Хайх

\"Филлер, ботокс, пилинг ба мезотерапи гэж юу вэ?\" Toskani Cosmetics-ийн мэргэжилтэн ярьж байна

"Филлер, ботокс, пилинг ба мезотерапи гэж юу вэ?" Toskani Cosmetics-ийн мэргэжилтэн ярьж байна

Залуу насны гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэе гэвэл

Text: Ө.Тодгэрэл


Мэргэжлийн арьс судлалын эмчтэй Бюро 24/7-гийн гоо сайхны редактор уулзаж, бүсгүйчүүдийн хамгийн их сонирхдог асуултуудад хариулт авч, мөн шинэхэн нээгдэж буй Le Beautique Spa салонд үзүүлж эхэлсэн сонирхолтой, шинэлэг үйлчилгээнүүдийн талаар та бүхэнд хүргэж байна

Улаанбаатар хотод эмчилгээний гоо сайхны чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Toskani Cosmetics-ын бүтээгдэхүүн ба эмчилгээг албан ёсны эрхтэйгээр хүргэх Le Beautique Spa гэх салон нээгдэж буйг бид саяхан дуулсан юм.  Тус салоны нээлтэнд зориулж Европын Холбооны орнуудад арьс, гоо заслын чиглэлээр олон жил ажилласан, мэргэжлийн арьс судлалын эмч нар Монгол улсад хүрэлцэн иржээ. Карен Бозоян ба Сергей Остапчук гэх украин мэргэжилтнүүд өөрсдийн туршлагаасаа монгол эмч нартай хуваалцах, богино хугацааны сургалт явуулж байгаа юм. Бид Карен Бозоян эмчтэй уулзаж, Toskani Cosmetics-ын онцлог, арьс арчилгааны үндсэн зарчим болон тэр дундаа хөгшрөлтөөс хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.

Монгол улсад тавтай морилно уу. Та бүхэнтэй уулзаж, уншигчиддаа мэдээлэл хүргэх гэж буйдаа баяртай байна. Юуны өмнө өөрсдийнхөө талаар бидэнд товчхон танилцуулахгүй юу.

Сайн байна уу, намайг Карен гэдэг. Би мэргэжил нэгт хамтрагч Сергейн хамтаар "Toskani Cosmetics"-ыг төлөөлж Монгол улсад хүрэлцэн ирээд байна. Бид бол Toskani Cosmetics-ын албан ёсны төлөөлөгчид болон сертификат хүртсэн, энэ чиглэлээрээ 12 жил ажиллаж байгаа эмч нар юм. Манай Toskani Cosmetics-ийн лаборатори нь 1956 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Испаний Neftis гэх эм зүйн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг группын нэгэн хэсэг юм. Бид Украин улсад уг компаний бүтэгдэхүүнийг албан ёсоор түгээж, мөн хажуугаар нь олон улсын салбаруудад сургалт, семинар явуулаад зургаан жил болж байна. Toskani Cosmetics-ын салбарууд Хятад, Солонгос, Орос болон Европын орнууд гээд бараг дэлхийн ихэнх бүс нутагт салбартай бөгөөд өнөөдөр мөн Монгол улсад нээгдэж байгаад бид баяртай байна.

"Филлер, ботокс, пилинг ба мезотерапи гэж юу вэ?" Toskani Cosmetics-ийн мэргэжилтэн ярьж байна (фото 1)

Та тэгвэл монголд дөнгөж нээгдэж буй Toskani Cosmetics-ыг товчхон тодорхойлохгүй юу. Та бүхэн хүмүүст юу санал болгодог юм бэ?

Toskani Cosmetics бол гоо зүйн заслын чиглэлээр төрөл бүрийн эмчилгээний зориулалтай бүтээгдэхүүн санал болгодог. Бид мезотерапи буюу тарилгын аргачлалаар арьсны эсийн дунд давхарга руу эмийн бэлдмэл, амин дэм болон бусад эерэг нөлөөтэй эмчилгээний бүтээгдэхүүн шахах төрөл бүрийн ажилбар санал болгодог ба үүгээрээ алдаршсан. Түүнээс гадна Toskani Cosmetics нь хүний байгалиас заяасан гоо үзэсгэлэнг хадгалж үлдэх зорилгоор пилинг, арьсны тариа зэрэг үйлчилгээгээр мэргэшсэн ба хүний арьсыг эсийн түвшинд эмчилж чаддаг онцлогтой юм.

Toskani Cosmetics-ийн бүтээгдэхүүнүүд бусад гоо сайхны зах зээл дээр байгаа сонголтуудаас юугаараа ялгаатай вэ?

Хамгийн том онцлог бол мэдээж хэрэг чанар. Toskani Cosmetics нь өөрийн гэсэн лабораторитай гэдгийг юуны түрүүнд анхааралдаа авах хэрэгтэй. Тэгэхээр бид өөрсдийнхөө лабораторид шилдэг мэргэжилтнүүдийн ачаар хамгийн аюул багатай, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бас нэгэн чухал онцлог гэвэл бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн бүр шаардлагатай шалгалтанд хамрагдаж, хүний бие организм ба арьсанд ямар нэгэн хор нөөлөөгүй болох нь батлагддаг. Бүтээгдэхүүн бүрийн аюулгүй байдлыг ширхэгчлэн шалгадаг тусгай зориулалтын техник төхөөрөмж бидэнд бий. Тэгээд маш өргөн сонголтттой, төрөл бүрийн бүтээгдэхүүн зах зээлд гаргадаг.

"Филлер, ботокс, пилинг ба мезотерапи гэж юу вэ?" Toskani Cosmetics-ийн мэргэжилтэн ярьж байна (фото 2)

Та бүхэн Монголд богино хугацааны сургалт, семинар зохион байгуулна гэлээ. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Бид гурван хоногийн хугацаатайгаар Монголд хүрэлцэн ирсэн ба бидний хамгийн гол зорилго бол дотоодын гоо сайхны эмч нарт Toskani Comsetics компаний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, мөн эдгээр зүйлсийг хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгөх юм. Хамгийн гол нь орчин үед дэлхийн бараг бүх оронд хангалттай мэргэжил, боловсрол эзэмшээгүй хэрнээ хүмүүст гоо сайхны ажилбар санал болгодог эмч нар байна. Тэд хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ талаар сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Эс тэгвээс тэд сайн үр дүнд хүрч чадахгүй. Бид энэ байдлыг аль болох өөрчлөхийг хичээж, монголын мэргэжлийн эмч нарт шаардлагатай мэдлэг олгохыг хүсч байна. Ингэснээр бид бүтээгдэхүүнийхээ ашиглалтын аюулгүй байдлыг хангах болно. Учир нь бүтээгдэхүүн өөрөө ямар ч аюулгүй орц, найрлагатай боловч түүнийг буруу хэрэглэсэн нөхцөлд эрсдэл үүсэх магадлалтай. Тухайлбал пилинг процедурыг буруу аргачлалаар хийсэн тохиолдолд түлэгдэх болон толбожилт үүсэх магадлалтай. Тиймээс Toskani Cosmetics өөрийн гэсэн патентлагдсан бүтээгдэхүүн ашиглалтын протокол бий болгосон юм. Бид үүнийг хүмүүст танилцуулж, тайлбарлах болно.

Та бүгд сургалтаа гурав хоногийн дотор явуулна гэж хэллээ. Энэ нь шаардлагатай мэдлэг ба туршлагыг олж авахад хангалттай хугацаа гэж та бүхэн үзэж байна уу?

Мэдээж хэрэг гуравхан хоногийн дотор бид бүх мэдлэгээ монголын мэргэжилтнүүдэд өгч амжина гэдэг бодит зүйл биш юм. Гэхдээ бид маш олон төрлийн бөгөөд хамгийн хэрэгтэй гол дүрэм, журмуудыг эмч нарт тайлбарлаж, компаний бүтээгдэхүүн ашиглахад хамгийн төгс үр дүнд хүрэх арга замыг зааж өгөх болно.

Toskani Cosmetics-ын гол бүтээгдэхүүнүүдийн нэг бол яах аргагүй эмчилгээний зориулалттай коктейлиуд гэж би дуулсан юм байна.

Тэрхүү ТКН коктейль нь мезотерапи эмчилгээнд ашиглагддаг бүтээгдэхүүн л дээ. Өөрөөр хэлбэл бид коктейлийг тарилгын аргачлалаар арьсны эс рүү нэвтрүүлж, эмчилгээний сайн үр дүнд хүрдэг. Мезотерапи аргачлал нь хамгийн түгээмэл бас хурдан үр дүн үзүүлдгээс гадна коктейлийг өөр аргаар ашиглах боломжтой. Тодруулбал коктейлийг тусгай төхөөрөмж болох олон тооны жижиг зүүгээр бүрхэгдсэн дерма роллероор, эсвэл тарилгын аргаар хэрэглэж болно.

Ерөнхийдөө бид маш олон төрлийн эмчилгээний коктейль гаргадаг. Тэр дундаас залуужуулах, толгойн үсний ургалт сайжруулах, өөх хайлуулах, арьс чийгшүүлэх, толбожилт арилгах, батганы эсрэг коктейлиуд нь хэрэглэгчдэд өндөр эрэлттэй байдаг. Бид юуны түрүүнд үйлчлүүлэгчийн арьсны онцлогийг шинжилж, ямар асуудалтай тулгарсныг нь дүгнэсний дараагаар хамгийн тохиромжтой бөгөөд төгс үр дүн үзүүлэх коктейль санал болгодог.

"Филлер, ботокс, пилинг ба мезотерапи гэж юу вэ?" Toskani Cosmetics-ийн мэргэжилтэн ярьж байна (фото 3)

Мэдээж хэрэг эдгээр бүтээгдэхүүн дотроос бүсгүйчүүд залуужуулах үйлчилгээтэй коктейлийн тухай илүү ихийг мэдэхийг хүсч байгаа байх.  Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд насны хязгаар гэж бий юу?

Ерөнхийдөө ямар ч насны бүсгүйчүүд энэхүү эмчилгээнд хамрагдах боломжтой. Тухайн хүнд тулгарсан асуудлаас шалтгаалж бид энэ процедурыг янз, янзаар хийдэг юм. Европд гэхэд сүүлийн үед бүсгүйчүүд дөнгөж хорин таван наснаасаа эхлэн арьс судлалын гоо зүйн эмчид хандах болсон. Учир юу вэ гэвэл, тэд заавал асуудал үүссэний дараа биш, харин урьдчилан сэргийлж эмчилгээнд хамрагдаж байна. Тэд хөгшрөлтийн үйл явцыг аль болох удаан байлгахыг хүсч, үрчлээс үүсэхээс сэргийлж, арьсаа аль болох чийгтэй байлгахыг зорьдог.

Хэрэв хөгшрөлтийг үүсэхээс нь өмнө, эрт сэргийлж чадвал та муу үр дүнд хүрэхгүйгээр өөрийнхөө гоо үзэсгэлэнг авч үлдэж чадна

Бүсгүйчүүд залуу наснаасаа эхлэн нүд, дух, уруул ба хүзүүндээ үрчлээсний анхны шинж тэмдгийг олж хардаг. Энэ тохиолдолд 25-30 насны үйлчилүүлэгчид бидэнд хандаж, зөөлөн үйлчилгээтэй, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагддаг. Харин хүчтэй нөлөө үзүүлэх эмчилгээг мэдээж хэрэг 35 ба түүнээс дээш насны бүсгүйчүүдэд санал болгодог байгаа. Үйлчлүүлэгчдийн хөгшрөлтийн шинж тэмдэг олон янзаар илэрдэг. Зарим бүсгүйчүүд генетикийн түвшний хөгшрөлттэй тулгарсан байдаг бол зарим нь цагаасаа өмнө эхэлсэн буюу гэрлийн нөлөөллөөс үүдсэн хөгшрөлттэй байдаг. Тэгвэл генетикийн түвшний хөгшрөлтийг тодорхой хугацаанд, бага зэрэг удаашруулах боломжтой бол гэрлийн нөлөөллөөс үүдсэн хөгшрөлтийг бүр мөсөн арилгах боломжтой байдаг. 

Залуужуулах коктейлийн үйлчилгээний бодит үр дүнг харах хүртэл хэдэн удаагийн эмчилгээнд хамрагдах шаардлагатай вэ?

Юуны түрүүнд тухайн коктейлийн найрлага хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Тухайлбал хүчтэй үйлчилгээтэй коктейлийг тарилгын аргаар 5-6 процедур хийхэд хангалттай. Нэг процедурыг 7-10 хоногийн дотор ганцхан удаа хийх заалттай байдаг. Хэрвээ процедурыг дерма роллер эсвэл бусад төхөөрөмжийн аргачлалаар хийх бол давтамж нь үүнээс олон буюу 10-15 хоног байх шаардлагатай. 

"Филлер, ботокс, пилинг ба мезотерапи гэж юу вэ?" Toskani Cosmetics-ийн мэргэжилтэн ярьж байна (фото 4)

Залуужуулах үйлчилгээтэй уг процедур нь хүнийг ойролцоогоор хэдэн насаар залуу харагдахад туслах бол?

Энэ нь тухайн хүний арьсны онцлогоос хамгийн их хамаарна. Жишээ нь 40 настай бүсгүйг 30-тай мэт харагдана зэрэг тодорхой хариулт хэлэхгүй ч процедурын үр дүн нь илт мэдэгдэхүйц байдгийг баттайгаар хэлж чадна.

Коктейль ашиглан эмчилгээ хийхдээ та бүхэн үйлчлүүлэгчидтэйгээ хэрхэн ажилладаг вэ. Тухайн хүний арьсны онцлогоос хамаарч эмчилгээ санал болгодог уу?

Тийм ээ, бид үйлчлүүлэгч бүрийн арьсны онцлогийг шинжилж, хамгийн тохиромжтой коктейль санал болгодог. Генетикийн түвшний хөгшрөлтийн үед илүү гүн бас мэдэгдэхүйц үрчлээс үүсч, арьс унжсан байдаг. Харин гэрлийн нөлөөллөөс болж эрт эхэлсэн хөгшрөлтийн үед арьс хуурайшиж, хөнгөн үрчлээс ба толбожилт үүснэ. Тэгэхээр эдгээр хоёр төрлийн хөгшрөлтийн шинж тэмдэг эмчилгээ сонгох үйл явцад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Түүнээс гадна бид Toskani Cosmetics-ын моно бүтээгдэхүүнийг ашиглан, хувь хүний арьсны төрөлд тохирсон, дахин давтагдашгүй найрлагатай эмчилгээ бий болгодог.

Филлерийг үл хөдлөх үрчлээсэнд эсвэл нүүрний ямар нэгэн хэсгийн хэмжээг томруулах гэж хийдэг бол, ботоксыг хөдөлгөөнтэй үрчлээсэнд, булчингийн үйл ажиллагааг тамиржуулах аргаар ашигладаг

Та бүхэн Монголд сургалт хийхээр ирэхдээ Монголчуудын арьсны онцлогийг судлаж амжсан уу?

Харамсалтай нь бид ажлынхаа хүрээнд Монголд анх удаагаа ирж байгаа тул одоогоор хангалттай мэдлэг цуглуулж амжаагүй байна. Гэхдээ Toskani Cosmetics-ийн бүтээгдэхүүнүүд үндэсний онцлог чанараас үл хамааран үр дүнгээ үзүүлж чаддаг нийтлэг найрлагатай юм. Бид Хятад, Солонгос, Тайланд гэх зэрэг Азийн орнуудад үйл ажиллагаагаа явуулаад удаж байгаа тул манай бүтээгдэхүүн нь Ази хүмүүсийн арьсанд ч мөн адил хамгийн шилдэг үр дүн үзүүлдэг гэдэгт итгэлтэй байж болно шүү. 

Toskani-гийн ихэнх бүтээгдэхүүнүүд мезотерапи эмчилгээ хийхэд зориулагдсан гэж ойлголоо. Харин Мезотерапи болон ботокс ба филлерүүд гэх зэрэг тарилга дээр суурилсан гоо заслын аргачлалуудын хоорондох ялгаа нь юу юм бэ?

Эдгээр нь хоорондоо тэс ондоо зарчимтай гоо зүйн заслын аргачлалууд юм. Яг л дугуй эсвэл машин шиг нэг зорилготой хэрнээ, өөр аргачлалтай гэсэн үг юм. Филлер ба ботокс нь маш нарийн чиглэлтэй, тодорхой нэг зорилготой, цөөн хэдэн тохиолдолд хийгддэг аргачлал юм. Филлерийг үл хөдлөх үрчлээсэнд эсвэл нүүрний ямар нэгэн хэсгийн хэмжээг томруулах зорилгоор хийдэг бол, ботоксыг хөдөлгөөнтэй үрчлээсэнд, булчингийн үйл ажиллагааг тамиржуулах аргаар ашигладаг. Гэхдээ эдгээрийн аль, аль нь толбожилтыг эмчилж, арьсны өнгийг сэргээх, эсвэл хүзүү ба цээжний үрчлээсийг багасгах чадваргүй.

Өөрөөр хэлбэл эдгээр аргачлалууд хязгаарлагдмал хэсэг газарт л нөлөө үзүүлдэг. Харин мезотерапи нь арьсанд нийтэд нь үйлчилдэг. Мезотерапигийн хамгийн гол онцлог нь арьсыг залуужуулах, целлюлит хайлуулах, бие галбиржуулах, арьс чийгшүүлэх ба уяан хатан болгох, толгойн үсний ургалтыг сайжруулах зорилготой, эмчилгээний чанартай олон давтамжтайгаар хийгддэг арга юм.

Гоо сайхан ба арьс судлалын мэргэжилтний үүднээс та ботокс ба филлерүүдийн талаар ямар бодолтой явдагаа бидэнтэй хуваалцаач? Энэ аргууд хожим нь үзүүлэх муу үр, нөлөөтэй болов уу?

Гоо заслын мэргэжлийн эмчийн хувьд би мэдээж хэрэг филлер, ботокс, эсвэл мезотерапи эмилгээний аргачлалуудыг бүгдийг нь өдөр тутамдаа ашигладаг байгаа. Аргачлал бүрт өөрийн гэсэн тусгай заалт бий. Гэхдээ миний зүгээс хэлэхэд урт хугацааны байгалийн чанартай үр дүн авахыг хүсч байвал, мөн хүзүү бас цээжний хэсгээ залуужуулахыг хүсвэл ботокс ба филлерүүд танд тус болохгүй. Харин эдгээр аргачлалыг мезотерапи эмчилгээтэй хослуулж, цогц эмчилгээ хийлгэвэл хамгийн шилдэг үр дүн гарах болно.

Ямар нэгэн зориулалтын эмчилгээнд хамрагдалгүйгээр мөн хагалгаанд оролгүйгээр залуу сайхнаараа үлдэх арга бий юу?

Мэдээж хэрэг арьсаа залуу чигээр нь хадгалж үлдэхэд хэрэгтэй уламжлалт жор, эсвэл тос ба маскууд зах зээл дээр олон бий. Гэхдээ харамсалтай нь жил өнгөрөх тусам эдгээр уламжлалт зүйлсийн үр, нөлөө буурч байна. Учир нь цаг хугацаа өнгөрөх тусам экологийн нөхцөл байдал, хүмүүсийн амьдралын хэв маяг, бидний хоол хүнсний чанар, өдөр тутамдаа хэрэглэдэг усны бүтэц өөрчлөгдөж, бидний арьсанд сөрөг нөлөө үзүүлэх болсон.

"Хэл бол ходоодны толь, нүд бол сэтгэлийн толь, харин арьс бол бидний бие организмын толь" гэх үг байдаг шүү дээ. Эмчийн зүгээс зөвлөхөд арьсаа залуу хэвээр нь авч үлдэхийг хүсч байвал тогтмол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай эмчилгээг хийлгэж байх хэрэгтэй. Энэ нь яг л бид шүдээ эрүүл байлгахын тулд тогтмол шүдний эмнэлэг ордогтой адилхан юм шүү дээ. Ингэснээр та арьсны хуурайшилтыг багасгаж, үрчлээс үүсэхээс сэргийлж, залуу насныхаа гоо үзэсгэлэнг уртасгах боломжтой юм.

Ямар нэгэн хагалгааг хамгийн эцсийн шатанд, өөр ямар ч сонголтгүй болсон үедээ л хийлгэж болох юм

Харин гэрийн нөхцөлд арьсаа арчлах ямар нэгэн онцгой зөвлөгөө бий юу?

Миний зүгээс хөлдөөсөн цай тогтмол ашиглахыг зөвлөх байна. Ногоон эсвэл өөр ямар нэгэн төрлийн цайг хөлдөөж, мөс үүсгээд тэрхүү мөсөөрөө өглөө бүр арьсаа арчиж байх нь маш сайн шүү. Бас нэгэн тустай арга бол эмчилгээний үйлчилгээтэй, цөцгий болон гаатай мелисса гэх ургамлыг хооронд нь хольж арьсандаа түрхээрэй. Ингэвэл таны арьс цайрах болно. 

Азийн орнуудад, тэр дундаа Монголд хамраа өндөрсгөх, эсвэл эрүүнийхээ хэлбэрийг засах хүсэлтэй бүсгүйчүүд олон байдаг. Орчин үед эрүүний хэлбэрийг V хэлбэртэй болгоход, эсвэл хамарныхаа хэлбэрийг засахад филлер түгээмэл ашигладдаг болсон харагдаж байгаа. Таны бодлоор хүссэн үр дүндээ хүрэхэд косметикийн хагалгаа эсвэл филлер хоёрын аль арга илүү тохиромжтой вэ?

Энэ асуудал дээр эмч бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Харин миний хувьд бол ямар нэгэн хагалгааг хамгийн эцсийн шатанд, өөр ямар ч сонголтгүй болсон үедээ л хийлгэж болох юм. Аливаа хагалгаа хүний бие организмыг хүнд стрессд оруулдаг. Харин орчин үед шинжлэх ухаан хөгжиж, маш хөнгөн хэлбэрийн олон арга бий болсон. Тэдэн дотроос филлерүүд ч мөн адил хүний биеийг зовоолгүйгээр, сайн үр дүн өгдөг. 

Хөгшрөлтийн улмаас үүссэн толбожилтыг арилгах үйлчилгээг Toskani Cosmetics үзүүлдэг гэж та дурдаж байсан. Толбожилтыг ямар төрлийн эмчилгээгээр, яаж арилгадаг вэ?

Бид пилинг процедурын ачаар толбожилтыг арилгадаг байгаа. Пилинг гэдэг нь арьсны дээд давхаргыг хуулж, үр дүнд нь шинэ бас илүү эрүүл арьс ургуулдаг арга юм.

"Филлер, ботокс, пилинг ба мезотерапи гэж юу вэ?" Toskani Cosmetics-ийн мэргэжилтэн ярьж байна (фото 5)

Энэ нь урт хугацаанд ямар нэгэн муу үр дагавар авчирах юм биш биз?

Орчин үеийн гоо сайхны зах зээлд олон төрлийн пилинг бий. Тэр дундаас олон давтамжтайгаар, курс эмчилгээний хүрээнд хийгддэг арьсны гадаргууны хөнгөн пилинг нь хамгийн аюулгүй төрөл нь юм. Түүнчлэн Toskani-гийн санал болгодог шиг зөвхөн толбожилтын эсрэг үйлчилдэг пилинг гэж бий. Энэ нь зөвхөн толбыг арилгаж, арьс цайруулах биш мөн арьсыг эмчлэх зориулалттай . Өөрөр хэлбэл пилинг хийлгэсэн үйлчлүүлэгчид маань дараа нь гэрийн нөхцөлд Toskani-гийн зориулалтын тосыг тогтмол ашиглаж чадвал дахин толбожилт үүсэх аюулаас өөрийгөө хамгаалж чадна. 

Нүдний эргэн тойрны арьсыг хамгаалж, үрчлээс үүсэхээс сэргийлэх тосыг бүсгүйчүүд хэдэн наснаасаа эхлэн түрхвэл зүйтэй вэ?

Миний бодлоор үрчлээс үүссэний дараа биш харин үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, 25-30 наснаасаа эхлэн түрхэх нь зүйтэй юм. Нүд орчмын арьс маш нимгэн бөгөөд хөдөлгөөнтэй байдаг тул энэ хэсгийн арьс хөгшрөлтийн үйл явцад хамгийн хурдан өртөж эхэлдэг. Ер нь бол эрт тусмаа сайн гэж л хэлэх байна.

Язралтын талаар асуух гэсэн юм. Toskani Cosmetics-д язралтыг эмчлэх бүтээгдэхүүн эсвэл эмчилгээ бий юу? Ер нь язралтыг бүрэн гүйцэд арилгах боломжтой юу?

Харамсалтай нь язралтыг бүрэн гүйцэд арилгах боломжгүй. Гэхдээ арьсны ерөнхий тонусыг сайжруулж, язралтын үзэгдэх байдлыг мэдэгдэхүйц багасгах боломжтой. Энэ талаар нэг зүйл нэмж хэлэхэд, ихэнх бүсгүйчүүд жирэмсэн болмогцоо язралтын асуудлыг мартаж орхидог. Гэтэл жирэмсний үеэр язралтын эсрэг тосыг хамгийн идэвхтэй хэрэглэх шаардлагатай. Энэ үед бүсгүйчүүд урд хэвлийн хана, хөх, өгзөг ба гуяныхаа эргэн тойронд онцгой анхаарал хандуулж, тосыг аль болох тогтмол түрхэх хэрэгтэй. Ингэснээр арьсны тонусыг сайжруулж, уян хатан болгож, арьс "сэтрэхээс" хамгаалах юм. Toskani Comsetics-д язралтаас урдчилан сэргийлдэг тоснууд бий. Гэхдээ хэрвээ язралт нэгэнт үүсчихсэн бол бид тарилгын эсвэл пилинг эмчилгээ санал болгодог.

Язралт үүссэн даруйд эмчилгээгээ эхлүүлэх нь хамгийн үр дүнтэй юм шүү. Ягаан туяатай "залуухан" язралтууд эмчилгээнд маш сайн хамрагдаж, харагдах байдал нь эрс багасдаг. Зарим үйлчилүүлэгчид маань өөрийнхөө арьсыг хараад язралтыг бүрэн гүйцэд арилгасан байна гэх дүгнэлтэд хүрэх тохиолдол ч байдаг. Гэхдээ үнэндээ бүр мөсэн арилна гэж байхгүй л дээ.

Тэгэхээр жирэмсэн бүсгүйчүүд маань язралтын эсрэг тосыг хэзээнээс эхлэн түрхвэл зүйтэй гэсэн үг вэ?

Жирэмслэлтийн үед язралтын эсрэг тосыг хоёр эсвэл гуравдугаар сараас эхлэн төрөх хүртлээ, мөн төрсний дараах саруудад хэрэглээрэй. Сануулж хэлэхэд хамгийн гол нь асуудал үүсэхээс өмнө урдчилан сэргийлэх үүднээс тос түрхэж эхлэх нь маш чухал шүү. Арьс тань уян хатан ба чийгтэй байх тусам арьсанд үрчлээс эсвэл язралт үүсэх магадлал харьцангүй бага байх болно.

Эцэст нь та залуу насныхаа гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэхийг хүсч буй бүсгүйчүүдэд хандаж өөрийнхөө зүгээс зөвлөгөө өгнө үү.

Орчин үед эмэгтэй эсвэл эрэгтэй танд залуу насныхаа гоо үзэсгэлэнг авч үлдэх боломж бий. Бид тавь эсвэл зуугаад жилийн өмнөх шиг шинжлэх ухаан хараахан сайн хөгжөөгүй нийгэмд амьдарч байгаа биш шүү дээ. Өнөөдөр бид шинэ тоног төхөөрөмж, шилдэг найрлага ба аргачлалын ачаар хүссэн үр дүндээ хамгийн бага эрсдэлтэйгээр хүрч, боломжийн үнээр авах боломжтой болоод байна. Тэгэхээр гол нь 60 нас хүрмэгцээ гэнэт үрчлээстэй болсноо ойлгож, энэ асуудалтай тэмцэхээр шийдэх биш, харин ядахдаа 30 наснаасаа эхлэн арьсаа сайтар арчилж, анзаарч, мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авч, шаардлагатай процедур ба эмчилгээнд хамрагдах хэрэгтэй. Хэтэрхий оройтсон хойно нь танд хагалгаанд орохоос өөр арга зам үлдэхгүй. Харин эртхэн дээр нь урьдчилан сэргийлээд явбал та хамгийн аюулгүй ба муу үр дүнд хүрэхгүйгээр өөрийнхөө гоо үзэсгэлэнг авч үлдэж чадна. Түүнээс гадна наранд хэт их бие шаралгүй, нарнаас хамгаалах тосыг тогмтол ашиглаж байхыг сануулах байна. Мөн хэт их нүүр будалтын бүтээгдэхүүн ашиглахгүй байхыг зөвлөх байна. Тэдгээр бүтээгдэхүүн нь таны арьсыг хуурайшуулах болно. 

цааш үзэх