Хайх

«Грэмми-2017»: Сэтгэлд хоногшсон төрхүүд

«Грэмми-2017»: Сэтгэлд хоногшсон төрхүүд

Блоранж, график контур, smoke eyes болон бусад деталиуд

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуу хөгжмийн ертөнц дэх хамгийн том шагнал гардуулах ёслол «Грэмми-2017» наадам өчигдөр болж өнгөрлөө. Бид арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт зочид ба нэр дэвшигчдийн анхаарал татам төрхүүдийг тоймлон бичлээ

Леди Гага

Блоранж аргачлал буюу улбар шар ба цайвар шар өнгийн ууссан туяа 2017 оны үс будалтын хамгийн гол чиг хандлагуудын нэгээр тодорно гэх бидний таамаглал үнэн болохыг Леди Гага өчигдөр баталлаа. Шагнал гардуулах ёслол дээр дуучин бүсгүй үсээ дээш нь боож, үснийхээ хамгийн тод өнгөтэй хэсгүүдийг хэлбэржүүлэгч цацлаганы тусламжтайгаар тодотгож өгсөн байлаа. Леди Гага түүнчлэн дээд зовхи ба нүднийхээ дотор буланг нарийн ширхэг бүхий гялалзсан саагаар будаж, улаан өнгийн тениэр "мууран" контур зурсан харагдана. Тэрээр харин уруулаа матт эффекттэй ягаан өнгөөр буджээ.

«Грэмми-2017»: Сэтгэлд хоногшсон төрхүүд (фото 1)

Рианна

Рианна 59 дэх удаагийн Грэмми наадам дээр карамель-улбар шар өнгийн долгионтой үстэй хүрэлцэн ирлээ. Нүдний гаднах булан хэсгээрээ бага зэрэг уусалттай будалт түүний ногоон өнгийн нүдтэй төгс зохицжээ. Харин түүний уруулыг нүүр хувиргагчид nude өнгөөр будаж, бүх анхаарлыг зөвхөн нүд рүү нь чиглүүлсэн байлаа.

«Грэмми-2017»: Сэтгэлд хоногшсон төрхүүд (фото 2)

Бейонсе

Шагнал гардуулах ёслолын гол дүрээр тодорсон дуучин Бейонсе өчигдөр тайзны зориулалттай, хэтэрхий бодит бус төрх бүрдүүлсэн ч үзэгчид сэтгэл дундуур үлдсэнгүй. Хөл хүнд хатан хаан хэлэхдээ, "Би үзэгчдийн өмнө Африкын бурхны дүрээр гарч ирж, эмэгтэй хүний байгалийн бүтэц, эхийн сэтгэлд хүндэтгэл үзүүллээ" гэсэн байна. Дуучин бүсгүйн толгой дээрх нарийн бүтэцтэй алтан чимэг, алтан хатгамалтай даашинз зэрэг нь smoky eyes будалттай хосолж, хамгийн сэтгэлд хоногшсон төрхүүдийн нэгээр тодорлоо.

«Грэмми-2017»: Сэтгэлд хоногшсон төрхүүд (фото 3)

Соланж Ноулз

Анх харахад түүний төрх нэлээд энгийн мэт санагдаж болно. Дээш шуусан үс, гөлгөр нүүрний арьс, nude өнгийн уруулын будаг зэрэг нь маш байгалийн төрх гаргаж байлаа. Гэхдээ сайтар анзаарвал Соланж өчигдөр хоёр өвөрмөц деталиар бусдаас онцгойрсон. Тэдгээр деталь нь түүний төгс хэлбэртэй хөмсөг ба давхрааны дээгүүр зурсан минимал аястай контур юм.

«Грэмми-2017»: Сэтгэлд хоногшсон төрхүүд (фото 4)

Лаверна Кокс

Америкийн жүжигчин ба "Эмми" шагналд нэр дэвшсэн анхны трансжендер бүсгүй болох Лаверна Кокс өчигдөр өөрийн график будалттай нүдээр олны анхаарлыг татлаа. Саарал өнгийн нүдний тень, театрын гэмээр тод контур ба гялалзсан наалтууд Коксыг дахин давтагдашгүй харагдуулж байлаа. Тэр нүдээ тодотгох үүднээс уруулаа nude өнгөөр будаж, үсээ гөлгөр самнан боожээ.

«Грэмми-2017»: Сэтгэлд хоногшсон төрхүүд (фото 5)

Кэти Перри

Дуучин бүсгүй цайвар шар өнгийн шинэхэн үсний өнгөөрөө олныг гайхууллаа. Бусдаараа бол Кэти Перригийн гоо сайхны төрх маш сонгодог шийдэлтэй болсон харагдлаа. Зөөлөн ягаан туяатай smoky eyes ба хүрэн улаан өнгийн уруулын будаг бол ямар ч нөхцөлд зохицох, хамгийн аюулгүй шийдэл юм.

«Грэмми-2017»: Сэтгэлд хоногшсон төрхүүд (фото 6)

цааш үзэх