг, хэр тогтмол үзүүлж байгааг судалжээ. Судалгааны үр дүнд тууралт болон батгашилт гэх арьсны асуудлууд нь мэс заслын зориулалттай маск зүүсэн үед үүсэх нь илүү түгээмэл болох нь илэрсэн байна. Энэ талаар Institute Beauty клиникийн үүсгэн байгуулагч, арьсны эмч Виктория Клишко онцолж хэлсэн бөгөөд мэс заслын маскууд ихэвчлэн 3-4 давхар материалаас бүтдэг төдийгүй дотроо дахиад 2 давхар шүүлтүүрийн цаас агуулдаг байна. Иймээс ийм төрлийн маскууд нь ус муу нэвтрүүлж, бичил биетүүдэд "хүлэмжийн" нөхцөл бүрдүүлдэг гэнэ. Харин даавуун маскыг хөвөн даавуу, полиэстер эсвэл торго зэрэг нэхмэл материалаар хийдэг тул ийм маск нь илүү амьсгалах чадвартай байдаг. Тиймээс асуудалтай арьстай хүмүүс мэс заслын маскны оронд даавуун маск зүүснээр маскнегээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Үүнээс гадна маскыг зөв хэрэглэх хэрэгтэй. "Нэг маскыг дөрвөөс илүү цагийн турш зүүж болохгүй ба олон удаа хэрэглэгддэг маск бол тогтмол угааж цэвэрлэх шаардлагатай. Маскаа зөв хэрэглэж, зохистой газар нь хаяхаас гадна мэдээж өөр хүний маскыг зүүж болохгүй" хэмээн Виктория Клишко зөвлөж байна.

Маскне үүсэх магадлалтай арьсыг хэрхэн арчлах вэ?

Энэ нөхцөлд арьс арчилгаагаа минимал байлгах нь илүү тохиромжтой. Олон янзын бүтээгдэхүүн давхарлалгүйгээр арьсандаа аль болох амьсгалах боломж өгөх хэрэгтэй.

  • Юуны өмнө арьсаа зөөлөн цэвэрлэгчээр тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Энгийн цэвэрлэгчийнхээ оронд pH 5.5 түвшинтэй саван эсвэл гелэн цэвэрлэгч сонгохыг зөвлөж байна.
  • Арьсны гүн цэвэрлэгээг тогтмол хийхээс зайлсхийгээрэй. Скраб, шавар маск эсвэл хүчиллэг пилингүүдийг цар тахал дуустал түр хойшлуулсан нь дээр. Харин хуурай болон энгийн арьсыг гуужуулахын тулд ферменттэй пилинг, тослог арьсанд хүчлийн агууламж багатай тоник эсвэл лосьон хэрэглэж болох юм.
  • Нүхнүүдээ бөглөхгүйн тулд хэт өтгөн биш шингэн талдаа хөнгөн тос хэрэглэх хэрэгтэй.
  • Нүүрээ будахаас аль болох зайлсхийж, тэр дундаа нүүрнийхээ доод хэсэгт суурь крем, пудр хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.

Өдрийн арьс арчилгаанд хэрэглэх тос болон серумийн найрлагад дараах орц агуулагдах учиртай:

  • Арьсны хамгаалалтын давхаргыг нөхөн сэргээхийн тулд сквалан, керамид, тосны хүчил;
  • Чийг хадгалах давхаргыг бий болгохын тулд гиалуроны хүчил;
  • Тослог болон асуудалтай арьсан дээр тууралт үүсэхээс сэргийлэхийн тулд ниацинамид.

"Өвөл температурын өөрчлөлтөөс болж арьсан дахь усны тэнцвэр алдагддаг тул үүнд арьс арчилгаагаа тохируулах хэрэгтэй. Тослог болон асуудалтай арьс арчилгаанд хатаадаг бүтээгдэхүүнийхээ тоог багасгаж, чийгшүүлдэг бүтээгдэхүүнүүдээ ихэсгэх хэрэгтэй. Шөнөдөө бас чийгшүүлэх маск, тос түрхэж байгаарай" хэмээн Алена Саакян зөвлөж байна.

Ихэнх хүмүүс сонгодог маскнегийн оронд розацеа буюу ягаан батганы асуудалтай тулгарч байгаа. Улайлт, ягаан тууралт зэргээр тодорхойлогддог розацеагийн үед дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй:

  • арьсаа зөөлөн цэвэрлэх;липидийн (ланолин, сквалан) агууламж ихтэй бүтээгдэхүүнүүд хэрэглэх;
  • эмийн сангийн брэндүүдийн бүтээгдэхүүнүүд хэрэглэх;
  • үнэртүүлэгчтэй бүтээгдэхүүнээс татгалзах.

Өвлийн маскнегийн эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх