Хайх

Урлагийн ертөнцөд шинэ нэр: Шуугиан дэгдээж буй 10 настай зураач хүү Андрес Валенсиа

Урлагийн ертөнцөд шинэ нэр: Шуугиан дэгдээж буй 10 настай зураач хүү Андрес Валенсиа

Олны анхаарлыг татаж буй авьяаслаг залуу уран бүтээлч

Text: Buro.Mongolia


Урлагийн салбарт хамгийн нэр хүндтэй үзэсгэлэнгээр тооцогддог Art Basel Miami арга хэмжээ энэ жил арванхоёрдугаар сарын 2-4 өдрүүдэд Майами хотод амжилттай болж өнгөрлөө. Тус үзэсгэлэнгийн үеэр нэгэн зураач хүүгийн нэр бусдаас их сонсогдож, олны анхаарлыг татсан байна. Тодруулбал, Сан-Диего хотоос гаралтай 10 настай зураач Андрес Валенсиа Art Basel Miami үзэсгэлэнд өөрийн туурвисан сонирхол татам бүтээлүүдээ дэлгэж, гурван хоногийн дотор нийт 17 бүтээлээ борлуулж чаджээ. Түүний бүтээлүүдээс София Вергара, Жордан Белфорт зэрэг нэрт Холливүүдийн жүжигчид худалдан авцгаасан байна. Мөн жүжигчин Ченнинг Татум зураачийн амжилтад баяр хүргэж, түүний бүтээлүүдийн дэргэд зургаа даруулжээ. Мөн зураач хүүг зарим хэвлэлүүд “Шинэ Пикассо” хэмээн нэрийдэж эхэлсэн юм.

Урлагийн ертөнцөд шинэ нэр: Шуугиан дэгдээж буй 10 настай зураач хүү Андрес Валенсиа (фото 1)

Хүүгийн эцэг, эх цар тахлын үеэр түүнд том хэмжээний зургийн зотонгууд авч өгчээ. Үр дүнд нь Андрес “Chase Contemporary” хэмээх өөрийн буланг толилуулж, Art Basel Miami үзэсгэлэнгийн урьдчилан танилцуулга дээр түүний арван зураг тэр дороо зарагдаж дууссан байна. Андресийн мэдэгдсэнээр тэрээр дөрвөн настайгаасаа өөрөө зураг зурж сурсан бөгөөд урам зоригоо кубизм чиглэл болон Жорж Кондо, Пабло Пикассо зураачдын бүтээлүүдээс авдаг гэнэ. Мөн тэрээр том хэмжээний зотон дээрх зургуудаа шатаар авирч бүтээсэн байна. Хэвлэлүүдийн мэдээллэснээр Андресийн бүтээлүүд ойролцоогоор 5.000-20.000 ам.долларын үнэлгээтэй гэнэ.

“Би урлагийн ертөнцөд 30 орчим жил ажиллахдаа ийм залуу мөртлөө ийм авьяастай хүнийг хэзээ ч харж байсангүй. Урлагийн ертөнцийн үүрэг бол дараагийн агуу уран бүтээлчдийг олоход оршдог ба бид ийнхүү Андресийг олж чадлаа. Тэрээр 36 цагийн дотор дэлхийн хэмжээнд танигдаж чадсан” хэмээн Art Basel Miami-ийн гүйцэтгэх захирал Ник Корнилофф онцолсон юм.

Урлагийн ертөнцөд шинэ нэр: Шуугиан дэгдээж буй 10 настай зураач хүү Андрес Валенсиа (фото 2)
Урлагийн ертөнцөд шинэ нэр: Шуугиан дэгдээж буй 10 настай зураач хүү Андрес Валенсиа (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх