
Энэ зуны маникюрын тренд: Бөмбөлгөн хээ
Харц булаам тод өнгөнүүд, сонирхолтой хээ хуар, гоёмсог чимэглэл гээд зуны улиралд зонхилдог маникюрын трендүүд үргэлж сэтгэл сэргэм, таатай мэдрэмжийг өгсөөр ирсэн билээ. Тэгвэл энэ зун хувцас загвар, нүүр будалт, аксесуар гээд бүхий л салбарт эрэлттэй байгаа нэгэн хэв маяг маникюрын ертөнцөд шинэ давлагаа үүсгэж байна. Энэ бол бөмбөлгөн хээ буюу polka dot маникюр юм.
Тухайлбал Хейли Бибер, Кайли Женнер, Дуа Липа зэрэг олон алдартнууд өөр өөрийн өнгө аястайгаар энэхүү маникюрыг хэрэгжүүлж, Instagram хуудснаа хуваалцсан нь олон нийтийн анхаарлыг багагүй татаж эхэлжээ. Мэргэжлийн маникюр артист Лимийн хэлснээр “Бөмбөлгөн хээ нь уламжлалт маникюрт 1960-аад оны мэдрэмж болон орчин үеийн сонирхолтой хэв маягийг нэмж өгч чаддаг. Тийм ч учраас хүмүүс энэ будалтад татагдаж байгаа хэрэг” хэмээн онцолсон байна.
Энэхүү маникюр нь харахад энгийн мэт санагдах боловч үнэндээ тун нарийн мэдрэмж шаарддаг. Мэдээж энэхүү будалтыг мэргэжлийн салонд хийлгэж болох ч гэрийн нөхцөлд мөн туршиж үзэх боломжтой. Ингэхдээ зүү, үсний хавчаар гэх мэт жижиг хэрэгслүүдийг ашиглаж хумсан дээрээ гоёмсог бөмбөлгөн хээг үүсгээрэй. Харин хэт шахуу, олон цэгүүд тавихаас зайлсхийж хумсны урт, хэлбэр зэргийг анхааран жигд хэмнэлтэй, цэмцгэр цэгүүд үүсгэж өгөхийг хичээгээрэй. Мөн хумсны суурь өнгийг цайвар ягаан, сүүн цагаан, тунгалаг өнгөнүүдээс сонголтоо хийж будвал будалт тань илүү минимал, зуны улиралд тохирсон харагдах болно.












