Хайх

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд

Минимализм, арт деко, хай-тек болон бусад

Text: Buro.Mongolia


Прованс

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 1)

Прованс дизайныг Францын кантри хэв маяг хэмээн мөн нэрлэдэг. Энэхүү стиль нь интерьер дизайны ертөнцөд хэзээ ч эрчээ алдалгүй ноёрхдог маш том чиг хандлагуудын нэг билээ. Маш хөнгөн, тав тухтай, энгийн байдлаараа алдартай прованс стилийн интерьерт мод, чулуу гээд зөвхөн байгалийн элемент ашиглагддаг. Мөн прованс хэв маягийг бусдаас онцолдог зүйл бол тавилга, гоёл чимэглэлийн зүйлс нь элэгдэж, хуучирсан мэт харагддаг. Гэхдээ бүх элемент нь цаанаасаа л ийм байх зориулалттай мэт хоорондоо зохицох ёстой юм.

Футуризм

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 2)

Футуризм урсгалын эцэг гэгддэг Филиппо Томазо Маринеттигийн хэлж байснаар техник, технологи нь уламжлалт урлагийн бүтээлүүдээс илүү чухал юм. Практикал байдал, хоосон орон зай, минимализм, төрөл бүрийн гаджет, технологи зэрэг нь футуризм хэв маягийг бүрдүүлдэг гол элементүүд билээ. Ингэхдээ ямар ч үйлдэл гүйцэтгэдэггүй, ердийн гоёл чимэглэлүүд уг хэв маягт зохицдоггүй байна. Мөн футуризм дизайнд функционал байдлыг чухалчилж, илүү дутуу зүйлгүй энгийн хэв маягийг онцолдог. Интерьерт хэрэглэдэг материалуудын хувьд ган, хром, шил, хуванцар зэргийг голчлон ашигладаг. Дотоод засалдаа футуризм хэв маягийг бүрдүүлэхийг хүсвэл аливаа шугамууд нь маш ойлгомжтой, тодорхой байх учиртай бөгөөд хөглөрсөн олон эд зүйлгүй орон зай бий болгох хэрэгтэй гэдгийг анхаараарай.

Минимализм

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 3)

Өнөө үед минимализм хэв маягтай танил биш хүн ховор биз ээ. Нэрнээс нь л харахад илүүдлийг үгүйсгэж, “Less Is More” уриаг баримталдаг хэв маяг болох нь ойлгомжтой байдаг. Товчхондоо бол минимализм стильд илүү гэсэн бүхнээсээ салж, орчин тойрноо аль болох зайтай, агаар ихтэй байлгахыг зорих хэрэгтэй. Мөн нэгэн чухал зүйлийг онцлоход, интерьертээ ашиглах тавилга, эд зүйлсээ авахдаа дор бүрнээ хэд, хэдэн функц гүйцэтгэдэг байхыг нь анхаарах хэрэгтэй юм. Тухайлбал, дотор нь эд зүйлсээ хадгалж болохуйц шүүгээтэй буйдан, эсвэл ваар болон бусад гоёл чимэглэлүүдээ хадгалж болох цэлгэр зайтай номын шүүгээ гэх мэт. Минимализмд байгалийн гаралтай эко материалууд хөнгөн цагаан болон ган материалтай төгс уусдаг. Харин өнгөний шийдэлд аль болох цагаан эсвэл саарал өнгийг ашиглавал зохистой билээ. Минимализмд ямар нэгэн байдлаар сэтгэл түгшээх хурц өнцөгтэй дүрс, зураг, хээг ашигладаггүй тул аль болох цулгуй, эсвэл тайван зурагтай гадаргууг сонгох нь зүйтэй. Хэрэв танд хэт нүсэр хийцтэй биш, энгийн хирнээ тухтай интерьер засал таалагддаг бол минимализмыг анхааралдаа аваарай.

Ампир

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 4)

Ампир стиль бий болсон нь Францыг томоохон эзэнт гүрэн болгохоор зорьсон домогт жанжин Наполеоны гавьяа юм. Тэрээр тансаг байдал, харгислал, түрэмгийлэл, бардам зан, байгалийн энгийн байдал зэргийг нэгтгэж чадсан юм. 19-р зуунд үүссэн энэхүү стиль сүр жавхлан, эд баялгийг төгс илэрхийлдэг ба ампир хэв маягт тод, хурц өнгийн гоёл чимэглэл, том хэмжээтэй буйдан, сандал, ширээ зэргүүд зонхилон илэрдэг. Ерөнхийдөө ампир хэв маяг эртний хаад, хатдын амьдарч байсан гайхамшигт барилга, хийц, гоёл заслыг санагдуулдаг билээ.

Эклектик

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 5)

Eccentric country буюу Английн хөдөө нутаг дахь байшинг санагдуулам байдлаар гэрээ тохижуулах нь сүүлийн үед тренд болоод байгаа билээ. Хээ угалз, декор, ханын цаас зэрэг төрөл бүрийн зүйлсийг нэг дор уусган бий болгодог энэхүү хэв маягийг өөрөөр мөн эклектик хэмээн нэрлэдэг. Хөдөө нутгийн байшин мэт уур амьсгал бүрдүүлэх энэ стиль нь тав тухтай мэдрэмж төрүүлэхээс гадна тухайн хувь хүнд өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх боломжийг олгодог юм. Эклектик хэв маягийг бүрдүүлэхэд шаргал, цайвар ягаан, ногоон өнгөнүүд туслах ба зөөлөн сандал, винтэж хэв маягтай гэрлийн чийдэн зэрэг хэрэг болно. Мөн модон тавилга, сүлжмэл декороос гадна хатаасан цэцэг ургамал, керамик ваар нь орчин тойронд байгалийн төдийгүй хээнцэр өнгө төрхийг нэмдэг байна.

Сонгодог

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 6)

Сонгодог хэв маяг нь дэгжин, сүр жавхлантай гэх үгсээр тодорхойлогддог. Энэхүү хэв маягийг бүрдүүлэхийн тулд ашиглагдах бүх материал, тавилга, дагалдах хэрэгсэл нь нэлээд өндөр түвшинд нийцэх ёстой юм. Жишээ нь тэр бүр орчин үеийн айл өрхөд ажиглагдаад байдаггүй багана, алт болон болор эдлэлүүд сонгодог интерьерийн дотоод засалд тохиромжтой харагддаг. Мөн сонгодог хэв маяг цэлгэр, том зайтай орчинд илүү зохицдог тул жижиг талбайтай байранд тийм ч тохиромжтой биш болов уу.

Модерн

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 7)

Хүмүүс байгаль дэлхийтэйгээ уусан нэгдэхийг хүсэн энгийн зүйлсийг таашаах болж, улмаар хувцас загвараас эхлээд гэрийнхээ интерьерийг хүртэл хээнцэр атлаа энгийн уур амьсгалтай эд зүйлсээр хүрээлүүлэх болжээ. XX зууны эхэнд дэлгэрч байсан модерн хэв маяг хүмүүсийн энэ хэрэгцээг төгс хангаж чаддаг учраас өнөөдрийг хүртэл дизайны ертөнцөд эрэлттэй хэвээр байна. Модерн стильд мод, гантиг, арьс зэрэг байгалийн элементүүд агуулсан материалууд болон ногоон, бор, шаргал, оюу зэрэг байгалийн өнгөнүүдийг хослуулж амар амгалан мэдрэмжийг бүрдүүлэх гэж зорьдог. Түүнчлэн байгалийн өнгө төрхийг дотоод засалдаа хэрэгжүүлнэ гэдэг нь масс зах зээлд зориулсан декор, чимэглэлээс татгалзаж, хэзээд ч үнэ цэнэтэй байх зүйлсээр эргэн тойрноо тохижуулан ухамсартай худалдан авалт хийх учиртай болохыг олон нэрт дизайнерууд онцолж байсан удаатай. Мөн заримдаа модерн хэв маяг нь янз бүрийн эрин үеийн элементүүдийг зоригтойгоор хольж, ашигладаг нь эклектик стильтэй төстэй байдаг билээ.

Арт деко

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 8)

Арт деко хэв маягийн цэвэр цэмцгэр, хээнцэр байдал нь "дэгжин тансаг" гэх үгсээр тодорхойлогддог. Арьс, мод, шил, хүрэл, даавуу, гантиг зэрэг материалууд төгс зохицлыг үүсгэснээр арт деко стилийг бүрдүүлдэг. Өнгөний хувьд бараан, хар эсвэл пастель өнгө давамгайлдаг. "Чинээлэг, тансаг мэдрэмж олгох хэдий ч тав тухтай уур амьсгалаар дүүрэн байх" нь арт деко стилийн баримталдаг гол зарчим юм.

Хай-тек

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 9)

Энэхүү хэв маягийг бусдаас ялгаж танихад огт хэцүү биш билээ. Интерьерийн нэгэн хэсэг болж тоноглогдсон төрөл бүрийн дэвшилтэт технологи, прагматик, ойлгомжтой, функционал байдал зэргүүд нь тус стилийн илэрхийлэл юм. Хай-тек интерьерийн гол элементүүд болох шил, металл, хуванцар, хүйтэн өнгө, цөөн тооны тавилга болон чимэглэл нь загварлаг лабораторийн уур амьсгалыг бий болгодог хэдий ч үүний зэрэгцээ мөн та тав тух, амгалан тайван мэдрэмжийг өгч чаддаг билээ.

Дорно дахин

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 10)

Дорно дахины хэв маягт ижил төсгүй хоёр чиглэл багтдаг нь Ази болон Араб чиглэлүүд юм. Араб стиль нь тансаг, нүсэр байдал, асар том хэмжээний тавилга, өнгөлөг хана, чимэглэлүүдээр тодорхойлогдоно. Нөгөөтээгүүр, Ази хэв маяг нь (ихэвчлэн Хятад, Японд давамгайлдаг) даруухан бөгөөд минималист билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх