Хайх

Вивьен Вествуд, Карл Лагерфельд болон бусад дизайнеруудын гоо сайхны зуршлууд

Вивьен Вествуд, Карл Лагерфельд болон бусад дизайнеруудын гоо сайхны зуршлууд

Долоо хоногт ганцхан удаа арьсаа цэвэрлэдэг Вивьен, зөвхөн хуурай шампунь хэрэглэдэг Карл болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Вивьен Вествуд

Өдгөө 76 настай Их Британийн үймээнч Вивьен Вествуд өөрийн гоо сайхны асуудалдаа ч бас маш радикал үзлээр ханддаг. The Guardian сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр арьсаа тогтмол угаах шаардлагагүй хэмээн мэдэгдсэн байдаг. Дизайнер долоо хоногт ганцхан удаа, ваннд орох үедээ арьсаа цэвэрлэдэг бөгөөд нарны хэт ягаан туяанд аль болох өртдөггүй гэнэ. Үүгээр ч зогсохгүй Вивьений баримталдаг бас нэгэн хачирхалтай дүрэм бол тэрээр ваннд орохдоо нөхрийнхөө ашигласан усыг дахин ашигладаг байна. Түүнчлэн тэрээр өдөр тутамдаа, өглөө гэрээсээ гарахдаа биеийнхээ зөвхөн зарим хэсгүүдийг л угаадаг хэмээн хэлж байсан удаатай. Энэ бол Вивьен Вествудийн манай гарагийн гэрэлт ирээдүйд хувь нэмрээ оруулж буй сайн дурын шийдвэр юм.

Вивьен Вествуд, Карл Лагерфельд болон бусад дизайнеруудын гоо сайхны зуршлууд (фото 1)

Карл Лагерфельд

Дизайнерын өдөр тутамдаа хэрэгжүүлдэг нэгэн гоо сайхны заншил бол хуурай шампунь хэрэглэх явдал юм. Лагерфельд үүнийг тайлбарлахдаа "Миний үс цагаан биш, харин бага зэрэг саарал туяатай юм. Би энэ өнгөнд дургүй учир үсэндээ хуурай шампунь түрхэж, цагаан өнгийг нь тодотгодог" гэж хэлсэн байдаг. Тэрээр үд дундын үед давс ба ус зөөлрүүлэгчтэй ваннд ордог заншилтай бөгөөд шүршүүрт ороогүй маш олон жил болжээ. Учир нь ус хүрсэн үед түүний үс долгионтой болчихдог нь түүнд бас л таалагддаггүй байна.

Вивьен Вествуд, Карл Лагерфельд болон бусад дизайнеруудын гоо сайхны зуршлууд (фото 2)

Донна Каран


Өдгөө 69 настай дизайнерын гоо үзэсгэлэнгийн нууц өдөр тутмын бясалгалд оршдог гэнэ. Тэрээр 18 настайгаасаа эхлэн бясалгал хийж байгаа бөгөөд үүнийгээ мөн өдөр бүрийн нэг цагийн йога эсвэл пилатесаар баяжуулдаг аж. Донна Каран түүнчлэн шүршүүр гэхээсээ илүү эфирийн тостой ваннд орох дуртай юм. Тэрээр ванныхаа усанд лаванда цэцэг ба батраш нэмж, нойргүйдэл ба стрессийн эсрэг арга хэмжээ авдаг байна.

Вивьен Вествуд, Карл Лагерфельд болон бусад дизайнеруудын гоо сайхны зуршлууд (фото 3)

Диана фон Фюрстенберг

Нэгэн цагт «Студио 54»-ийн байнгын үйлчлүүлэгч байсан Диана одоо ногоо ба жимсэн дээр суурилсан эрүүл хооллолт баримтлан амьдардаг. "Хооллолтыг хатуу дэглэм болгож хувиргалгүйгээр эрүүл амьдралын хэв маягаас таашаал авч сурах хэрэгтэй" хэмээн дизайнер Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Харин биеэ илүү уян налархай болгохын тулд өдөр тутамдаа сунгалтын дасгал хийж байхыг тэрээр зөвлөжээ.

Вивьен Вествуд, Карл Лагерфельд болон бусад дизайнеруудын гоо сайхны зуршлууд (фото 4)

Каролина Эррера

Дизайнерын баримталдаг үндсэн хоёр дүрэм бол нарнаас арьсаа хамгаалах ба өдрийн турш их хэмжээний ус уух юм. Түүнчлэн Каролинагийн бодлоор бид үсээ өдөр бүр угаах шаардлагагүй бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн хийдэг томоохон алдаануудын нэг аж.

Вивьен Вествуд, Карл Лагерфельд болон бусад дизайнеруудын гоо сайхны зуршлууд (фото 5)

Норма Камали

Олон жилийн хугацаанд Норма нэрийн хувцасны брэндийг ажиллуулахын зэрэгцээ эрүүл амьдралын хэв маяг баримталсаар ирсэн нэгэн. Тэрээр хатуу дэглэм ба өөрийгөө өлсгөх явдлын эсрэг байр суурьтай байдаг тул хооллолтын асуудал дээр аль болох тэнцвэрийг олохыг хичээдэг гэнэ. Норма косметик бүтээгдэхүүн огт хэрэглэхээ больсон бөгөөд зөвхөн зайлшгүй шаардлагатай нарнаас хамгаалах тос ба органик найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг юм. Тэрээр нүүрнийхээ арьсанд цахилгаан цэнэгийн микро дамжуулалт бүхий процедур хийлгэх дуртай төдийгүй зүү тавих аргачлалаар арьсныхаа чанга байдлыг хадгалдаг гэнэ. Түүнчлэн Нормагийн бодлоор хүн бүрийн унтлагын өрөө тааламжтай үнэртэй, тохитой гудас ба дэртэй, тохиромжтой агаарын хэмтэй "зэн" орчин байх ёстой аж. 

Вивьен Вествуд, Карл Лагерфельд болон бусад дизайнеруудын гоо сайхны зуршлууд (фото 6)

цааш үзэх